Абе Путин хоёр Курилын арлуудын асуудлаар Монголд тохиролцоонд хүрч магадгүй  

2016 оны 05-р сарын 11 өдөр, 13 цаг 54 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Японы Ерөнхий сайд Шинзо Абе Сочи хотноо энэ сарын эхээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинтэй хэлэлцээ хийснийхээ дараа Курилийн арлуудын асуудлыг шийдвэрлэх яриа хэлэлцээг үргэлжлүүлэхээр тохиролцсон талаар “Kyodo” агентлаг уламжилжээ.

“Japan today”-д мэдээллэснээр, хоёр орны удирдагч ирэх долдугаар сард Монгол Улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзаж, маргаантай арлуудын асуудлыг хэлэлцэх магадлал өндөр байгаа аж. Тодруулбал, Шинзо Абе Путинд ирэх долдугаар сард Монгол улсад болох АСЕМ-ийн дээд хэмжээний уулзалтын үеэр уулзана гэдэгт найдаж байгаагаа илэрхийлсэн талаар “Japan today” мэдээллэжээ. Мөн ирэх есдүгээр сард Хятадад болох “Их-20”-ын уулзалт, аравдугаар сард болох Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтын үеэр уулзах боломжтойг санал болгосон талаар албаны эх сурвалж хэлсэн байна.

КУРИЛЫН АРЛУУД

Монгол Улс энх тайвны төлөөх санаачлагын дор энхийн зуучлагчийн үүргээ гүйцэтгэж, идэвхтэй, нээлттэй гадаад бодлогоо улам бүр бэхжүүлэхийг эрмэлзсээр буй. Манай улсын үүд хаалга үргэлж нээлттэй байж, бүс нутгийн хийгээд олон улсын асуудлаархи аливаа яриа хэлцээнд оролцсоор байдаг. Өөрөөр хэлбэл НҮБ-д Монгол Улсын нэр хүнд өндөр байдаг нь Хойд, Өмнөд Солонгос, Японы төлөөлөгчдийн “болзох” найдвартай газраар нэрлэгддэг, бодит арга хэмжээ авч зуучлагчийн үүргээ сайтар гүйцэтгэдэгтэй холбоотой хэмээн албаны эх сурвалжууд хэлдэг.

Ирэх зургадугаар сард ОХУ-ын ерөнхийлөгч Путин, Японы ерөнхий сайд Шинзо Абе хоёр газар нутгийн маргаантай асуудлаар эхний уулзалтаа хийхээр тохиролцжээ. Путиний хувьд Абэг есдүгээр сард Владивостокт болох Алс Дорнодын Эдийн Засгийн чуулганд урьсан талаар гадны хэвлэлүүдэд онцолсон билээ.

1945 оны наймдугаар сард Зөвлөлтийн арми япончуудын Хойд газар нутаг, оросуудын Курилын арлууд хэмээн нэрлэдэг маргаантай бүсийг булаан эзэлжээ. Энэ маргаан шийдэгдэхгүй байгаагийн улмаас хоёр орон дайны дараа энхийн гэрээ байгуулж, эдийн засгийн хамтын ажиллагаа явуулахад хүндрэл гарч байгаа аж. Холбооны улс төрийн мэдээллийн агентлаг мэдээллэхдээ, Абе Путинээс Курилын арлуудыг эргүүлэн өгөхийг хүссэн гэжээ.

Японы Засгийн газар Оросын талд Курилийн арлуудад нэвтрэхийг хатуу хориглосон ч ОХУ түүнийг үл тоон тус арлуудад айлчилсан нь япончуудын уур бухимдлыг ихэд хүргэдэг билээ. Олон улсын мэргэжилтнүүд “Эдгээр арал эхнээсээ л маргаантай байсан. Гэтэл одоо болтол маргаантай байгаа энэ бүсэд оросууд үе, үе зочлох болсон нь япончуудын санааг давхар зовоож байна” гэсэн нь дэлхий нийтийн анхаарлыг нэлээд татдаг.

Курилын арлууд нь ОХУ-ын Сахалин мужид багтдаг галт уулын бүтэцтэй, Японы Хоккайдо арлаас Камчаткийн хойг хүртэл 1300 км сунан тогтсон цувраа арлууд юм. Агнуурын тэнгис болон Номхон далайг зааглах тус арлууд нь 56 арал, олон жижиг хадан цохионоос бүрддэг. Курилийн арлуудыг ОХУ бүхэлд нь хяналтдаа байлгадаг ч өмнөд үзүүрийн дөрвөн арлын тухайд Японтой маргаантай хэвээр байгаа юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх