Насаараа төрийн албыг хоёргүй сэтгэлээр хашсан гэх атлаа яаж тэрбум төгрөгийн хадгаламжтай, Солонгос, Японд тансаг хаустай, Улаанбаатарт тусгай манаачтай байранд амьдардаг, оффшор данснаасаа 400 мянган долларын гүйлгээ хийдэг Д.Сугар Монголын төрөөс төрсөн тэрбумтнуудын жагсаалтыг өнгөлдөг. Түүний хувьд хөрөнгө орлогоо үргэлж нуусаар ирсэн гэдэг тодотголтой ч хэзээч үүнээсээ хулчийдаггүй. Монголын авлигатай тэмцэх газар түүний өмнө өвдөг сөхөрдөг. Тэр бол “босоо” тэрбумтан билээ.
Сүүлийн хэд хоног “Жаст” группын Ш.Батхүү хэмээх нэгэн “босоо” эрхмийг шалгаж эхэлсэн,баривчилсан,цагдан хорьсон гэх сургаар Д.Сугарын нууц хэрэг ил болж магадгүй янзтай. Д.Сугар 2009 онд Төрийн өмчийн хорооны дарга байхдаа “Жаст” группын Ш.Батхүүд боломж олгосноос тэрээр Эрдэнэт үйлдвэрийн 51 хувийг барьцаанд тавьж, Стандарт банкны Өмнөд Африк дахь салбараас 141 сая ам.доллар “залилсан” гэх асуудал үүссэн. Уг асуудалд Д.Сугар болон Эрдэнэт үйлдвэрийн захирал асан Ч.Ганзориг нарын хамтаар Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих баталгааг Ш.Батхүүд гаргаж өгсөн гэх дуулианд нэр холбогдоод байсан нь тэр.
Гэвч Стандарт банкнаас авсан “Жаст” группын зээлэнд Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавих зөвшөөрөл олгож, гарын үсэг зурсан Д.Сугар, Ч.Ганзориг гэх эрх мэдэлтнүүд холбогдолгүй болж, залилан хийсэн хэргийн эзнээр Ш.Батхүү тодорч буруудаж байсан тухай манай сайт өмнө нь нийтэлж байсан. Д.Сугар бол түүнтэй холбоотой хэл ам гарахад хууль ярьсаар байгаад “уснаас хуурай” гардаг увидастай гэж дээдсийн хүрээнийхэн ярьдаг нь оргүй биш. Өөрийгөө чин Монгролын төрд шударгаар эгээ л морь,нохой мэт зүтгэж байгаа гэдэг. Яг үнэндээ Монголын төр үнэнч хүндээ халгаатай гэдэг бол Д.Сугарын хувьд эсрэгээрээ. Тэрээр Хонгконгт оффшор данстай, бусдад их хэмжээний мөнгө зээлдүүлдэг, хурдан морь олонтой,хөрөнгө орлогоо мэдүүлэхдээ будилдаг нь хэт баяжсантай нь холбоотой.
Д.Сугар Японд 536 сая, Чежүд 600 саяар хаус худалдаж авснаа хүлээн зөвшөөрч олныг алмайруулсан. Насаараа төрд ажиллачихаад яаж ингэтлээ баяждаг байнаа,туршлагыг судлая гэх залуус ч байна. Аргагүй шүү дээ. Орох оронтой болъё гээд ипотекийн зээл авах гэсэн залуус гарааны 30 хувиа төлөх гэж зүдэрч байна. Арайхийж олоод өгөхөөр “ямар эх үүсвэрээс энэ мөнгийг олов,худлаа хэлэв үү, хулгай хийв үү” гээд л банкныхан хардаж сэрдээд золтой л дэгээдэж унагасангүй. Ингэж,ингэж олсон юм гээд цаас цуглуулсаар явтал гутлын зулаг эргэнэ. Ийм хатуу шалгуураар төрийнхнийг арга чаргыг нь бардаг атлаа Д.Сугарыг яагаад ямар эх сурвалжаас мөнгө гаргаад байгааг нь асуудаггүй юм бол. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн маань Баянзүрх дүүргийн 1З дугаар хороо, Алтантэвш хороололд байрлах 30 м2 талбайтай хувийн сууцыг хөрөнгө орлоготоо мэдүүлээгүй үлдээсэн аж.
Яагаад хөрөнгөө мэдүүлэхдээ будилав гэхэд Д.Сугар “Энэ бол орон сууц биш. Манаачийн шовгор” гэсэншүү юм яриад өнгөрсөн. Тэрүүн шиг 30 м2 байрыг авах гэж залуухан төрийн ажилтан наад зах нь 18 жил хөлс хүчээ барна шүү дээ. Уг нь Д.Сугарынх Алтан тэвш хороолол дахь 372 м2 талбайтай хувийн тансаг орон сууцанд амьдардаг гэнэ билээ. Тийм байр авна гэвэл өнөөгийн төрд зүтгэгчид тамираа барна даа. Д.Сугар Японы Токио хотын Адачи дүүргийн Шинден хороололд 2008 онд 48 сая иенээр буюу монгол мөнгөөр 535 сая төгрөгөөр орон сууц худалдаж авчээ. Тэр их мөнгийг хаанаас олсон юм бол, арай тэнгэрээс унаагүй байлтай. Солонгосын аялал жуулчлалын бүс нутаг Чэжү арал дээр бас л тансаг харш худалдан авсан. Тэр мөнгө бас хаанаас угшилтай вэ. Юутай ч ойрын өдрүүдэд “Жаст”-ын Ш.Батхүүг хорьж, Г.Алтанг баривчилсан тухай мэдээлж байна. Оффшорчид,авлигачдын жагсаалтыг тэргүүлдэг С.Баярыг байцааж эхэлсэн тухай ч сонсдов. Д.Сугарын сандал суудал ч ганхаж магадгүй болсныг шивэр авир гэлцэж байна. Эрхбиш Монгол Улсын төрийн машин гацаанаас гарч байгаа бололтой. Олон жил эх орноо мөлжиж,төрийг идэж хагартлаа баяжсан эрхмүүд үнэнд гүйцэгдэх цаг ирдэг ажээ.
Н.Ялгуун

Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
