Мэргэжлийнхэн Олимпийн наадамд оролцох эрхтэй боллоо

2016 оны 06-р сарын 02 өдөр, 17 цаг 46 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

төгсцогтОлон улсын боксын холбоо (AIBA)-ны онц их хурал VI сарын 1-ний өдөр Швейцарь улсын Лозанн хотноо хуралдаж, оролцогч 88 орны төлөөлөгчдөөс 84 нь “Рио-2016” олимпийн наадамд мэргэжлийн боксчдыг хориг саадгүй оролцуулах түүхэн шийдвэрийг 95% саналаар баталлаа. Гэхдээ Зуны XXXI олимпийн наадамд оролцохыг хүссэн мэргэжлийнхэн VII сарын 3-наас 8-ны өдрүүдэд Венесуэлийн Варгас хотноо зохиогдох тэмцээнээс олимпийн 26 эрхийн төлөө өрсөлдөх юм. Өмнө нь зөвхөн про-боксын рингэнд 15-аас доош тулаан хийсэн тамирчдад зөвшөөрөл олгодог байсныг хүчингүй болгосон нь АНУ-ын мэргэжлийн клубын тоглогч, “Лондон-2012” олимпийн мөнгөн медальт Н. Төгсцогтод сайхан боломж нээгдлээ. Харин 56 кг-д шигшээ багийн тамирчин Э. Цэндбаатар VI сарын 14-нөөс 26-нд Баку хотноо “хөшгөө нээх” Ази ба далайн орнуудын олимпийн эрх олгох сонирхогчдын тэмцээнд өрсөлдөхөөр Х. Энх-Амар (52кг) , Н. Шинэбаяр (75кг), С. Эрдэнэбаяр (81 кг) нарын хамт бэлтгэлээ базааж байна. Хэрвээ Э. Цэндбаатар, Н. Төгсцогт нар хоёулаа 56кг-ийн жинд олимпийн эрхээ өвөртөлсөн тохиолдолд Монголын боксын холбоо Бразилийг зорих нэг боксчныг сонгож, Монголын үндэсний олимпийн хороо нь “Рио-2016” олимпийн Зохион байгуулах хороо, Олон улсын олимпийн хороонд мэдүүлгээ баталгаажуулан илгээх юм. Одоогоор манай 4 боксчин олимпийн эрхээ аваад байна. Өдгөө эгнээндээ 197 орныг нэгтгээд буй AIBA–гийн Ерөнхийлөгчөөр Чин-Күо Ү (Тайвань), Ерөнхий нарийн бичгийн даргаар Карим Бүзиди (Швейцарь) ажилладаг бөгөөд бокс нь Сент-Луис -1904 олимпийн хөтөлбөрт анх багтсан түүхтэй. Монголын ширэн бээлийтнүүд “Мюнхен-1972” оноос хойш 10 удаа олимпийн рингэнд өрсөлдөж, Н. Энхбат (Сөүл-88, 60кг, хүрэл), Н. Баярсайхан (Барселона-92, 60кг, хүрэл) , Э. Бадар- Ууган (Бээжин-2008, 54кг, алт), П.Сэрдамба (Бээжин-2008, 49кг, Мөнгөн медаль), Н.Төгсцогт (Лондон-2012, 52кг, мөнгө) У. Мөнх- Эрдэнэ (Лондон-2012, 64 кг, хүрэл) нар 6 медаль эх орондоо авчирсан бол 1995 онд Д. Лхагваа анхны мэргэжлийн боксчин болсон билээ. AIBA-гийн онц их хуралд Монголын боксын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Цоодолын Батнасан оролцсон байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх