Зоонозын өвчин судлалын үндэсний төв өнөөдрөөс эхлэн энэ сарын 28-ныг дуустал тарваган тахлын эсрэг дархлаажуулалтын аяныг эхлүүлж байна. Тиймээс нэн ялангуяа тарваган тахлын голомтот нутгийн хүн ам, малчид, зорчигчид болон эрүүл мэндийн байгууллага, онцгой байдал, мэргэжлийн хяналт, хууль сахиулах байгууллагын ажилтнууд дархлаажуулалтад хамрагдахыг Мэргэжлийн Хяналтын ерөнхий газраас анхааруулж байна. Мөн дархлаажуулалтад зургаагаас дээш насны бүх хүмүүс хамрагдаж болох тул иргэд олныг харьяа эрүүл мэндийн байгууллагууддаа идэвхтэй хандахыг уриаллаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тарваган тахлаар жил бүр 2000 орчим хүн өвчилдгөөс 5-15 хувь нь энддэг гэх тооцоо гаргажээ. Тэр дундаа тарваган тахлын өвчилттэй Африк, Өмнөд Америкаас гадна Ази тивийн зарим улс орнуудаас Монгол Улс тарваган тахлын байгалийн голомтот хэсэгт ордог байна. Тодруулбал, 17 аймгийн 137 сумыг байгалийн голомттой гэж үздэг билээ. Тиймээс тарваган тахлын эсрэг дархлаажуулалтыг эхлүүлсэн энэ өдрүүдэд хууль бусаар тарвага агнах, худалдаалах, худалдан авах, тээвэрлэх, тарвага тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас ард иргэдэд анхаарууллаа.
Тарваган тахлын дархлаажуулалтанд хамрагдахыг уриалж байна
2016 оны 07-р сарын 19 өдөр, 10 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
