Улаанбаатар хотын захирагч болон БСШУ-ны сайдын дэмжлэгтэйгээр Гүүглийн соёлын хүрээлэнд Монгол орны уламжлалт соёлын өв, ёс зан заншлыг харуулах зорилгоор Монголын Үндэсний Музей, Дүрслэх урлагийн музей, Богд хааны ордон музейг виртуаль хэлбэрээр байршуулжээ. Ингэснээр Монголын түүх соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон боломж нээгдэж байгаа юм. Энэ талаар Монголын Үндэсний Музейн бодлого төлөвлөлт, удирдлагын хэлтсийн дарга С.Сэрдамбаас тодрууллаа.
-Гүүглийн соёлын хүрээлэнд Монголын Үндэсний Музейг онлайн хэлбэрээр байршуулсан байгаа. Гүүглийн соёлын хүрээлэнгийн талаар манай уншигчдад танилцуулна уу?
-Монголын Үндэсний музейн захирлын 2015 онд БСШУ-ны сайдтай байгуулсан үр дүнгийн гэрээний томоохон ажлын нэг нь Гүүглийн соёлын хүрээлэнтэй хамтарч хэрэгжүүлсэн цахим мэдээллийн санд музейн үзмэр болоод танхимуудыг виртуаль хэлбэрээр оруулсан явдал юм. Гүүглийн соёлын хүрээлэн нь дэлхийн соёлын өвийг интернэт хэрэглэгчдэд ойртуулах улмаар өөрсдийнхөө соёлын өвийг онлайнаар дэлхийд сурталчлах боломжийг нээж өгч байгаа юм. Тус хүрээлэн нь 800-аад соёлын хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж 180 мянган уран бүтээл, 6 сая гаруй түүхийн зураг, бичлэг, гар бичмэл, бусад баримтуудыг байрлуулах мэдээллийн санг зохион бүтээсэн юм.
-Өөрийн улсын түүх соёлыг дэлхийн хүмүүст бодит мэтээр үзүүлэх боломжтой гэж ойлгох уу?
-Тэгэлгүй яахав, Манай улсын гурван музейн үзэсгэлэн, үзмэрүүд онлайн хэлбэрт байршсанаар Монголын баялаг өв соёл болоод түүхийг дэлхийн ард түмэн судалж, мэдэх боломж бүрдэж байгаа юм. Дэлхийн өнцөг булан бүрээс хүмүүс музейг цахимаар үзнэ гэдэг нь бид дэлхийн технологитой хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг.
-Энэхүү хүрээлэнтэй хамтарч ажиллахад ямар шаардлага, шалгуурыг тавьдаг вэ?
-Гүүглийн соёлын хүрээлэнгээс Монголын гурван том музейг сонгосон учир нь манай улс орны онцлог, төрийн түүхийг харуулахын тулд Монголын үндэсний түүхийн музейг сонгосон бол түүхэн үзмэр, үзэгчдийн сонирхлыг татах үүднээс Богд хааны ордон музейг, Монголын төр нийгэм, шашин соёлын гол төлөөлөгч, анхдугаар Богд Занабазарын дэлхийд алдартай бүтээлийг сонирхуулахын тулд Дүрслэх урлагийн музейг сонгосон болов уу гэж ойлгож байна.

-Монголын Үндэсний музейн хэчнээн үзмэрүүд Гүүглийн соёлын хүрээлэнд байршсан, мөн онлайн музейг үзэхийн тулд ямар хаягаар нэвтрэх ёстой вэ?
-Манай музейн байнгын үзэсгэлэнгийн 7 танхимыг цахим галлерей үзэсгэлэнгээр мөн 80 гаруй үзмэрийг тайлбартайгаар Гүүглийн соёлын хүрээлэнгийн цахим санд нээлттэйгээр байршуулсан. Манай музейн хувьд жилдээ 80 мянга гаруй үзэгч хүлээн авч үйлчилдэг үндэсний хэмжээний музей юм. Энэхүү төслийн дүнд манай улсыг зорих дэлхийн аялагчид, жуулчлагчдын тоо нэмэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Цахим музейг үзэхдээhttps://www.google.com/culturalinstitute/browse/mongolia хаягаар ороод хайлтын систем дээр сонгож үзэхийг хүссэн музейн нэрээ бичээд цааш нэвтрэх юм.
-Өдөрт хэчнээн хүн тухайн музейг үзсэн гэх хандалтын тоог харах боломжтой юу?
-Одоохондоо боломжгүй. Гэхдээ энэ зун үр дүн нь тодорхой хэмжээгээр харагдах байх гэж бид бодож байгаа. Тухайлбал, Монголыг зорин ирэх жуулчдын тоог өмнөх онтойгоо харьцуулан гаргана. Бусад орны тухайд жуулчдын тоо нь 20-25 хувиар нэмэгдсэн байдаг.
-Гүүглийн соёлын хүрээлэнд Монголын музейн үзмэр, мэдээллийг оруулснаар гарах үр дүнг хэрхэн харж байна вэ?
Олон эерэг үр дүнг авчирна гэдэгт найдаж байна. Тухайлбал, Монгол улс, монголын түүх соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах томоохон эх сурвалж болно. Монголын музейнүүд Гүүглийн соёлын хүрээлэнд нэгдсэн дэлхийн бусад орны музейнүүдтэй харилцах боломж нээгдсэн. Мөн олон мянган жилийн түүхтэй Монгол орны талаарх сонирхлыг нь нэмэгдүүлж бодитоор нь үзэх хүслийг төрүүлснээр манай улсыг зорих гадны орны иргэдийн аялал, жуулчлал нэмэгдэх зэрэг олон давуу талтай юм. Цаашид Гүүглийн соёлын хүрээлэн нь Нэгдсэн үндэсний байгууллагатай хамтран дэлхийн түүхийн хичээлээр Монгол улсын талаарх түүх, соёлын тухай ойлголтыг манай гурван музейн оруулсан мэдээлэлд үндэслэн хичээлийн хөтөлбөрт ашиглах төсөл хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа талаар бидэнд мэдэгдсэн. Хэдийгээр Монгол оронд ирж чадахгүй ч гэсэн дэлхийн хаанаас ч Монгол орны түүх, соёлыг мэдэх боломжтой гэдгээрээ хамгийн том давуу тал болж байгаа юм.
“Түүхээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчин лугаа адил” гэдэг. Тэгвэл орчин үеийн залуучууд маань түүх, соёл, өв уламжлалаа хэр мэддэг вэ, таны бодлоор?
-Залуучуудын түүхийн мэдлэгийг дээшлүүлэхийн тулд манай музей бүх их дээд сургуулиудын нэгдүгээр курсын оюутнуудын үзэж буй “Монголын түүх, ёс заншил” хичээлийн нэг цагийг албан ёсоор музейд хичээллэж байх талаар БСШУЯ-нд хүсэлт хүргүүлсэн. Мөн дунд сургуулийн түүхийн хичээл үзэж буй 10 дугаар ангийн сурагчдыг хичээлийн жилд Монголын Үндэсний Музейг үнэгүй үзүүлэх хүсэлтийг хүргүүлсэн. Энэ нь “мянга сонсохоор нэг үз” гэдэг шиг онол, практикийг хослуулах нь хүүхэд, залуучуудыг эх оронч сэтгэлгээтэй болгох, түүх, соёлоороо бахархах үзлийг төлөвшүүлэхэд илүү үр дүн үзүүлнэ гэж бид үзэж байгаа юм.
-“АСЕМ”-ийн дээд хэмжээний уулзалтыг манай улс зохион байгуулах бэлтгэл ажлаа аль хэдийн эхлүүлсэн. АСЕМ-аар ирэх зочид, төлөөлөгчдөд өөрийн орны түүх, соёлыг сурталчлах боломж давхар олдох болов уу?
-Тийм ээ. Энэхүү дээд хэмжээний уулзалттай холбогдуулж Монголын 4 том музейн танилцуулгыг хэвлүүлэх зэрэг ажлуудыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр хийж байна. Монголын Үндэсний Музейн хувьд АСЕМ-д зориулан түр үзэсгэлэнгүүдийг 2-р сараас эхлэн гаргаж байна. “Хөөрөг,даалин” үзэсгэлэн 2-р сард гарсан бол энэ сард “Монгол тамга” үзэсгэлэн гараад дуусч байна. Ирэх 6-р сард “Монголчуудын өв соёл, Монгол нум” нэртэй үзэсгэлэн гарах бол 7-р сард “Монгол адууны өв соёл” үзэсгэлэн тус тус гарна. Мөн манай музей АСЕМ-д зориулан Англи, Орос, Монгол хэлээр тайлбарлах 15 тайлбарлагч бэлдэн ажиллаж байна.
Ярилцсанд баярлалаа.
Ш.Адъяамаа
Эх сурвалж:Breakingnews.mn
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
Нийслэлийн 30 дугаар сургуулийг 10 дугаар сарын 1-нд ашиглалтад оруулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 95 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хар хулгана өдөр
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
