Төрийн ордонд УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдаж эхлээд байна. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр намын бүлгүүд жагсаалтаар сонгогдох нь Үндсэн хуулийг зөрчсөн гэж дүгнэсэн Үндсэн хуулийн цэцийн шийдвэртэй холбоотой асуудлыг хэлэлцэж байгаа бололтой.
Энэ сарын 22-нд хуралдсан Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар жагсаалтаар сонгогдож УИХ-ын гишүүн болох нь Үндсэн Хуулийг зөрчсөн байна гэх шийдвэрийг гаргасан. Өөрөөр хэлбэл жагсаалтын ард нуугдаж “оймс”-нд хавчуулагдан УИХ-ын гишүүний сэнтийд залрах боломжгүй, УИХ-ын 76 гишүүнийг ард иргэдийн саналаар сонгох болж буй юм.
УИХ-аас цэцийн шийдвэрийг хүлээн авбал Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орно. Хүлээж авахгүй тохиолдолд Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм.
