Замын-Үүдийн гаалийн нийт 159 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө орлогын мэдүүлгийн бүрдүүлэлтэд хяналт шалгалт хийхэд 159 алба хаагчаас 35 нь их хэмжээний орлогын өөрчлөлтөө нуун дарагдуулсан нь нотлогджээ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 250 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгийг их хэмжээний гэж хуулинд тодорхойлсон байдаг. АТГ-аас 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Гааль, татварын ерөнхий газрын нэр бүхий гаалийн улсын болон ахлах байцаагч нар албан үүргээ гүйцэтгэх явцдаа бусдаас хээл хахууль авч байхад нь баривчлан саатуулж, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268, 269 дүгээр зүйлд зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн, холбогдох байцаан шийтгэх ажиллагааг явуулсан байдаг. Хэрэг мөрдөн байцаалтын шатанд яваа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж. Гаалийн хяналтын бүсүүдэд хяналтын камерын тусламжаар гаалийн улсын байцаагч нарын үйл ажиллагааг хянах нөхцөл боломж муу, гаалийн улсын ахлах байцаагч нарын өрөө нь гаалийн улсын байцаагчаас тусдаа байрладаг, өрөөнд нь хяналтын камергүй байгаа нь үйлчлүүлэгчтэй ганцаарчлан уулзах боломжийг бүрдүүлсэн гэж АТГ-аас дүгнэж байна.
