Монгол хүн сансарт ниссэний 35 жилийн ой, хүн анх сансарт ниссэний 55 жилийн ойн баярыг тохиолдуулан Ю.А. Гагарины цээж барималын нээлт болно. Уг бүтээлийн нээлтийн ажиллагаа зургаадугаар сарын 01-нд ШУА-ийн Хубилай хааны нэрэмжит Одон орон, геофизикийн хүрээлэнгийн Сансар, од эрхсийн ордонд болох юм байна.
Хөшөөний нээлтэнд ОХУ-ын Элчин сайд, ноён Азизов Искандер Кубарович, БНУУ-ын Элчин сайд, ноён Мадари Акош, Хүндэт зочид ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын Сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар, ОХУ-ын Сансрын нисэгч В.А.Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш нар болон ЮНЕСКО-гийн төлөөлөгчид уригдан оролцох юм.
Үйл ажиллагааны талаар ЗХУ, Монгол улсын Баатар, Сансрын нисэгч Ж.Гүррагчаа, ЗХУ-ын 2 удаагийн баатар, ЗХУ-ын төрийн шагналт ОХУ-ын Сансрын нисэгч А.Леонов, ЗХУ-ын 2 удаагийн баатар, Монгол улсын баатар ОХУ-ын Сансрын нисэгч В.А.Джанибеков, ЗХУ-ын баатар, БНУУ-ын баатар, Сансрын нисэгч Берталан Фаркаш, Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Сансрын нисэгч М.Ганзориг, ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн захирал С.Дэмбэрэл нар мэдээлэл өгөх аж.
Дашрамд сонирхуулахад, 2009 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Монгол–Оросын “Билгийн-Үүдэн” ерөнхий боловсролын сургууль 2012 онд Ю.А.Гагарины нэрэмжит болжээ.
