АСЕМ-ын дээд түвшний 11 дэх уулзалтын хүрээнд “АСЕМ-ын Загвар чуулган 2016” чуулганыг ASEF буюу Ази, Европын сан, Гадаад хэргийн яам, Монголын залуучуудын Холбоо хамтран зохион байгуулахаар болсон билээ. Ерөнхий зохион байгуулагчаар Монголын залуучуудын Холбоо ажиллах ажиллаж байгаа бөгөөд чуулганы бэлтгэл ажил эрчимтэй явагдаж байна. Энэ хүрээнд Гадаад хэргийн яамтай ажлын хэсгийн уулзалтуудыг тухай бүрт зохион байгуулж, чуулганы бэлтгэл ажлыг хангахын зэрэгцээ чуулганд оролцогчдын бүртгэл үргэлжилж байгаа аж.
Чуулганд 18-30 насны англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй хурал зөвлөгөөнд оролцож байсан залуусыг сонгон шалгаруулж, оролцуулах юм. Одоогийн байдлаар 300 гаруй Монгол оюутан онлайнаар бүртгүүлсэн байна. Мөн МУИС, ШУТИС, MIU зэрэг томоохон их дээд сургуулиудын гадаад оюутнуудыг бүртгэж эхлээд байгаа аж.
Загвар чуулганд 51 орны нийт 150 төлөөлөгч оролцоно. Чуулганы бүртгэл энэ сарын 13-ны өдрөөр дуусгавар болж байгаа бөгөөд хугацаанаас өмнө амжиж бүртгүүлэхийг зохион байгуулагчид санууллаа.
Дашрамд сонирхуулахад, АСЕП-ийн Боловсролын хэлтсийн төслийн удирдагч Натали Сайда 2016. 05. 14-19-ний хооронд Монгол Улсад айлчлах үеэрээ АСЕМ-ын Загвар Чуулган-2016, АСЕП-ын Зуны хөтөлбөрийн бэлтгэл ажлын явцтай танилцан, хамтран ажиллах байгууллагуудтай уулзалт хийх, зохион байгуулалтын зааварчилгаа өгөхөөр болжээ.
