Нийслэлийн Ерөнхий боловсролын сургуулиудад Австрийн туршлагыг нэвтрүүлнэ

2016 оны 06-р сарын 11 өдөр, 13 цаг 56 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Улаанбаатар хотноо 3 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “Венийн үдэш” цэнгүүнд оролцохоор хүрэлцэн ирсэн Вена хотын төлөөлөгчдийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл хүлээн авч уулзлаа. Вена хотын сургуулиудын удирдах газрын тэргүүн Юрген Чернохорский, нийслэлийн Засаг даргад халуун дотноор хүлээн авсанд талархаад “Ирээд тавхан цаг болж байгаа ч  ажил сайхан амжиж байгаад баяртай байна. Нийслэлийн ерөнхий боловсролын 23-р сургуулиар зочлоод ирлээ. Дунд сургуульд 5 хэл гүнзгийрүүлэн заана гэдэг маш чухал. Дунд сургуулиа төгсөөд л дэлхийд гарах нь байна шүү дээ. Сургуулийн захирал зургаа дахь хэлээр Герман хэлийг сонгож байгаа гэсэн. Хэрэв боловсролын салбарт хамтран ажиллах сонирхол байвал бид хүч тавин ажиллах болно” гэлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Та бүхэнтэй дахин уулзаж байгаадаа баяртай байна. Боловсролын салбар бол бидний санааг зовоодог, шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай салбар. Австрийн боловсролын системийг бид сонирхож байгаа. Венад айлчлах үеэрээ ч би хамтран ажиллах хүсэлт тавьж, эрэл хайгуул хийж явсан. Австри бол олон шинэ технологийн өлгий нутаг гэдгийг бид мэднэ. Тиймээс бид та бүхэнтэй хамтран ажиллах хүсэлтэй байна” гэв. Ноён Юрген Чернохорский “Австри Монголыг бодвол байгалийн баялаг багатай, жижигхэн орон. Тиймээс бид дэлхийд өөрсдийн хувь нэмрийг хэрхэн оруулах вэ гэж байнга боддог. Тиймээс таны хэлсэнчлэн  олон технологийн шинэчлэл Австриас гаралтай байдаг. Боловсролын салбар бол шууд өөрчлөх салбар биш. Тиймээс эхлээд мэдээлэл солилцох нь чухал” гэдгийг онцоллоо. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Таны айлчлалаас бидний боловсролын салбар дахь хамтын ажиллагаа эхэлж байна гэж ойлгож байна. Сая 5-р сард болсон  Засгийн газар хоорондын комиссын 5-р хуралдаанаас гарсан протоколд санхүүгийн хамтын ажиллагааны хэлцэл дэмжигдсэнд Элчин сайдад талархаж байна. Манай хотоос санал болгосон 4 төсөл Австрийн хөнгөлөлттэй зээлээр хэрэгжинэ гэдэгт итгэж байна” гэлээ.

Уулзалтад Австрийн Элчин сайд хатагтай Ирене Гинер Райхл, ЭСЯ-ны консул Барбара Гроссе, Соёлын атташе Арнольд Обермайяр, Вена хотын захиргааны Гадаад харилцаа соёлын асуудал хариуцсан төлөөлөгч Марцела Серно,  Вена хотын сургуулиудын удирдах газрын тэргүүн Юрген Чернохорский, Нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл нар оролцлоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх