Өнөөдөр генералуудын өдөр тохиож байна

2016 оны 04-р сарын 28 өдөр, 09 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Жил бүрийн дөрөвдүгээр сард цэргийн дээд генерал цол олгож эхэлсэн өдрийг тэмдэглэж, төр засаг алтан мөрдөстөн генералууддаа хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай билээ. Анх 1944 оны 4 дүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд генерал хэмээх цэргийн дээд цол олгосон түүхтэй.

Анх 1944 оны дөрөвдүгээр сарын 28-нд БНМАУ-ын Ардын сайд нарын зөвлөлийн тогтоолоор Ю.Цэдэнбал, Ж.Лхагвасүрэн нарт дэслэгч генерал цол, есөн офицерт хошууч генерал цол олгож байжээ. Монгол Улсын генералуудын түүхэн цадигаас сонирхолтой баримтуудыг дурдвал, тэдний дунд улсын маршал 3, армийн генерал 2, хурандаа генерал 8, дэслэгч генерал 18, хошууч генерал 109, бригадын генерал цолтон 32 төрсөн байдаг. Хамгийн өндөр настан нь чөлөөнд байгаа хошууч генерал Т.Алтангэрэл 97 настай бол хамгийн залуу нь Мотобуудлагын тусгай бригадын захирагч, бригадын генерал, 42 настай Л.Онцгойбаяр ажээ. Дашрамд дурдахад, маршал Ю.Цэдэнбал 1944 онд 28 настайдаа генерал болж байв. Генералуудаас Улсын их хурал, Засгийн газрын гишүүн, сайд, дэд сайд зэрэг төрийн дээд албан тушаал хашсан 14 хүн байдаг. 1939 оны Халхын гол, 1945 оны Чөлөөлөх дайнд оролцсон генерал бол Т.Алтангэрэл гуай юм. Завхан аймгаас хамгийн олон генерал буюу 18 алтан мөрдөстөн төрсөн байдаг бол Говь-Алтайчууд генералынхаа тоогоор хоёрдугаарт ордог байна. Генералын хүүхдүүдээс офицер олноор төрсөн ч генералын хүү генерал болсон нь хурандаа генерал Б.Цогийн хүү хошууч генерал, техникийн шинжлэх ухааны доктор Ц.Геннадий юм.

Генерал цол бий болсны 72 жилийн ой, генералуудад хүндэтгэл үзүүлэх энэ жилийн арга хэмжээг Онцгой байдлын ерөнхий газар хариуцан зохион байгуулж байна. Генералуудад хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр буюу 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 11.00 цагаас Чингисийн талбайд эхэлнэ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх