Австралийн хойд хэсэгт орших Папуа-Шинэ Гвиней улсын баруун мужид жижиг оврын нисэх онгоц газардах үедээ осолдсоны улмаас 12 хүн амиа алдсан байна гэж Австралийн албаны хүмүүс болон хэвлэлийнхэн мэдээлжээ. “Sunbird” агаарын тээврийн компанийн нисэх онгоц Киунга нисэх буудлын буух зурвасын хажууханд байх намагт унаж сүйрсний улмаас онгоцонд сууж явсан бүх зорчигчид болон нисгэгч болох Австралийн иргэн амиа алджээ. 2000 оноос хойш Папуа Шинэ Гвинейд 20 гаруй нисэх онгоц осолдсон байна. Тус улс уулархаг бүс нутаг оршдог учраас даваа нугачаа ихтэй, зам харгуй муутай учир онгоцоор аялах нь нэлээд эрсдэлтэй байдаг аж.
