Чөлөөт бөхийн мастеруудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг насны дөрвөн ангиллаар 4-р сарын 25-нд Буянт-Ухаа спортын ордонд зохион байгуулах гэж байгаа билээ. Олимпийн эрх олгох Дэлхийн анхдугаар тэмцээн болсон тэрхүү дэвжээнд 35-аас дээш насныхан залгуулан өрсөлдөхөөрөө онцлог юм. Тэд залуу халуун насандаа хичээллэсэн ид хаваа гайхуулж явсан хайртай спортынхоо дэвжээнд олон жилийн дараа эргэн гарахаар болсондоо ч сэтгэл өндөр байгаа аж.

Одоогоор Дэлхийн хошой мөнгөн медальт Б.Болд, О.Пүрэвбаатар, ДАШТ-ий хүрэл медальт Ц.Цогтбаяр нарын гавьяат тамирчид, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч А.Цэдэнсодном, Т.Сүхбаатар, 2013 оны ахмад бөхчүүдийн дэлхийн аварга Х.Цолмонбаатар, ахмад бөхчүүдийн дэлхийн дэд аварга Х.Нямдорж тэргүүтэй олон шилдгүүд тус тэмцээнд хүч үзэхээр мэдүүлгээ ирүүлжээ.
