Английн Перьмер лигийн Тоттенхэм Хотспур клубын удирдлагууд багийн ерөнхий дасгалжуулагч, Аргентин мэргэжилтэн М.Почеттинотой дахин 5 жилийн гэрээ сунгалаа. Ингэснээр М.Почеттино Тоттенхэм Хотспур клубтэй 2022 он хүртэл хамтран ажиллахаар болж байна.

Энэ жил М.Почеттино Тоттенхэм Хотспур клубыг удирдан гайхалтай нэгэн улирлыг үдээд байгаа билээ. Тэрбээр Английн Премьер лигт дэд байранд орж, ирэх жил Европын Аваргуудын лигт өрсөлдөх эрхтэй болсон. Тэрээр багийнхаа албан ёсны сайтад өгсөн ярилцлагандаа “энэ нь манай дасгалжуулагчийн багт хялбар шийдвэр байлаа. Учир нь бидэнд энд байх нь талархалтай санагдаж байна, гайхалтай улирал байлаа, энэ бол дөнгөж эхлэл гэдэгт итгэж байна” хэмээн ярьжээ. Тоттенхэм Хотспур клуб М.Почеттиногийн удирдлага дор өнгөрсөн 2014-2015 оны улиралд 5-р байранд орж Европа лигийн эрхтэй өндөрлүүлсэн. Харин энэ улиралд лигтээ дэд байранд орж Аваргуудын лигийн эрхтэй өндөрлүүллээ.
М.Почеттино 2014 оны 5 сарын 27-нд Тоттенхэм Хотспур клубын ерөнхий дасгалжуулагчаар томилогдож байсан. Түүний гэрээ 19 онд дуусах байсан ч түүний үзүүлж буй амжилт багийн удирдлагуудад таалагдаж, ийнхүү дахин гэрээгээ сунгаж байна. М.Почеттиногийн удирдлага дор Английн ирээдүйтэй залуу тоглогчид болох Э.Дайер, Д.Алли болон Х.Кейн нарын залуус өсөж дэвжиж байгаа. Эдгээр залуус Английн ирээдүй болж байна.
Эх сурвалж: Ssport.mn
