Шатахууны татварыг тэглэснээр 2016 оны хаврын тариалалтад шаардагдах 6.5 мянган тонн дизель түлшийг тариаланчид нэг тонныг нь бөөнөөр 830 төгрөг, жижиглэнгээр 1230 төгрөгөөр худалдан авах нөхцөл бүрдэнэ хэмээн ХХААЯ-наас мэдээллээ. 2016 оны хаврын тариалалтыг технологийн хугацаанд хэвийн явуулахад шаардагдах дизель түлшний импортын онцгой албан татварыг тэглэх асуудлыг шийдвэрлэсэн. Газар тариалангийн салбарт жилд дунджаар 20 мянган тонн дизель түлш зарцуулагддаг гэсэн тооцоо бий. Энэ жил улсын хэмжээнд 322.9 мянган га-д үр тариа, үүнээс 301.5 мянган га-д улаанбуудай тариалж, 328.0 мянган га-д чанар сайтай уринш боловсруулж бэлтгэн 386.3 мянган тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бөгөөд хаврын тариалалтад 6.5 мянган тонн шатахуун зарцуулагдах аж. Импортын шатахууны онцгой албан татварыг тэглэснээр улаанбуудайн өөрийн өртөг 190 орчим мянган төгрөгөөр буурч, аж ахуйн нэгж, иргэдийн санхүүгийн чадамж сайжрах нөхцөл бүрдэх төдийгүй 2016-2017 онд буудай, гурилын хэрэгцээгээ дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангах боломжтой хэмээн албаныхан хэллээ. Дизель түлшний импортын онцгой албан татварыг 6 дугаар сарын 20-ны өдрийг хүртэлх хугацаанд “Сүхбаатар”, “Эрээнцав” боомтуудаар тус тус импортлоход тэглэнэ. Ийнхүү импортын түлшний албан татварыг тэглэсэн нь газар тариалангийн салбарт анх удаа тариаланчдад татваргүй түлш хэрэглэх боломжийг олгожээ.
Тариаланчид татваргүй шатахуун хэрэглэнэ
2016 оны 05-р сарын 10 өдөр, 14 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
