Шийдлийн засгийн газрын хувь заяа яаж шийдэгдэх вэ

2016 оны 05-р сарын 09 өдөр, 10 цаг 35 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Өнгөрөгч долоо хоног улс төрийн амьдрал  бужигнаж өнгөрлөө . УИХ дахь эвслийн бүлгийн нэр бүхий гишүүд хуучин бууриа эргэхээр шийдэцгээсэн. Өдгөөгөөс дөрвөн жилийн өмнө Монголд шударга ёс үгүй болж өнгө мөнгөтэй эрх мэдэлтэй бүхний  хууль бөхийдөг болсныг зарлаад намаасаа гарч МАХН-д элсэж байсан Д.Тэрбишдагва ,Ч.Улаан нар МАН-д элсэхээ мэдэгдсэн. Ердөө маргааш нь л М.Сономпил, Н.Батцэрэг нар МҮАН-аас гарч АН-д элсэх хүсэлтээ албан ёсоор илэрхийлсэн. Ингээд Намбарваны үнэнч фанатууд л эвслийн бууриа сахиж үлдсэн. Нөхцөл байдал нэгэнт ийм болж  бууриа сахиж үлдсэн үнэнч фанатууд бүлгийн зарчмаар ажиллах боломжгүй  болж О.Баасанхүү гишүүн долоо хоног бүлгийн даргаар ажиллсан гэдгээрээ парламентын түүхэнд үлдэж байгаа юм .

АН-д элсэх хүсэлтээ илэрхийлсэн МҮАН-ын хоёр , ИЗНН-ын хоёрыг тус тус засагт оруулах МАХН-ын дөрвөн сайдыг төрхөмд нь буцааж засгаа авч үлдэх тохироог эрх баригчид хийсэн бололтой .

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Н.Батцэрэгийг Байгаль орчин ногоон хөгжлийн яамын сайд хэвээр нь үлдээж  М.Сономпилд МАХН-ын хариуцаж буй дөрвөн яамны нэгний сайдын суудал өгнө.  МАХН-ын сайдуудыг төрхөмд нь  буцааснаар ор гарсан гурван сайдын суудалд. М.Сономпил, С.Оюун, С.Дэмбэрэл нарт Шадар сайд, Батлан хамгаалахын сайд, Барилга хот байгуулалтын сайдын суудлыг өгнө.

Одоогийн байдлаар УИХ-д АН-ын 35 гишүүн дээр өнгөрөгч 7 хоногт АН-д эргэн ирэх хүсэлтээ гаргасан М.Сономпил, Н.Батцэрэг нарыг нэмээд  37 гишүүн үүн дээр ИЗНН-ын хоёр гишүүнийг нэмбэл засаг эрх зүйн чадамжтай болно.

Үүссэн өхцөл байдлыг эрх баригчид тайлбарлахдаа засгийг бүрдүүлэгч субьект тарсан ч  эвсэлтэй байгуулсан гэрээ хүчин төгөлдөр байгаа учраас засаг унахгүй гэж мэдэгдээд байгаа. Эрх баригчидын хийсэн энэ тохироо үнэн бол  унасан хүүхэд ууртай гэгчээр УИХ-ын гишүүн Шударга ёс эвслийн бүлгийн дарга асан О.Баасанхүү Засгийн газрыг огцруулах гарц хайж олох нь бараг тодорхой биз.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх