Эргэлдэн нүргэлэх аварга тээрэм, бутлуурууд бүгд цахилгаанаар л ажиллана шүү дээ хэмээн мэргэжлээрээ аархах энэ эрхэм бол “Эрдэнэт” үйлдвэрийн Баяжуулах фабрикийн Өөрөө нунтаглах хэсгийн ахлах цахилгаанчин Магвандоржийн Алтантулга.
Жолооч аавын техникт сонирхолтой хүү ангийнхаа хүүхдүүдийн шугам зургийг зурдаг, онц сурлагатан байв . 1980 онд Архангайн төвийн 10 жилийн нэгдүгээр сургуулийг алтан медальтай төгсч, Эрхүү хотын Политехникийн дээд сургуульд шалгалтгүй элсэн М.Алтантулга насны мэргэжлээ сонгожээ. Залуухан цахилгааны инженер 1986 онд Геологи уул уурхайн яамны томилолтоор “Эрдэнэт”-д ирсэн. Эрдэнэт үйлдвэрийн “зүрх” болсон Баяжуулах фабрикийн Төв корпуст цахилгааны засварчнаар орсон нь эдүгээгийн олон жилийн хөдөлмөрөө зориулж буй их ажлынх нь гараа байлаа. Тэр жарын талаас илүү жил энэ үйлдвэрийн төв цэгийн цахилгааны албанд зүтгэхдээ бэрхшээл саад юу эсийг үзэхэв. “Эрдэнэт” цахилгаанаа Оросоос авдаг байж. Зах зээлийн нийгмийн эхэн үед “тог” байн байн тасарч, бүх тоног төхөөрөмж унтарч сандаргана.
М.Алтантулга болон түүний нөхөд үүр, шөнө, өглөө үдшийн алинд цуцалгүй ажиллах. Цахилгаан тасрангуут тээрмийн материал асгарч, насосны хөдөлгүүр живчихнэ. Өвдөг хүрсэн усан дотор зогсон, түүнийг солих, янзлах амар байгаагүй. Орон сууцны айлууд зуух тавьж галлах үед “Эрдэнэт” үйлдвэр нэг тээрмээ зогсоож, цахилгаан залгуулах үе ч байж. Ийм хүнд үед ч тэр галын шугаманд явсан нэгэн.
Түүнийг тун санаачилгатай, бас ажилд шуурхай, найдвартай хүн гэж хэсгийн дарга нь магтсан. “Эрдэнэт” үйлдвэр Төвийн бүсийн эрчим хүчний дөрөвний нэгийг дангаараа хэрэглэдэг. Үйлдвэрийн зардалд жин дардаг эрчим хүч, ус, технологийн уурыг зөв зохистой ашиглах, гар ажиллагааг механикжуулахад тэрбээр сэтгэлээ чилээж явдаг.
Энэ чиглэлээр хоёр тэрбум орчим төгрөгийн эдийн засгийн үр ашигтай 20 гаруй оновчтой санал үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Тээрмийн хөдөлгүүрийг цэвэрлэх, халалтаас хамгаалах техникийн шинэчлэлийн төсөл санаачлан үйлдвэрлэлд нэвтрүүлсэн нь үр дүнгээ өгч зуны улиралд тээрмийн хөдөлгүүр хэт халалтаас болж , сул зогсохгүй болжээ.
Энэ нь хүдэр боловсруулах төлөвлөгөө биелэхэд жинтэй хувь нэмэр болсныг удирдлагууд нь онцолж байна. Тэрбээр гуч гаруй жил ажиллахдаа техникийн олон шинэчлэлд гар бие оролцсоны дотор “Эрдэнэт” үйлдвэрийн түүхэн бүтээн байгуулалт болох Өөрөө нунтаглах хэсгийн өргөтгөлд хамт олноо түүчээлэн, хичээнгүйлэн хөдөлмөрлөжээ.
“Эрдэнэт” үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадлыг зургаан сая тонноор нэмэгдүүлэн, жилд 32 сая тонн хүчин чадалтай болгон өргөтгөсний нээлтийн үеэр Ерөнхийлөгч хүрэлцэн ирж, тээрэм асаахад өөрөөрөө болон, хамт олноороо бахархан омогшиж самсаа шархируулж явснаа тэр нуугаагүй. Орчин үеийн дэвшилтэт техник технологийг суурилуулах, нутагшуулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж, түүнд энэ үеэр төр засаг “Алтан гадас” одон хүртээсэн мөчийг тэр хэзээ ч мартахгүй гэсэн юм.
Тэр тун хүртээмжтэй хүн. Үндсэн ажлынхаа зэрэгцээ Технологийн сургуулийн оюутнуудад хичээл заана. Залуудаа хөл бөмбөг, явган аяллын тамирчин явсны хэргийг гаргаж, залуусаа тэмцээн уралдаанд дасгалжуулна, тэднийгээ дэмжинэ. Мөн хэсгийнхээ Үйлдвэрчний эвлэлийн бүлгийн даргаар ажиллаж, ажиллагчдынхаа эрх ашгийг хамгаалахад идэвхийлэн оролцоно. Түүний дургүй зан шударга бус байдал, долигонуур араншин. Залууст шударга бай, хичээнгүй хөдөлмөрлө, өдөр бүр шинэ зүйлд суралц, тэгж гэмээнэ хүн хөгждөг юм гэж захих. Өөрөө ч үүнийг л амьдралдаа мөрдөж ирсэн.
Хүмүүний орчлонгийн зовлон түүнийг тойрсонгүй. Насан багадаа үерхэж, хайрлалцан гал голомтоо бадраан алаг үрсээ өсгөлцсөн амьдралынх нь хань бурхны оронд одоод удаагүй. Гэргий нь хайлган сэтгэлтэй, цагаан нөмрөгтөн явсныг дурсахдаа аньсага нь чийгтэж харагдсан. Эднийх гурван сайхан хүүтэй айл. Том хүү А.Ганзориг нь аавынхаа мэргэжлийг эзэмшиж, Баяжуулах үйлдвэрийн Цахилгаан хөтлүүр автоматикийн хэсгийн даргаар ажиллаж байна. Дунд хүү А.Гансүх нь Худалдаа хөгжлийн банкны ахлах эдийн засагч, бага хүү А.Ганболд нь МУИС-ийн Мэдээллийн технологийн ангийг төгссөн. Хөвгүүдээ эрдэм боловсролтой, төлөв даруу хүн болгон өсгөхдөө тэр өөрөөрөө үлгэрлэсэн. М.Алтантулга тун ч хөнгөн шингэн нэгэн. Зүгээр сууж огт чаддаггүй зантай. Гэрийн ажил, байрны засвар, машины эвдрэл гэмтлээ ч хүн царайчлахгүй, өөрөө дөнгөчихнө.
Эх орны дуудлагад эр цэрэг бэлэн байдгийн адил, “Эрдэнэт” үйлдвэр дуудахад хэзээд бэлэн байх “бэлтгэл хурандаа” бол М.Алтантулга. Тэр удахгүй гавьяаны амралтдаа гарах ч, мөнхөд “Эрдэнэт” үйлдвэрээрээ бахархан, бүхнээ зориулах далай сэтгэлтэй эрхэм.
Ийм л оюунлаг, дадлага туршлагатай, ажилдаа элгэмсүү сэтгэлээр ханддаг хүмүүсийн нуруун дээр “Эрдэнэт” үйлдвэр хөгжин дэвжиж байна.
Я.ЭНХТУЯА


Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Улаанбаатарт өдөртөө +28 градус дулаан
“Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд”-ийг 40 дэх удаагаа тэмдэглэн өнгөрүүлнэ
Аюулт үзэгдэл, ослын 77 удаагийн дуудлага бүртгэгджээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа
Монгол Улсын Их Хурлын 2026 оны намрын ээлжит чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын хэлсэн үг
УИХ-ын 2026 оны намрын ээлжит чуулган 69 хувийн ирцтэйгээр эхэллээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 93 зөрчил бүртгэгджээ
Ерөнхийлөгчийн зарлигаар Баян-Өлгий аймгийн нутагт орших Бөхөн уулын энгэрт Их Эзэн Чингис хааны шүтээн хөргийг заллаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Баян-Өлгий аймгийн удирдах албан тушаалтнуудад үүрэг, даалгавар өглөө
Н.Учрал: Цалин, тэтгэвэр нэмэх, орон сууцжуулах зэрэг иргэнээ бодсон шийдвэрт боломжоо бүрэн дайчилж байна
Нийтийн тээвэр, эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг өглөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд аймгийн иргэдтэй уулзлаа
Улаанбаатарт өдөртөө +23 градус дулаан
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Багануур, Багахангай, “Чингис хаан” олон улсын нисэх буудал чиглэлийн автобусанд суудал урьдчилан захиалж болно
