Өсвөр насныхан дунд газ үнэрлэн мансуурах тохиолдол өнгөрсөн жилүүдээс 10 дахин өсчээ. Өнгөрсөн амралтын өдрүүдэд гэхэд Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт ЕБС-ийн хоёр хүүхэд ахуйн хэрэглээний газ үнэрлэн мансуурч байгаад цагдаад баригджээ. Ийнхүү өсвөр насныхан газ үнэрлэж мансуурах, цаашлаад амиа насаа алдах тохиолдол буурахгүй байна.
Тодруулбал, өнгөрсөн хоёрдугаар сард өсвөр насны гурван залуу ахуйн хэрэглээний газ үнэрлэж байгаад нэг нь амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Түүнээс гадна Сүхбаатар дүүргийн наймдугаар хороонд байрлах “Өргөө-2” кино театрт сурагчид газ үнэрлэн мансуурч байсныг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байна.
Судалгаагаар хүүхдүүд хар тамхи мансууруулах бодисны талаар үнэн зөв мэдээлэл авч чаддаггүй, хор хөнөөлийг нь мэддэггүйгээс уруу татагддаг нь тогтоогдсон. Хүүхдүүдийн үнэрлэж хордоод байгаа газ, цавуу нь хэрэглэсэн тохиолдолд амь насанд аюултай гэдгийг ч албаныхан болон судлаачид онцолж байгаа юм.
