Нярайн шарлалт гэж юу вэ?

2016 оны 06-р сарын 15 өдөр, 13 цаг 07 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хүүхдийн биед хэт их хэмжээгээр билирубин хэмээх бодис бий болсноос шарлалт үүсч арьс нь шарладаг. Улаан цогцос нь биеийг хүчилтөрөгчөөр хангах үүрэгтэй бөгөөд нярай хүүхдийн цус улаан цогцосыг илүү хэмжээтэй агуулах тул түүний задралаас үүдэлтэй билирубины хэмжээ арай өндөр байх магадлалтай. Харин элэг нь бий болсон билирубиныг задалж чадах хэмжээнд хүрч арай чадаагүй байна. Билирубины хэмжээ хэвийнээс хэтэрч эхэлбэл шарлалт нүүрнээс хүзүү цээж рүү орж ирнэ. Хүнд тохиолдолд хөлийн арьс нь хүртэл шарлаж болно. Эрүүл төрсөн хүүхдийн тал орчим хувь нь эхний 7 хоногтоо шарладаг. Мөн дутуу төрсөн хүүхдийн дунд ихээхэн тохиолдоно.
Шарлалт аюултай юу?
Аюултай байж болно. Маш ховор тохиолддог Кernicterus гэж нэрлэгддэг өвчний үед билирубины хэмжээ өндөрсөж, цаашид тархи, сонсгол, хараа гэмтэж, шүд ургалтад нөлөөлдөг гэнэ. Төрсний дараахь 24 цаг дотор эхлэсэн шарлалт ихэвчлэн аюултай хэмжээнд хүртэл өсдөг ч хэдийд эхэлснээс үл хамааран эмчийн тусламж авч эхлэх нь хамгийн зөв.
Би хүүхдээ шарлалттай болсон эсэхийг яаж мэдэх вэ?
Гараараа хамар эсвэл духан дээр нь зөөлөн дараад авахад шар толбо үүсч байвал эх баригч эсвэл өрхийн эмчээ дуудаарай. Хэрэв хүүхэд бараандуу арьстай бол нүдний цагаан, буйл зэргийг нь шалгаж үзнэ.
• Хэрэв шарлалт 24 цагийн дотор эхэлбэл
Эх баригч эмч, эмч нарт яаралтай мэдэгдэнэ. Тэд ямар эмчилгээ хийхээ шийднэ.
• Хэрэв шарлалт төрсний дараа бүтэн 1 хоног өнгөрснөөс хойш эхэлбэл.
Нярайн шарлалт ихэнхдээ ямар нэг эмчилгээгүйгээр 2 долоо хоногт арилдаг.
Хэрэв та хүүхдээ хөхүүлдэг бол ойр ойрхон тогтмол хөхүүлбэл шарлалт түргэн арилахад тустай. Ямар нэг сүү орлуулагч эсвэл ус оронд нь өгөх шаардлагагүй. Гол нь хүүхэд нойрмог унтаад байсан ч сэрээж хөхүүлэх нь зөв.
Шарлалтыг хэдийд эмчлэх шаардлагатай болдог вэ?
• Шарлалт эхний 24 цаг дотор эхэлсэн бол
• Хэт их шарлалттай бол
• Шарлалт нь улам ихсээд байвал
Мөн
• Хугацаагаа гүйцээж төрсөн хүүхдийн шарлалт 2 долоо хоногоос илүү
• дутуу төрсөн хүүхдийнх 3 долоо хоногоос илүү үргэлжилбэл
• шарлалт нь төрснөөс дараа 7 хоногоос дээш хоногийн дараа эхэлсэн
• баас нь хэт өнгөгүй шохойн цагаан байвал элэгний өвчний шинж байх магадлалтай тул яаралтай эмчид үзүүлж, зохих арчилгаа, эмчилгээг эхлүүлснээр хүндрэл үүсэхээс сэргийлнэ.
Эмч хүүхдэд цусны шинжилгээ хийхэд хэт өндөр байгаа тохиолдолд эмнэлэгт нярайн шарлалтын фото эмчилгээ хийж болно. Фото эмчилгээ нь 2 янз байдаг аж.
• Шууд шарлага. Эмнэлэгт хэвтүүлж эмчилнэ. Нярайн орны дээр шарлагын аппарат байрлуулахад гэрэл нь билирубиныг хувиргаж, элэг нь гадагшлуулах боломжтой болгоно. Тэгээд 3 цаг дутамд гэрлийг зогсоож хүүхдээ хөхүүлнэ.
• Фибреоптик шарлага. Хүүхдийн тусгай фибреоптик агуулсан тусгай өлгийд өлгийдөхөд өлгийнөөс бага хэмжээний гэрэл арьсанд нь нэвчинэ. Энэ аргыг дутуу төрсөн хүүхдэд ихэвчлэн хэрэглэдэг.
• Хүүхдийн цусан дахь билирубин маш өндөр байгаа тохиолдолд цус солих эмчилгээ хийгдэнэ. Түүний цусны бүлэгтэй тохирох донор цусаар солино гэсэн үг.
Мэдээллийг бэлдсэн: Хүрмэн эмийн сан

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх