Завхан аймгийн Завханмандал сумынхан энэ хаваржин алтаар “амьсгалав”. Сумын төвөөс 40-өөдхөн км буйдхан газарт газар газрын нинжа нар цугларч чадлын хэрээр алт цуглуулжээ. Эндэхийн алт чулуунд наалдаад барьцалдчихсан хөрсөн дээрээ ил гарсан байдаг гэнэ. Тэр орчимд ухангуут бөөн бөөнөөр гардаг гэж “их мэдэгчид” ярьдаг аж.
Нутгийн хүмүүс алтыг чулуунаас яаж салгахыг мэдэхгүй байгаа тул машин машинаар ачиж ирээд хашаандаа буулгасан байна. Чулуу бутлах тээрэм хайсан хүмүүс ийш тийш сураг ажиг тавьж буй. Нутаг усаа гэсэн хүмүүс алтны шуналд автсан нинжануудтай чадлын хэрээр тэмцэж байгаа ч хүчин мөхөсдөх нь хэцүү. Мөд УИХ-ын сонгууль гээд бужигнана,тэр үеэр алтны эрэлчдийг хазаарлах арга олдох болов уу гэж нутгийнхан ярьж байна. Хэдэн жилийн өмнө тус аймгийн Дөрвөлжин сумын нутаг Сар хайрханы орчимд бас алт гарч, хавийн аймаг сумын нинжа нар цугларч өчнөөн ухаж төнхсөн. Завхан аймаг хутагт хувилгаадын нутаг болоод ч тэр үү байсхийгээд л хөрснөөс нь палхийтэл алт гардаг, магадгүй бурханы өглөг хишиг ч юм бил үү. Зөв зохистой ашиглалт тэнд үгүйлэгдэж байх шиг. Аймаг сумын Засаг даргын Тамгын газрынхан дорвитой арга хэмжээ авдаггүй болохоор нэг л мэдэхэд бөөн цагаан тоос улаан шороо үлдэж мэдэх вий.
Н.Дөл
