Өнөөдөр буюу энэ сарын 28-нд “Дэлхийн хепатитын өдөр” тохиож байна. Энэ өдрийг тохиолдуулан “Оном” сангаас “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийн хүрээнд элэгний өвчлөлийн эсрэг цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулах гэж байна.
10.00 цагаас эхлэх “Элэг бүтэн Монгол” нээлттэй өдөрлөгийн үеэр элэгний өвчлөлийн чиглэлээр мэргэжсэн эмч, мэргэжилтнүүд иргэдэд В, С вирусын эм, эмчилгээ, шинжилгээний талаар мэдээлэл зөвлөгөө өгч, элэгний вирусын эмчилгээний нэг цэгийн үйлчилгээний төв ажиллуулна. Мөн иргэд эрүүл мэндийн даатгалын мөнгөө хэрхэн буцааж авах, групп тогтоолгох, өвчинтэйгээ хэрхэн тэмцэх, элэгний эмчилгээний үнэ өртөг, худалдаж буй байршил зэрэг бүх талын мэдээлэл зөвлөгөөг иргэдэд өгөх юм.
Харин 12.00 цагт өдөрлөгийн албан ёсны нээлтийн арга хэмжээ Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болох юм. Нээлтийн дараа Элэгний төвийн эмчид үзүүлж, зөвлөгөө авах 500 ширхэг эрхийн бичиг, мөн элэгний вирустэй өвчтөнд нэн шаардлагатай шинжилгээ болох Фиброскан оношлогоонд хөнгөлөлттэй хамрагдах 1000 ширхэг эрхийн бичгийг иргэдэд үнэ төлбөргүй тараах юм байна.
