Өчигдөр болж өнгөрсөн явдал өнөөдөр уран сайхны кино болж дэлгэцнээ амилах нь техник, технологи хөгжсөн энэ эрин үед ерийн явдал мэт боловч манай орны хувьд хувь заяаны эргэлт болсон түүхэн үйл явдлын тухай улс төр, нийтлэлийн кино бүтээх нь эрдэм ухаан, авьяас билэг, эрч хүч шаардсан эрхэм үйлс юм. “Хүмүүн фильм” уран бүтээлийн нэгдлийн бүтээл “Бүү март” уран сайхны кино үзэгч олны анхаарлыг татаж, талархлыг хүлээх гол шалтгаан нь 1970-1990 оны үйл явдлыг үнэн зөв, уран сайхны өндөр түвшинд бүтээсэнд оршино. Ер нь кино уран бүтээлчид кино сайн болох үндсэн шалтгаанаа “Нэгдүгээрт зохиол, хоёрдугаарт зохиол, гуравдугаарт зохиол” гэж тодорхойлдог. Энэ ч үүднээс авч үзвэл “Болор цом”-ын эзэн, яруу найрагч Жамьянгийн Мөнхбат кино зохиол дээрээ судалгаа сайтай, нягт нямбай ажилласан нь ажиглагдаж байна. Киноны үйл явдалд оролцож байгаа гол баатруудын зарим нь сэрүүн тунгалаг, тэнгэрийн орноо одсон бусдынх нь хань ижил, үр хүүхэд, ач зээ, хамаатан садан олон нь амьд мэнд ажиллаж бүтээж байгааг бид мэднэ. Ийм үед өөрийн дотнын хүнээ дэлгэцнээс харах нь эмзэг асуудал. Юуны урд энэ давааг уран бүтээлчид чадварлаг давсан нь кино зохиолыг /ялангуяа улс төрийн товчооны хурлын үед гишүүдийн хэлсэн санал, шүүмжлэл/ нэлээд судалгаатай хийсний ач буян гэж үзэж болох юм. Тухайн үеийн улс төрийн товчооны өргөтгөсөн хурлын протокол дээр тулгуурлаж киноны диалогийг хийсэн нь үнэмшилтэй болж киноны баримтат уран сайхны талыг сүрхий өргөж өгсөн байна. Энэ бол зохиолчийн өмнөх бүтээл “Долоон бурхан харвадаггүй” кинон дээр ч анзаарагдаж байсан сайн тал юм. Киноны гол баатар Монгол Ардын Хувьсгалт Намын Төв Хорооны Ерөнхий Нарийн бичгийн дарга, Ардын их хурлын тэргүүлэгчдийн дарга Жамбын Батмөнхийн дүрийг Дархан хотын “Залуучууд” театрын жүжигчин Насангийн Төмөрбат агсан амжилттай сайн бүтээлээ. Харамсалтай нь энэ сайхан уран бүтээлч өөрийн бүтээсэн эрхэм дүрийг тайзнаас харж чадаагүй нь үзэгч бидний хувьд ч сэтгэл эмзэглүүлсэн үйл явдал байлаа. Кино зургийн 80-90 орчим хувийг авч дууссаны дараа гол дүрийн жүжигчин бурхны орноо одож орлон тоглогч Д.Энхбаатар гүйцээн тоглосон нь ялгараад байхааргүй болсныг кино багийн уран бүтээлчид ялангуяа найруулагч, зураглаач, нүүр хувиргагч нарын хамтын ажлын үр дүн гэж үзэх ёстой. Ийн хоёр хүн тоглосон Ж.Батмөнхийн дүр хэн хүний сэтгэл зүрхэнд бүлээн дулаан дурсагдан үлдэх түвшин сайхан хүний дүр болон мөнхөрлөө. Ер нь 1974-1990 он хүртэл БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн дарга, МАХН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн дарга явсан энэ ухаалаг дөлгөөн хүн улс орныг 16 жил тасралтгүй удирдахдаа ард түмний гүн хүндэтгэлийг хүлээсэн юм. Цагаан морин жил буюу 1990 онд өрнөсөн ардчилсан хувьсгалын өдрүүдэд энэ хүн хүлээцтэй байж тухайн үеийн ардчилсан холбооны гишүүн залуусыг өөрийн үр хүүхэд мэт үзэж, МАХН-ын төв хороо, түүний улс төрийн товчоо бүрэн бүрэлдэхүүнээрээ огцрох онцгой шийдвэр гаргаснаараа энэ цагийн ардчилсан хувьсгалыг өлгийдөж авсан ачтан гэж хэлж болно. Чухам энэ хүний буянд л Монгол Улс 1990 онд нэг хүний хамраас ч цус гаргалгүй хувьсгал хийж, нэг нийгмээс нөгөө нийгэмд шилжин орсон гэж дэлхий дахин бахархах алхмыг хийж чадсан билээ. Энэхүү түүхэн үйл явдал, түүхэн гавьяаг өнөөдөр “Бүү март” хэмээн сануулж буй нь кино уран бүтээлчдийн өмнөө тавьсан гол зорилго гэж хэлж болно. Зорилгоо ч ухаалаг зөв шийдэл, үнэмшилтэй түвшин тоглолт, чадварлаг уран эвлүүлгээрээ биелүүлж чадлаа. Тэд Жамбын Батмөнх гэдэг хүний дүрийг Монголын үзэгчдийн сэтгэлд бүлээн, дулаан дурсамж болгон үлдээж чадлаа.
Үүний хамт тухайн үед улс орны хувь заяаг үүрэлцэж явсан Дэмчигийн Моломжамц /МУСТА Ц.Эрдэнэбат/, Бугын Дэжид /МУСТА Л.Баярсайхан/, Түмэнбаярын Рагчаа /МУСТА Пүрэвсүрэн/, Паавангийн Дамдин /МУСТА Ш.Мөнх-Од/, Цэрэмпилийн Гомбосүрэн /МУСТА Баянзул/ нар тодорхой хэмжээнд өөрт ногдсон дүрийг амжилттай бүтээж өчигдөрхөн болсон мэт санагдах үйл явдлыг өнөөдрийн залууст үнэн мөнөөр нь хэлж өгөх шиг санагдлаа. Монгол төрийг 20 шахам жил удирдан жолоодож, социализм байгуулж коммунизмд орох замаас гаргаж өнөөгийн ардчилалд хүргэсэн Жамбын Батмөнх гуайн хувийн амьдралыг тэр бүр бид мэддэггүй билээ. Түүний насны хань А.Дариймаа гуайн дүрийг МУГЖ Б.Тунгалаг эвлэг зөөлөн бүтээж энэ киноны уянгын нэгэн өнгө аясыг бүрдүүлж өглөө. Дээр нэгэн цагт Ерөнхий сайд асан Анандын Амар “Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу” гэж хэлсэн юм гэнэ билээ. Энэ үг Ж.Батмөнх гуайн хувьд ч давтагдаж төр төмөр нүүрээ харуулсан гунигт өдрүүд байсныг ч уран бүтээлчид эвтэйхэн үзүүлсэн байна. Ж.Батмөнх алба ажлаа өгчихөөд гэртээ ирэхэд Их тэнгэрийн амны байрыг аль хэдий нь хурааж авсан тул Дамбадаржаад гэр барьж суусан үнэнийг ч аятайхан эвий нь олж харуулжээ. Хэдийгээр бид өчигдөрхөн болсон хэрэг явдал гэж ярьж байгаа боловч өнөөдөр 26 настай залуучууд энэ хувьсгалын тухай тодорхой ойлголтгүй явж байгаа алдааг энэ кино залруулж өглөө. Юутай ч баримтат дүрүүдийн хувьд кино уран бүтээлчид ялангуяа зохиолч Ж.Мөнхбат, найруулагч А.Мөнхсүх нар амжилттай ажиллав.
“Бүү март” киноны эсрэг талын дүр гэж болох ганц хүн бол Гомбо генерал юм. Онц сонирхолтой энэ дүрийг Ардын жүжигчин Г.Мягмарнаран гялалзтал бүтээлээ. Энэ дүр уг киноны үйл явдлын эрчмийг ихэд хурцалж “Одоо яах бол” гэсэн эргэлзээ түгшүүр нь үзэгчдийг барьж чадсан юм. Гомбо генералын охин Туяагийн дүр /О.Анужин/ киноны салангад гэж болохоор үйл явдлын гол хэлхээс болж, сэтгэлт залуу Ялалтын хамт улс төрийн шугам хийгээд уянгын шугамыг урнаар нийтгэж өгөх шиг боллоо. Ингэснээр энэ кино залуу үзэгчдийг татах оньсыг зөв олов бололтой. Энэ бидний цаг үед эх орны өмнө гавьяа байгуулсан өвгөдийн хөшөө рүү буудахаа болье гэхэд “сарьдаг” залуус цөөнгүй бий. Ийм үйл явдлаар кино эхэлсэн нь зохиолч, найруулагчдын хувьд зөв шийдэл болсон шиг байна. Тэдний нүдийг нь хөхөртөл алгадаж, бууг нь булааж аваад сэргийлэхэд цуг очсон өвгөн Ялалтын дүр /МУСТА Г.Золбоот/ үнэмшилтэй, үлгэрлэлтэй төрхийг, ер нь өнөөдөр бидний дунд үгүйлэгдэж байгаа үнэнийг шулуухан хэлчихдэг тулхтай өвгөдийн дүр болж чадлаа. Ингээд бодвол баримтат дүр болоод уран сайхны дүрийн хоорондын харьцаа, харилцан шүтэлцээ сайн бодож хийсэн нарийн нягт драм болон өрнөж тэртээ 1990 оны хувьсгалыг хэн нэгэн өмчлөх эрхгүй гэдгийг нотлон харуулж, учирлан өгүүлж байгаа “Бүү март”-ыг бүү март гэж хэлмээр байна. Улс төрийн өнгө аяс бүхий ийм даацтай уран бүтээл Монголын кино урлагт үгүйлэгдсээр байсныг байн байн алга таших үзэгчдийн талархал, үе үе нулимсаа арчих олны эмзэглэл илүү тайлбаргүй бидэнд хэлж өглөө. Эцсийн эцэст би ч гэсэн“Бүү март”-ыг бүү март гэж хэлье.
Дамбын Төрбат
/Төрийн шагналт,
Соёлын гавьяат зүтгэлтэн/
435 борлуулалтын цэгээр 280,000 тонн хагас коксон түлшийг айл, өрхүүдэд борлуулна
Шинэ уран бүтээл: Дуучин М.Янжиндарь “Аргамжаа”
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
УИХ-ын дарга С.Бямбацогт “Хар жагсаалт”-ын асуудлыг цэгцлэх чиглэлээр Монголбанкны удирдлагад 30 хоногийн хугацаатай үүрэг өглөө
Хаврын ээлжит чуулганы хугацаанд Улсын Их Хурлын гишүүдээс 16 асуулт, 27 асуулга тавьжээ
Б.Пүрэвдагва: “Сэлбэ” төслийг амжилттай хэрэгжүүлж, энэ жишгээр гэр хорооллыг орон сууцжуулна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 44 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр хөх луу өдөр
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Зуншлага нийт нутгийн 50 гаруй хувьд сайн байна
Улаанбаатарт өдөртөө +26 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар мэдээлэл хийлээ
Усны ослын 84 удаагийн дуудлагаар 45 иргэний амь насыг авран хамгаалжээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Тажикистан Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийнэ
Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
