Төрийн байгууллагууд АСЕМ-ыг дэмжиж ажиллахаа мэдэгдэв

2016 оны 05-р сарын 17 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтын  бэлтгэл ажлын хүрээнд  “АСЕМ Вилла” хотхон, Монгол хотхон, “Шангри-ла” зочид буудалд байрлах Хэвлэл мэдээллийн төв,  хоёр талын уулзалт хийх “Гэр Хотхон” зэргийн тохижилт, үйлчилгээнд нэмэлт тусламж дэмжлэг авах, зочид төлөөлөгчдийн үйлчилгээнд авто машин дайчлах зэрэг асуудлаар зөвлөлдөх уулзалт 5 дугаар сарын 16-нд боллоо.

Уулзалтад ЗГХЭГ, ГХЯ, АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны холбогдох хүмүүс болон яамд, харьяа агентлагууд, Төрийн өмчийн аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд оролцож мэдээлэл солилцон, хамтран ажиллах талаар тохиролцлоо.

Уулзалтыг нээж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт Ази, Европын Дээд түвшний уулзалтын бэлтгэл ажлын талаар, Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн АСЕМ-ын дээд түвшний уулзалт болон дагалдах уулзалтуудын талаар мэдээлэл хийж, Монгол Улсын нэр хүндийг дэлхийн тавцанд улам өргөх чухал ач холбогдолтой энэхүү томоохон арга хэмжээг эх орондоо зохион байгуулахад хувь нэмрээ оруулахыг оролцогч талуудаас хүслээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг сурвалжлах гадаад дотоодын сэтгүүлчдийн ажиллах “Хэвлэлийн төв”-ийг Шангри-Ла худалдааны төвийн B1 давхарт байгуулах бөгөөд тус төвд 600 гаруй сэтгүүлч ажиллах юм. Хэвлэлийн төвд шаардагдах ширээ сандал, техник тоног төхөөрөмжийг төрийн байгууллагуудаас түр авч хэрэглэж буцаан өгөхөөр тохиролцлоо. Мөн шаардлагатай автомашин, жолоочийг тухай үед нь зохион байгуулж оролцуулах боломжтойгоо төрийн байгууллагууд мэдэгдэв. Эдгээр ажлыг зохион байгуулахын тулд яам тус бүрд АСЕМ хариуцсан мэргэжилтэн түр томилж, хоорондоо уялдаж ажиллахаар боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх