Хаваржилт хүндэрсэн 6 аймгийн малчдад 2.4 сая ам.долларын тусламж хүргэнэ

2016 оны 04-р сарын 12 өдөр, 11 цаг 25 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

НҮБ-ын Хүн амын сан, Хүүхдийн сан болон Дэлхийн зөн Олон улсын байгууллагаас хаваржилт хүндэрсэн 6 аймгийн 45 сумын малчин өрхийн хүүхэд, эмэгтэйчүүдэд зориулсан 2.4 сая ам.долларын тусламжийн эд зүйлсийг ОБЕГ-т хүлээлгэн өглөө. НҮБ-аас охид, эмэгтэйчүүдэд зориулан 7962 ширхэг ариун цэвэр, эрүүл ахуйн багц хүргүүлж байгаа юм. Уг багцад ариун цэврийн хэрэглэл, дотуур хувцас, оймс, гар нүүрний саван, алчуур зэргээс гадна шүгэл, гар чийдэн нярай болон жирэмсэн, хөхүүл эхэд зориулсан олон найрлагат бичил тэжээлийн бэлдмэл багтжээ. Энэ нь гамшгийн үед эмэгтэйчүүдийн эрүүл ахуй, аюулгүй байдлаа хангахад туслах зорилготой юм. Одоогийн байдлаар 6 аймагт нийт 11 мянга 800 өрх хаваржилт хүндэрсэн бүсэд оршин сууж байгаа юм. Энэ удаагийн тусламж нийт 4390 малчин өрхөд хүрэх бөгөөд ОБЕГ-аас бүтээгдэхүүнийг аюулгүй тээвэрлэж малчдад шуурхай хүргэнэ гэдэгт итгэж байгаагаа НҮБ-ын Хүн амын сангийн Суурин төлөөлөгч Наоми Китахара онцлоод “Энэхүү тусламж бол НҮБ-ын зүгээс малчдад үзүүлж буй тусламжийн нэгээхэн хэсэг юм. Бид хаваржилт хүндэрсэн бүсийн 500 орчим жирэмсэн эмэгтэйчүүдэд төрхийн өмнөх нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлэхэд дэмжлэг үзүүлэн ажиллаж байна. Гамшгийн үед эмэгтэйчүүд хүчирхийлэлд өртөх нь их байдаг. Тиймээс Засгийн газар болон холбогдох албаны хүмүүст энэ асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна” хэмээв. НҮБ-ын тусламжийг 14 хоногийн дотор малчдын гарт хүргэх ажээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх