Монголын Задуучуудын Холбоо, Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төв хамтран “ Хогноос чөлөөлье” хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.
Хэлэлцүүлэгт байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгжийн төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцсон бөгөөд хогны хуримтлал үүсэхээс хэрхэн сэргийлэх, менежментийг боловсронгуй болгож хог хаягдлаар хэрхэн баялаг бүтээх зэрэг хогноос ангижирч болох бүхий л арга замуудыг хэлэлцсэн юм.
Нийслэл хотын хөрсний 72 хувь нь бохирдолтой байгаа бөгөөд дулааны улиралд агаарын бохирдлын 30 хувиас илүү нь ил задгай хог хаягдлаас үүдэлтэй байдаг аж. Түүнчлэн нийслэлд жилдээ 290-340 мянган тонн хог хаягдал гардаг бөгөөд орон сууцанд амьдарч буй иргэн өдөрт дунджаар 0.235 кг, гэр хорооллынх 0.956 кг хог гаргадаг гэсэн судалгаа байдаг байна.
Тиймдээ ч өнөөдөр нийслэлд амьдарч буй иргэдээ эрүүл, цэвэр орчинд амьдруулахын тулд 800 гаруй “Шар хантаазтангууд” ажилладаг өдөр шөнөгүй ажиллаж байна. Гэсэн хогны асуудал бидний тулгамдсан асуудлуудын нэг байсаар байгаа юм. Тиймээс энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд иргэдийн ухамсарыг дээшлүүлэх нь чухал болохыг хэлэлцүүлэгт оролцогчид онцоллоо.
Түүнчлэн “Хичнээн их мөнгө зарцууллаа ч дундаас нь цавчаа үүсгээд эзэндээ хүрэхгүй байгаа асуудал их байна. Харин эдгээр цавчаа үүсгэдэг хулгайчдаас чөлөөлчихвөл хогны асуудал ч мөн чөлөөлөгдөнө” хэмээн зарим оролцогчид ярьж байсан юм.
Хэлэлцүүлгээс иргэдийн ухамсар дадалд нөлөөлөх, хог хаягдлын хор нөлөөллийг олон нийтэд танилуулах, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэн ,аж ахуйн нэгжүүд хоорондоо мэдээлэл солилцох нөхцөл боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ зөв тогтолцоог бүрдүүлэхэд олон нийт, бүх шатны байгууллагуудыг нэг чигт чиглэх ухамсрыг бий болгох гэсэн шийдлүүдийг гаргалаа.






