“Баян-Айраг” компанийнхан Дөрвөлжин сумын багачуулыг зайрмагжуулав

2016 оны 06-р сарын 03 өдөр, 15 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн баяр жилд ганцхан болдог ч Монголын багачууд энэ өдрийг  мартахын аргагүй сайхан дурсамжтай өнгөрүүлдэг. Энэ жилийн хүүхдийн баяраар Завхан аймгийн Дөрвөлжин,Завханмандал, Эрдэнэхайрхан сумын багачуул анх удаа  өдөржин үнэгүй зайрмагаар дайлуулсан гэнэ. Тус аймгийн Дөрвөлжин сумын нутагт алтны хайгуул, олборлолт явуулдаг “Баян-Айраг эксплорейшн” компанийнхан зайрмагаар “бороо оруулсан” нь тэр.  Нутгийнх нь алтыг ухаж байгаа болохоор багачуудыг баярлуулах нь зүйн хэрэг.  1990-ээд оны сүүлээс алтны хайгуул хийж эхэлсэн цагаас Баян-Айраг компанийнхан аймаг,сумын сүйхээтэй дарга нарыг  багагүй хөрөнгөжүүлсэн гэж дуулддаг. Нутаг усны хөрс ус бохирдож байна,байсхийгээд цианит натри алдагдлаа гэх мэт тааруухан мэдээ чих дэлсдэг ч намжих нь амархан. Бодвол,багачуудыг зайрмагжуулдаг шиг томчуудыг ч бас тайвшруулдаг нарийн арга байдаг биз. Нутгийнхны ярьж буйгаар, говь нутгийн эмзэг хөрс орчин цагийн хүчит техникийн хөлд ёолж байдаг гэлцэнэ. “Баян-Айраг”-ийнхан алттай болж байгаа бол эх нутаг минь Африкийн цагаан тоос шиг л болох байх даа. Дөрвөлжин сумын дарга нар хүүхэд нь зайрмаг долоож явааг хараад юу бодож суудаг бол.

Завхан аймгийн хувьд уул уурхайн олборлолтод өртөөгүй үлдсэн Монгол Улсын цорын ганц аймаг байв. Гэвч сүүлийн хэдэн жилд том компаниудын төдийгүй хол ойрын нинжануудын дайралтад байн байн  өртсөөр буй.  Дөрвөлжин сумын нутаг дахь алт, мөнгө, зэсийн асар их нөөцтэй Баян айраг уулыг “Баян айраг эксплорейшн” ХХК аваад хэдэн жилийн нүүр үзэв. 50 тонн алтны нөөцтэй энэ орд Монголдоо хамгийн их  нөөцтэй нь гэдгээрээ анхаарал татна. Ийм нүсэр ордыг “Баян айраг эксплорейшн” гэх  компани олны нүднээс далд чимээгүйхэн ухсаар авай. Дөрвөлжин, Эрдэнэхайрхан сумын зааг дээр орших  энэ ууланд нутгийнхан өнө эртнээс  дээдэс өвгөдөө нутаглуулдаг байсан ариун дагшин газар. Гэвч алтанд шунасан хүмүүст ёс заншил падгүй. “Баян айраг эксплорейшн” компанийн хөрөнгө оруулагч нь Малайзын “Керру холдинг” групп гэдэг. Уг группийн үйл ажиллагааг сонирхвол, Гонконг, Хятад, Малайз, Индонези зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд, Австрали, Англи зэрэг дэлхийн олон оронд газар ухахын зэрэгцээ  дэлхийн элсэн чихрийн биз­несийг атгадаг аж. Энэ бизнесээс өдөрт сая, сая долларын ашиг олдог бөгөөд  эзэн нь 12.5 тэрбум ам.долларын хөрөн­гөтэй хятад гаралтай Роберт Куок гэнэ лээ. Хөдөөгийн бяцхан жаалуудад эрхэм тэрбумтан гараа сунгасан нь энэ юмсанж.

 Н.Наран

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх