Туркийн эрх баригчид саяхан болсон төрийн эргэлттэй холбогдуулан 130 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгслийг хааж байгаа тухай CNN агентлаг мэдээлж байна.
Одоогийн байдлаар Туркийн Засгийн газар 3 мэдээллийн агентлаг, 23 радио, 16 телевиз, 45 сонин, 15 сэтгүүлийг хааж, 29 нийтлэлч, төлөөлөгчийг ажил үүргээ гүйцэтгэхгүй байхыг шаардаж байгаа аж.Туркийн Дотоод хэргийн сайд Эфкана Ала “Төрийн эргэлт хийх гэж оролдсоноос хойш 15.000 гаруй хүн саатуулагдаад байна. 8113 хэрэгтэн хоригдох нь тодорхой болсон бол үлдсэн нь шүүх шатандаа явж байна” гэжээ.
Эдгээр хоригдсон 15.000 хүнээс 47 нь сэтгүүлч бөгөөд хоригдсон сэтгүүлчдийг төлөөлөн Замаы сонины сэтгүүлч Эмрэ Дэливэли “Засгийн газар хэвлэл мэдээллийнхэнд ингэж хандах ёсгүй. Бид зөвхөн мэдээллэх үүргээ гүйцэтгэсэн. Биднийг буруутай гэх ямар ч нотлох баримтгүйгээр хорьлоо” хэмээн эсэргүүцэж жагсаал хийж байгаа аж.
Мөн 1684 цэргийн албан хаагчийг албанаас нь чөлөөлж байгаа хэмээн Туркийн Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээллээ. Тодруулбал, 149 генерал, адмиралууд болон Туркийн цэргийн армийн өндөр албан тушаалтнуудыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. Түүнчлэн орон нутаг дах цэргийн сургуулиудыг хааж байгаа тухай албаны эх сурвалж хэлж байгаа хэмээн Турк дах Ал Жазеира агенлаг мэдээллээ.
Туркэд цэргийн эргэлт хийх ажиллагаанд нийт 8651 цэргийн албан хаагч оролцсон билээ.
