Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржид өнөөдөр Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд 2016 оны сонгуулийн дүнг танилцууллаа.
Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн “Монгол Улсын Ерөнхийлөгч танд 2016 оны ээлжит сонгуулийн дүнг танилцуулахаар Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ хүрэлцэн ирээд байна. 2016 оны ээлжит сонгууль зургадугаар сарын 29-ний өдөр улс даяар өглөөний 07:00 цагаас 22:00 цагийн хооронд боллоо.
Иргэдийг бүртгэх, санал өгөх, санал хураах, дүнг тоолох гэх мэт бүх үйл явцыг автоматжуулсан системээр явуулсан. Ингэснээр сонгуулийн дүн тэр дороо иргэдэд зурагтаар хүрч байсан. Сонгуулийн Ерөнхий Хороо зургадугаар сарын 30-ны өдөр хуралдан сонгуулийн дүнг айлтган өргөн мэдүүлэх тогтоол гаргаж, УИХ-ын гишүүнээр сонгогдсонд тооцсон хүмүүст түр үнэмлэх гаргаж өгсөн.
Энэ удаагийн сонгуулиар Монгол Ардын нам 65, Ардчилсан нам ес, Монгол Ардын Хувьсгалт нам нэг, бие даагч нэг суудал тус тус авлаа. Сонгогдсон гишүүдийн насны хувьд 29-62 насны хүмүүс байна. Үүний дотор эрэгтэй 63 эмэгтэй 13 хүн байна.
Нийт санал авах 1998 байрны 841-д нь техникийн тооллого хийхэд ямар нэгэн зөрчил илрээгүй. Дүн мэдээг өнөөдрийн байдлаар 100 хувь авсан. Саналын хуудас санал авах машины дүнтэй бүрэн таарсныг аймаг нийслэлийн санал авах хороо бидэнд мэдэгдсэн. Сонгуулийн ирц хуульд заасны дагуу хүчин төгөлдөр байсан. Ингээд 2000 оноос хойш анх удаа Сонгуулийн Ерөнхий Хороо нийт 76 гишүүний нэрсийг өргөн барьж байна” хэмээв.
Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч хэлсэн үгэндээ “Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга, эрхэм гишүүдийн амгаланг айлтгая. 2016 оны сонгуулийн дүнг хүлээн авлаа. Гурван зүйлийг энд тэмдэглэн хэлэхийг хүсч байна.

Нэгдүгээрт, Сонгуулийн Ерөнхий Хороо болон сонгуульд оролцсон бүх шатны байгууллагууд маш сайн ажиллалаа. Эдгээр байгууллагууд маань шуурхай, цэгцтэй, зохион байгуулалттай, өндөр түвшинд ажилласан. Төрийн байгууллагууд үнэхээр ингэж л ажиллах ёстой. Ингээд сонгуульд оролцож ажилласан бүх шатны байгууллагуудад талархал илэрхийлье.
Сонгуулийн автомат төхөөрөмж маань давуу талаа дахин харууллаа. Энэ чиглэлээр ажилласан техникийн ажилтнуудад онц дүн тавих хэрэгтэй. Мэдээж техникийн жижиг асуудал гарсан байх. Гэвч үнэхээр ард иргэдийн саналыг авахад ямар нэгэн саатал гаргахгүй ажилласан. Сонгуулийн хэсгүүдийн ажилтнууд сайн ажилласан, саналаа өгсөн ард түмэн, сонгуулийн ажиглагчид сэтгэл хангалуун байна.
Сонгуулийн дүн хуулийн дагуу, шуурхай, маргаангүй гарлаа. Олон нийтэд зурагтаар шууд дамжуулан харуулсан нь зөв байлаа. Өмнө нь намууд уралдаад бие биенээ ялсан хэмээн зарладаг, будлиан үүсдэг байсан. Бид олон сонгууль хийж, хүнд бэрх зам туулсан. Өмнөх сонгуулиас бид сургамж авч, энэ удаагийн сонгуулийг амжилттай явууллаа. Сонгуулийн дүнг шууд дамжуулсан нь чухал байсан.
Тэгэхээр өмнөх ололт амжилтаа бид улам бүр сайжруулан баталгаажуулах ёстой. Гэвч энэ бол зөвхөн Монгол Улсын ололт амжилт биш, энэ бол сонгуулийн ардчилалд Монголын ард түмний оруулж буй хувь нэмэр юм. Үүнийг олон улс, тив дэлхийн түвшинд сонгуулийн чиглэлд гаргасан Монголын сайн туршлага, сайн амжилт гэж ярьдаг болсон. Ялангуяа манай бүс нутгийн хэмжээнд, олон улсын ажиглагчдын хүрээнд Монголын сонгуулийн туршлагыг үнэлж, сэтгэл хангалуун байна. Одоо бид хүрсэн амжилтаасаа ухрахгүй.

Хоёрт, манай ард иргэд сонгуульдаа идэвхтэй оролцлоо. Сонгуулийн ирц 1990 оноос хойш буурсан. Харин энэ удаагийн сонгуульд ирц нэмэгдсэн. Тэгэхээр нийт ард иргэд, сонгогчиддоо баярлалаа гэж хэлье.
Сонгуульд оролцсон нийт нэр дэвшигч, нам эвсэл, улс төрийн хүчинд талархал илэрхийлье. Сонгуулийг өрсөлдөөнтэй болгож, улс орныхоо хөгжлийн гарцыг олон талаас нь харж, олон мөрийн хөтөлбөр дэвшүүлсэн нэр дэвшигчдэд баярлалаа. Мөн олонхийн суудалтай байсан нам, эвсэл улс төрийн соёл, ёсзүй гарган хууль журмаа хүндэтгэж, сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрч байгаад талархаж байна. Үүнийг сайн жишиг гэж хэлж болно.
Сонгууль зохион байгуулахад оролцсон иргэд, сайн дурынхан, штабууд дээр ажилласан хүмүүст гүнээ талархал илэрхийлье. Мөн санал хураалтыг хуулийн дагуу явуулахын төлөө ажилласан хууль хяналтын байгууллагын ажилтнууд, нийгмийн хэв журмыг сахиулах, осол аваараас сэргийлэх тал дээр ажилласан онцгой байдлын байгууллагынхан зэрэг бүх тусгай чиг үүргийн байгууллагууд сайн ажилласан. Сонгуулийн өмнөхөн би энэ талаар үг хэлж, уриалж байсан. Миний уриалгыг хүлээн авч сайн ажилласан хүмүүст талархал илэрхийлье.
Гуравт, одоо бид ажлаа хурдан эхлэх хэрэгтэй. УИХ-ын 76 гишүүний түр үнэмлэх олгосон гэж байна. Тэгэхээр гишүүдийн бүрэн эрхийг эхлүүлэх ажлыг шуурхайлъя. Энэ долдугаар сарын 5-нд амралтын өдрүүд таарч байгаа, энэ үеэр УИХ-ын чуулганыг хийхээр төлөвлөж байгаа. Долдугаар сарын 5-ны 11:00 цагаас чуулганыг хуралдуулах зарлигийн төсөл бэлэн болж байгаа гэж ойлгож байна. Энэ чуулганд түр үнэмлэхээ авсан 76 хүн маань хүрэлцэн ирэх ёстой.
Мөн Наадмаас өмнө, ирэх долоо хоногтоо багтаад УИХ-ын дарга, Ерөнхий сайд нарыг томилох ажлыг шийдэх хэрэгтэй. Одоо бид ажилдаа хурдан орж, төр засгийн ажилд хийдэл гаргахгүй ажиллах ёстой. Мөн энэ долдугаар сардаа багтаад УИХ-ын болон Засгийн газрын зохион байгуулалтын ажил дуусах ёстой. Тэгээд наймдугаар сарын 1-н гэхэд УИХ, Засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ үйл ажиллагаандаа орсон байх хэрэгтэй. Энэ чиглэлээр Ерөнхийлөгчийн зүгээс онцгой анхаарч ажиллах болно.
Одоо сонгууль дууссан, ажлаа хийх цаг болсон.
Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдэд хандаад сонгуулиас сонгуульд улам бүр чамбайрч, сайн ажиллаж байгаа та бүхэнд дахин баяр хүргэе” хэмээв.



Шинэ клип: Дуучин Э.Чулуунчимэг “Дэлтэй шувуу”
Өв соёлоо тээж яваа уяачдын галаар УИХ-ын дарга С.Бямбацогт зочлон баяр хүргэв
Япон Улсын Эзэн хаан баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев мэндчилгээ ирүүллээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг хааж үг хэллээ
Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд Баярсайханы Орхонбаяр түрүүлж, Улсын даян аварга цол хүртлээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
