Ч.Улаан: АН-ынхан Сүхбаатар жанжны хөшөөг удахгүй устгаж, Сүхбаатар аймгийн нэрийг өөрчлөх юм байна

2016 оны 05-р сарын 17 өдөр, 15 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

УИХ-ын гишүүн Ч.Улаантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Монголчууд  Баруун, Зүүн Монгол, Төв Халх гэхчлэн талцаж, хагаралдаж явсан түүх орчин үед эргэн сэргэж байх шиг гажиг үйл явдал өрнөж байна.  Тухайлбал, Чингис хааны нутгийнхан  улстөрийн давуу эрх эдэлнэ  гэж УИХ-ын чуулганы танхимд ичихгүй зарлаж, хаяа залгаа  Сүхбаатар аймгийн нэг мандатыг дээрэмдсэн  гишүүн ч гарлаа.  Улстөрд удсан мэргэшсэн парламентчын хувьд та юу гэж үзэж байна? 

-Би  үүнд ихээхэн харамсч байгаа.  Байж болохгүй зүйл гэж үзэж байна. Тэр тусмаа олон зуун жилийн турш хил залгаа амьдарч ирсэн Сэцэн ханы нутгийнхан одоогийн Хэнтий, Сүхбаатар аймгийнхан бие биеэсээ төрийн төлөөллийг дээрэмдэж, түүнийгээ эзэн Чингисээр зөвтгөх гэж оролдож байгаа нь ьуйлын харамсалтай явдал гэж бодож байна. Нэрт эрдэмтэн Цэдэнсодном гуай  “Сүүлийн 20-оод жил ухвар мөчид хүмүүс гурван зүйлийг дөрөөлж, өөрийгөө гялайлгаж харагдуулахыг хичээж байсан байна. Энэ нь нэгдүгээрт, Чингис хаан, хоёр дахь нь шашин, гуравдахь нь хуучин үсэг. Аль алиныг нь мэдэхгүй байж, мэддэг дүр эсгэж байх нь зохисгүй явдал” гэж бичсэн байдаг. Тэгэхээр энэ бол үнэхээр ухвар мөчид  хийж байгаа болчимгүй явдал гэж би хувьдаа бодож байна.

-Бас  Чингисдэх гэдэг үг бий болчихлоо. Танай сүхбаатарынхан жанжиндах, жанжиндчихлаа гэж арай  ярьдаггүй биз дээ?

-Наадах чинь  эмгэнэл. Бодоод үзвэл, энэ өнөөгийнхний, цаашилбал бидний бахархал болсон эрх чөлөө тусгаар тогтнолын төлөө тэмцэж байсан жанжин Д.Сүхбаатар, маршал Х.Чойбалсангийн үйл хэргийг бүдэгрүүлэх гэсэн, түүхэн гавьяаг нь гутаах гэсэн ийм л оролдлогоос үүдэлтэй юм байна гэсэн дүгнэлтэд хүрлээ. Нэг хэсэг Д.Сүхбаатар жанжныг  туйлын бүтэлгүй хүн, бараг архичин, мөрийтэй тоглоомчин гэх маягаар хандаж хэсэгтээ л шуугиж байсан.Тэгэхээр энэ бүхэлдээ түүхээ мэддэггүй, өнөөгийнхөө тусгаар тогтнолын үнэ цэнэ, түүнд байгуулсан гавьяаг үнэлж дүгнэж чаддаггүй ийм л хүмүүсийн оролдлого юм байна гэж ойлголоо. Бүхэлд нь аваад үзвэл, жанжин Д.Сүхбаатар гэдэг хүнийг түүхийн тавцангаас холдуулах гэсэн бодлоготой алхмууд яваад байх шиг байна. Д.Сүхбаатар жанжны бунхан гэж байсныг үгүй хийсэн. Жанжин Д.Сүхбаатарын талбай гэж Монголын ард түмний түүхэнд үлдсэн нэршил байсан, түүнийг Чингис хааны талбай болгож өөрчилсөн. Гэтэл төр, засгийн дээд байгууллагын тогтоол, захирамж гарч байж жанжин Д.Сүхбаатарын талбай болгож, түүний төвд нь уран барималч Чоймбол гуайн бүтээсэн хөшөөг залж байсан түүхтэй шүү дээ. Тэгвэл, өнөөдөр төр, засгийн шийдвэрийг үл тоомсорлож, хотын нэг удирдлага талбайн тэрийг өөрчилчих жишээтэй.

-Тэр байтугай, төв талбайд байгаа жанжин Д.Сүхбаатарын хөшөөг нүүлгэн шилжүүлэх асуудал удтал яригдаж байсан  шүү дээ. Цаашид хэрхэх бол?

-Д.Сүхбаатар жанжны хөшөөг зайлуулна, холдуулна, оронд нь өөр хүний хөшөө байгуулна гэж нэг хэсэг шуугисан. Энэ бүхнээс үзэхэд, үнэхээр ухвар мөчид хүмүүсийн хийж байгаа бодлогогүй үйлдэл байгаа юм байна. Тэр болгонд жанжин Д.Сүхбаатарын эсрэг Чингис хааныг гаргаж ирж, түүхт хүмүүсийг хооронд нь эсрэгцүүлж, нэгийг нь нөгөөгөөр үгүй хийх гэсэн ийм оролдлого явдаг юм байна. Энэ нь даамжирсаар яваад сүүлдээ төр, засгийн бодлогын хэмжээнд хүртэл яригддаг боллоо. Сүхбаатар аймгаас төрд төлөөлөх хоёр төлөөллийн нэгийг булааж аваад Хэнтий аймаг руу өгч, түүнийгээ зөвтгөж байгаа хэлбэр нь Чингис хааны өлгий нутаг гэж хэлж байна. Ингээд Их хурлын мандатыг нэмэгдүүлж байгаа нь хөгжил дэвшилд ач холбогдолтой, онцгой анхаарч байгаагийн илэрхийлэл гэж тунхаглаж байна. Тэгвэл жанжин Д.Сүхбаатарын нутгаас нэг тойргийг нь булааж авч байгааг юу гэж ойлгох вэ. Энэ нь Сүхбаатар аймгийг, сүхбаатарчуудыг төр, засгийн бодлогын гадна хаяж байгаа гэсэн шууд утга эндээс гарч ирж байна. Тэгэхээр энэ бол туйлын болчимгүй, үндэстэн, ястны хооронд аймаг, орон нутгийн хооронд үл итгэлцэл бий болгосон, нэг нь нөгөөгөөсөө төрийн төлөөллийг дээрэмдсэн болчимгүй үйлдэл болж байна гэж би хувьдаа үзэж байна.

-Энэ бол Сүхбаатар аймгийн, сүхбаатарчуудын хувьд  хүлээн зөвшөөрч болохгүй зүйл байх аа. Сүхбаатар аймагт 59 мянган хүн Их хуралд нэг төлөөлөлтэй байж байхад Хэнтий аймаг 24 мянган хүн тутамд нэг төлөөлөлтэй байхаар болчихлоо шүү дээ. Тэгш биш байдал,  шударга бус явдал бус уу ?

– Өмнөх түүхээ аваад үзвэл, Хэнтий аймаг хоёр, Дорнод аймаг  гурав, Сүхбаатар аймаг хоёр Их хурлын төлөөлөлтэй  байсан. Гэтэл АН төр, засгийн эрх барьж байгаа үед Хэнтий аймгийг гурав болгож, Дорнодыг хоёр, Сүхбаатарыг бүр нэг болгож байх жишээтэй. Энэ нь Ардын хувьсгалын ач холбогдлыг, өнөөгийн тусгаар тогтнолыг олж баталгаажуулсан хувьсгалчдын түүхэн үүрэг ролийг дорд үзсэн, ийм л бодлогын илрэл юм. Энэ бол ерөөс урт хугацаанд бодчихсон бодлогын хэрэгжиж байгаа хэлбэр юм байна гэсэн сэтгэгдэл төрж байна. Цаашдаа энэ бодлого, үйл ажиллагаанаас болгоомжлох ёстой юм байна гэсэн ойлголтыг бий болгож байна. Энэ маягаараа АН-д итгэл өгөөдявах юм бол, мөдхөн энэ талбай дээрээс Д.Сүхбаатар жанжны хөшөө алга болох юм шиг байна. Магадгүй дараагийн ээлжинд Сүхбаатар аймгийн нэрийг ч өөрчлөх асуудал яригдах юм шиг байна. Энэ мэт болгоомжлох, сэрэмжлэх асуудлууд дор дороосоо урган гарч байна. Үүнд ул суурьтай хандах ёстой.

Ч.Зотол

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх