Төсөв санхүү хүндрэлтэй байгаа учир 2016 оны төсвийн тухай хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулах болоод байгаа билээ.
Тухайлбал, Шүүгчдийн цалин өндөр байна гэсэн шүүмжлэл ихээхэн гардаг. Тиймээс одоо ажиллаж байгаа 519 шүүгчийн цалинг төрийн өндөр албан тушаалтны цалинтай дүйцүүлж, бууруулахаар төсөлд тусгаад байгаа.
Ингэхдээ шүүгч нарын цалинг 61-63 хувиар бууруулж, 2016 оны төсвийн тодотголд 3.2 тэрбум төгрөг, 2017 оноос жилд 7.7 тэрбум төгрөг хэмнэх тооцоог Сангийн сайд хийгээд буй.
Тэгвэл Засгийн газрын тус шийдвэрийг Шүүхийн ерөнхий зөвлөл эсэргүүцэж, УИХ-ын дарга М.Энхболдод ханджээ. Албан бичигт шүүгч нарын цалинг Засгий газрын бус Шүүхийн ерөнхий зөвлөлийн саналыг үндэслэн УИХ тогтоодог гэдгийг онцолсон байна. Мөн шүүгч нарын цалинг бууруулах нь шүүгч хараат бус байх зарчимд нөлөөлнө гэж тэд үзэж байгаа аж.

