Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Улаанбаатар их сургуулийн 25 жилийн ойн ёслолын нээлтэд өнөөдөр оролцож үг хэлэв.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн үгэндээ:
“Энд цугласан эрхэм хүндэт эрдэмтэн багш нар, оюутнууд, зочид төлөөлөгч та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Та бүхэнд Улаанбаатар их сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг хүргэж, цаашдын сургалт, судалгаа, шинжилгээний ажилд улам их амжилт хүсэн ерөөе.
Миний хувьд Улаанбаатар их сургуультай, эрдэмтэн багш, оюутнуудтай холбогдож, хамтран ажиллах завшаан 2011 онд тохиосон. Хүннү судлаач, археологич, эрдэмтэн Д.Эрдэнэбаатар монголчуудын дээд өвөг болох хүннүгийн өв соёлын томоохон өвийг агуулж буй “Гол мод-2” булшийг малтаж шинжлэхэд туслалцаа үзүүлээч хэмээн хүсэлт тавьж 2011 онд надад хандсан юм. Би өөрийн санаачилсан “Түмэн хишигтэн” аялал жуулчлалын компанитайгаа хамтран Д.Эрдэнэбаатар гуайн судалгаа, хийсэн ажил, хичээл зүтгэлийг үнэлж тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийж хамтарч ажилласан. Бунхны малтлага хийхэд 200 гаруй оюутан, цэргүүд хавар 5 дугаар сарын 20-ноос эхлэн 11 дүгээр сарын 10-ныг хүртэл нийт таван сар ажилласан.
Миний хамгийн баярлан бахархаж байгаа зүйл бол Улаанбаатар их сургуулийн эрдэмтэн багш, оюутнуудын шаргуу хөдөлмөр, уйгагүй хичээл зүтгэлээр Монгол Улсын хосгүй үнэт өвийн жагсаалтад бүртгэгдсэн олон сайхан олдворуудыг олсон явдал юм. Эдгээр олдворын төлөөллөөр гаргасан үзэсгэлэнг саяхан би очиж үзсэн. Булш нь эрт цагт тоногдож сүйтгэгдсэн байсан ч адууны тоног хэрэглэл, 10 гаруй сүйх тэрэгний үлдэгдэл, хаш эдлэл, чий будагтай сав суулга, хүрэл тогоо, гоёл чимэглэлийн зүйлс зэрэг сонирхолтой эд өлгийн зүйлс илэрснийг фото зургаар баталгаажуулж үзүүлж байсан. Энэ булшнаас илэрсэн олдворууд дундаас амьтны дүрсийг товойлгон сийлбэрлэсэн, домгийн ганц эвэртэй амьтны дүрстэй эмээлийн хударга, хөмөлдрөгийн алт, мөнгөн чимэг нь судлаачид төдийгүй олон нийтийн анхаарлыг одоо хүртэл татсаар байна.
Язгууртны булшны нэгэн дагуул булшнаас Ромын хийцийн хөх өнгийн шилэн аяга илэрсэн нь ховор үнэт олдворт тооцогдож, археологи болон түүхийн шинжлэх ухааны нэгэн сонирхолтой судлагдахуун, нээлт болсон байна.
Олон жилийн өмнө Улаанбаатар их сургуультай үр дүнтэй хамтын ажилагаагаар холбогдсондоо бэлгэшээж явдаг болохоор өнөөдөр та бүхний 25 жилийн ойн баярыг хуваалцахаар ирсэн минь энэ юм.
Анх 1992 онд Технологийн дээд сургууль нэртэйгээр байгуулагдаж, улмаар 1995 онд олон улсын жишгээр оршин байгаа хотоороо овоглосон анхны их сургууль болсон нь танай бодит түүх юм.
ХХ зууны манлай физикч, Монгол Улсын төрийн дээд шагнал-тэргүүн зэргийн одон- “Чингис хаан” одонт, Төрийн соёрхолт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн Х.Намсрай гуай, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, сансрын нисэгч, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн М.Ганзориг гуай, Монгол Улсын гавьяат багш Цэвэгдорж гуай, академич Д.Баатар, Ц.Баатар, Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Цэдэв нарын зэрэг олон алдартай багш нартай сургууль юм.
Танай сургуулийн танилцуулгаас профессор багш нар, оюутан суралцагчид хамтдаа сургалт, эрдэм шинжилгээний ажилд мөр зэрэгцэн оролцдог. Оюутнуудад суралцах үеэс нь шинжлэх ухааны лаборатори, олон улсын хамтарсан төслүүдэд ажиллах боломж олгодог гэдгийг сонсоод бахархлаа.
Оюутан цагаасаа практик ажил руугаа ордог, багш нартайгаа мөр зэрэгцэн ажилладаг, оюутнууд төгсөөд гарахдаа мэдлэг боловсрол, дадлагаа хамт эзэмшээд гардгийг сонсоод бусад сургуулиуд үлгэр жишээ аваасай гэсэн бодол төрлөө.
Улаанбаатар их сургууль ОХУ, БНХАУ, Япон, БНСУ зэрэг орны 50 шахам их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай хамтран ажиллаж төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдгийг бас сонсоход таатай байна.
Энэ арга хэмжээнд гадаад орны төлөөлөгчид, Элчин сайд нар ирсэн байгаад талархаж байна.
Их сургууль бол эрдэм мэдлэг төвлөрүүлж, солилцож түгээх том талбар байдаг. Энэ зорилгоо танай сургууль хангалтай биелүүлж байгаад дахин баяр хүргэе. Нийт төгсөгчдийн бараг 66 хувь нь шууд ажлын байртай болдог нь өнөөгийн нийгмийн хүнд үед энэ сургууль ямар боловсон хүчин бэлтгэдэг, нийгмийн хэрэгцээг судалж оюутнаа төгсгөж гаргаж байгаатай холбоотой. Бусад сургуулиуд эндээс зөвлөмж аваасай гэж дахин хүсье.
25 жилдээ зориулж 25 том ажил гүйцэтгэсэн гэж сургуулийн захирлууд надад сая хэллээ. Эх орондоо мэдлэгтэй, хамгийн гол нь эх оронч зүрх сэтгэлтэй мэргэжилтнүүдийг цааш цаашдаа бэлдээрэй. Та бүхэнд амжилт хүсье. Баярлалаа” гэлээ.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
