Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо Туул голын дагуу аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж, байгууллага, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлгийг өнөөдөр (2018.04.10) Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг удирдаж, УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Г.Солтан, А.Сүхбат, Б.Пүрэвдорж, Ё.Баатарбилэг, М.Билэгт, Ц.Гарамжав, мөн Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Нийслэлийн ЗДТГ, түүний харьяа газруудын удирдах албан тушаалтнууд, аж ахуйн нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Өргөдлийн байнгын хороонд 2016 оноос хойш Туул голын бохирдол, түгээмэл тархацтай ашигт малтмалын олборлолтын талаар иргэдээс 5846 өргөдөл, гомдол ирүүлсний дагуу газар дээр нь танилцаж, дүгнэлт гарган хуралдаанд танилцуулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд ажлын хэсгийн хурлыг гурван удаа, холбогдох албан тушаалтнуудаас тайлбар авах уулзалтыг хоёр, хэлэлцүүлгийг хоёр удаа тус тус зохион байгуулж, 2016 оны 03 дугаар тогтоолоор 13 заалт бүхий, 2017 оны 02 дугаар тогтоолоор 7 заалт бүхий үүрэг чиглэлийг Засгийн газарт өгч ажилласан талаар УИХ-ын гишүүн, Байнгын хорооны дарга М.Оюунчимэг хэлэлцүүлгийн эхэнд танилцуулав.
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Туул голын орчим газрын тусгай хамгаалалттай газарт зөвшөөрөлтэй аж ахуйн нэгж байгууллагын талаар, Нийслэлийн газрын албаны дарга Э.Болорчулуун Туул голын эргийн дагуу газар ашиглах зөвшөөрөл олгосон асуудлаар, Нийслэлийн ЗДТГ-ын Байгаль орчны газрын дарга Э.Баттулга Өргөдлийн байнгын хорооны 2018 оны 7/2657 тоот албан бичгээр өгсөн үүргийн биелэлтийн талаар тус тус мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа.
Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан өгсөн мэдээлэлдээ, барилгажилт, олборлолт гэдэг хоёр зүйл Туул голын хувь заяанд сөргөөр нөлөөлж байна гээд, Туул голын энгийн болон онцгой хамгаалалтын бүсэд үе үеийн нийслэл, дүүргийн удирдлагуудаас нийтдээ 14 мянга гаруй нэгж талбарын зөвшөөрөл олгосон байдаг. Үүнээс онцгой хамгаалалтын бүсэд 894 объект, энгийн хамгаалалтын бүсэд 500 орчим барилгын асуудал байна гэсэн юм. Энэ асуудлыг цэгцэлж шийдвэрлэхээр Өргөдлийн байнын хорооноос удаа дараагийн хэлэлцүүлэг зохион байгуулсаны үр дүнд Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс, Яармагийн гүүрнээс Хүрхрээгийн амны чиглэл, Туул голын эрэг дагуу барилга байшин барьж буй 28 иргэн, аж ахуйн нэгжийн газар эзэмших эрхийг цуцлах шийдвэрвэрийг БОАЖЯ гаргаад байгааг таницууллаа.

Туул голын дагуух замбараагүй газар олголт, барилга байгууламжийг цэгцлэх асуудал хөндөгдсөний дараа УИХ-ын гишүүн М.Билэгт хэлсэн үгэндээ, бид сүүлийн 30 шахам жил энд тэнд гарсан бүхий л зөрчилд аж ахуйн нэгжүүдийг буруутгаж ирсэн. Одоо энэ хандлагаа өөрчилье. Тэдэнд тусгай зөвшөөрлийг төрийн нэрийн өмнөөс олгосон этгээдүүдэд, тухайн үед хяналтаа тавьж ажиллаагүй хууль хяналтын байгууллагуудад хариуцлага хүлээлгэдэг эрх зүйн орчныг бий болгох шаардлагатай болсныг онцлов. Мөн УИХ-ын гишүүн А.Сүхбат Туул голыг тусгай хамгаалалтад авах зайлшгүй шаардлага байгааг, УИХ-ын гишүүн Г.Солтан Туул голын урсацыг сааруулсан шалтгааныг олж, тэр шалтгааныг арилгахад анхаарлаа хандуулахыг чухалчиллаа.
УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр Сэлбэ, Туул голын бүсэд Улаанбаатар хотын иргэдэд зориулсан амралт, аялал зугаалгын нийтийн эзэмшлийн газар бий болгох ажлыг хууль хэрэгжүүлэгч байгууллагууд хуваарилж аваад, эзэнжүүлэх хэрэгтэй, дахин уулзахад ахиц гаргаагүй байж болохгүй. Саад болж байгаа асуудлыг яаралтай шийдээд явах хэрэгтэй. Ажил хийхэд саад болсон болон газар олголтыг зохион байгуулалтгүй хийсэн улс төрийн бөгөөд төрийн албан тушаалтныг шалгуулах асуудлыг Байнгын хорооноос Авлигатай тэмцэх газарт тавих нь зүйтэй гэлээ.

Энэ хэлэлцүүлэг нэг удаа болоод өнгөрөхгүй, тодорхой үр дүн нэхэж үргэлжилнэ гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав онцлоод, Туул голын дагуух асуудлыг цэгцлэхдээ мэргэжлийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хавтгайруулж, хохироохгүй байхыг хууль хэрэгжүүлэгч байгууллагуудад анхааруулав.
Хэлэлцүүлгийн төгсгөлд УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг Туул голын асуудлаар Өргөдлийн байнгын хорооны хурлыг зургадугаар сарын эхний долоо хоногт хийхээр товлож байгааг мэдэгдээд, Туул голын дагуу Баянзүрхийн гүүрнээс Яармагийн гүүр хүртэлх нийтийн эзэмшлийн газрыг чөлөөлж, Улаанбаатар хотын иргэдийн амралт, зугаалга, аялал жуулчлалын ногоон бүс байгуулах ажлыг зураг, төсөв, стандартад нийцүүлэн байгуулах ажлын төсөв, төлөвлөгөөтэй орж ирэхийг санууллаа. Мөн Туул голын эрэг орчмын тусгай хамгаалалттай газарт газар ашиглах зөвшөөрөл олгосон буруутай этгээдийг тогтоож, АТГ-т хүргүүлэн шалгуулах ажлыг Өргөдлийн байнгын хорооноос хийх болно гэдгээ мэдэгдэж, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулан тавдугаар сард багтаан Засгийн газарт танилцуулахыг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд үүрэг болголоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
