Харамсал, харуусал дагуулсан өдөр хоногууд өнгөрч байна. Хүн бүрийн сэтгэл гунигтай. Уул шиг Монгол эр нэг л өдөр цаг бусаар нурав. Эр хүний ноён нуруу, нөмөр түшиг, уужуу ухаан энэ эрхэм хүмүүнээс гардаг байв. Анх танилцсан мөч нүдний өмнө зурайна. Бодол дагуулна.
2013 он. 25-р суваг телевизийн шавилхан сэтгүүлч залуу эрх баригчдын бодлого үйл ажиллагааг шүүмжилдэг байв. Дарамт шахалт том жижиггүй ирнэ. Хардлага сэрдлэгэ үргэлж дагуулна. Улстөрийн сэтгүүлч хүний туулдаг л зам. Энэ үед хэвлэлээр л зүс таньдаг, Монголын улстөр бизнесийн цуутай эрчүүдийн нэг Гаваагийн БАТХҮҮ агсантай танилцаж билээ.
“Сайн уу? Дүү. Ахад нь чиний улстөрийн мэдрэмж, мэдээ сурвалжлага таалагдаж байгаа шүү. Надад зөв гэж бодож буй зүйлийнхээ төлөө тууштай явдаг хүн таалагддаг.”
гэж билээ. Өөрөө зорин ирж гар бариад, амжилт хүсээд явсан хүнийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр явдаг мэдээллийн хүрээнд л дүгнэдэг, төсөөлдөг, дургүй талдаа байсан санагдана. Тэр үед жижигхээн сэтгүүлчийг “МАН-ын гар хөл, тагнуул, дуу хоолой, төлбөрт” г.м-ээр АН-ынхан төсөөлнө. “Улстөрийн мэдээг бусдаас өөрөөр хийх ёстой”, “сэтгэл зүрхээ зориулан ажиллана” гэдэг 2-хон бодол надад байдаг байв. 25-ын З.Алтай, А.Баатархуяг, С.Насанжаргал нараар суралцсан хүнд үргэлж сөрөг хүчин байх бодол л төрнө. Үр дүн мэдэгдэхүйц гарч билээ. Гэвч хэлмэгдэл болоод өнгөрсөн дөө.
Гундуухан өдөр хоног, сар жил өнгөрөв. Урам муутайхан ажиллана, амьдарна. Гэтэл…
Нэг өдөр гар утас дуугарч байна. “Дүү минь яагаад Төрийн ордонд удтал харагдахаа болив. Яагаад улстөрийн мэдээ, сурвалжлага аа хийхээ болио вэ?” гэж Г.Батхүү агсан залгаж билээ. Жирийн л нэг сэтгүүлч залууг тэр эрхэм хүн удаан ажиглаж байжээ. Монгол өв уламжлал, урлаг соёлын бүтээл, мал аж ахуйгаа дээдэлсэн хүнтэй ингэж л ойртсон, дотно болсон. Сүүлд хамтдаа баяр тэмдэглэх үеэр сэтгэлд дотно үг хэлсэн.
“Н.Урантогтох маань парламентын сэтгүүлч нарын дунд уяа сойлго нь таарсан хурдан морь мэт харагддаг байсан шүү. Чи ажилдаа муу, сэтгэлээ зориулдаггүй байсан бол хэнд ч анзаарагдахгүй.”
гэж билээ. Бизнес, улстөрийн цөөнгүй төсөл дээр хамтран ажиллахдаа Монголоо гэх сэтгэл зүрхтэйг нь мэдэрч байв. Үе үе улстөрийн мэдээ, сурвалжлага хийх хүсэлтэйгээ илэрхийлэхэд “илүү өргөн хүрээнд ажилла”, “гүйцэтгэх биш удирдах ажил хий” гэж дэмжиж билээ. Хувийн сонирхлынхоо хүрээнд сошиал медиад идэвхитэй болоход минь “өөртөө гал дуудаад л… Хэрэг байна уу? даа…” гэж аав шиг, ах шиг минь санаа зовнидог байлаа.
Г.Батхүү агсан хэрүүл, маргаан, зөрчилдөөнд жигтэйхэн дургүй нэгэн байв. Монголчуудыг эв нэгдэл, харилцан ойлголцол, тооцоо судалгаа л хөгжүүлнэ гэж ярина. Улстөрийн ч бай, бизнесийн ч бай төсөл хэрэгжих гэж байвал үндэслэл, тооцоо судалгаа, гарах үр дүнг тодорхой танилцуулахыг шаардана. Албан бичиг төлөвлөх, хөтлөх, боловсруулах эрдмийг энэ л хүнээс чамбай суралцаж билээ. Үе үе сайдаар ажилласан он жил, хүнд хэцүү улстөрийн шийдвэр гаргаж байсан тухайгаа ярина.
“1996-2000 онд яамны газрын дарга, сайдын алба эрх ямба байсангүй дээ. Улс орон шилжилтийн үеээ хэцүүхэн байдалтай давж байв. Дэд бүтцийн хөгжлийн яам улс орны гол салбаруудыг хариуцдаг байлаа. Дөнгөж зах зээлийн нийгэмд шилжиж байсан тул сэргэлэн гадныхан их ирнэ. Тэдэнд ашигтай Монголд ашиггүй төсөл, худалдан авалт хийгдчих гээд ухаан их шаардана. Гэвч намайг явсаны дараа бүгд хийгдчихсэн байсан даа гэнэ. Мөн эрчим хүчний салбар хүнд байсан тул оройдоо цахилгаан хязгаарладаг, улсын хэмжээний том эмнэлгүүдийн хагалгааг бүрэн дууссаны дараа л зогсох тушаал өгчихөөд харьдаг байлаа даа”
г.м-ээр түүх өгүүлнэ. Улстөрийн олон хаалттай сэдвийг илэн далангуй ярина, тайлбарлана. Түүх уг нь бодитойгоор л үлдэх ёстой юм даа гэдэг байлаа.
Хэвлэлийн хуудас, иргэдийн ойлголтоор Г.Батхүү агсан жигтэйхэн муу хүн. Гэвч 1 удаа ч болов нүүр тулан уулзаж, ажил хэрэг, амьдралын харилцаанд орж байсан хүмүүс эсрэг бодолтой. “Би ядарч яваа хүүхэд настанд тусална… Харин залхуу залуу хүнд огт дургүй…” гэж шулуухан хэлнэ. Өдөрт гар утас, цахим хаягт нь “ажилд оруулж өгөх”,”бэлэн мөнгө гуйх”, “тусламж хүссэн” үй түмэн хүсэлт ирнэ. Бүгдийг нь уншиж, шийдвэр гаргана, шаардлагатайг нь хүлээн авч уулзана. Бизнесийн хэлцэл, улстөрийн уулзалт, олон нийтийн ажил, ТББ-уудын өдөр тутмын үйл ажиллагаа, урлаг соёлынхны хүсэлт, мал аж ахуй дээрээ очино г.м-ээр ядрахгүй, зовлон тоочихгүй амьдарна. Олныхоо дунд ажиллаж амьдрах, бужигнах жигтэйхэн дуртай хүн байж дээ.
Г.Батхүү агсан наргианч, шогч хүн байв. Дэд бүтцийн хөгжлийн яаманд ажиллаж байхдаа төрийн нарийн бичгийн дарга Ц.Дамиран агсантай ойр дотно явсанаа ярина. Газрын дарга шижигнэсэн залуучууд нь Ц.Дамиран гуайг аргалан тарваганд явах гэж “том хуйвалдаан” хийнэ, удалгүй баригдана. Бие биенээ егөөдсөн түүх нь онигоо болон алдаршсан нь ч бий. Ямартаа л сайд байхдаа өөр нэг сайдынхаа гадуур хувцасны халаасанд шүлстэй бэлгэвч хийгээд том хэрэг тарьсан байх вэ? дээ. “Хүн залгаад байхад утсаа аваагүй чиний л буруу…” гээд ход ход инээнэ. Мөхөс миний үсээ арагшаа гельдэхэд дуртай. Миний дүүгийн сүр хүч, сүлд хийморь нь үсэндээ байгаа мэт санагддаг гэнэ. Богиносгоод засчихаар эсвэл хэт ургачихаар машины салхивчинд мөнгө хавчуулчихна. Тэгээд “Та үсээ ургуулж, засуулж, сүлд хийморио олно уу?” гээд бичнэ. Ганц надад биш хүн бүрт л тохирсон егөөдөл, зан араншин, хүн ёсны харилцаа гаргана.
Хариуцсан бизнестээ алдаа гаргаагүй боловч сошиал медиа дахь байр сууринаас минь болж олон хүн Г.Батхүү агсантай холбогддог гэсэн. Бүгд л “танай хүн” гэж цоллон буруутгана. “Чи юу биччихсэн юм бэ?” гээд тодруулахдаа хэзээ ч буруутгадаггүй байсан даа. 2016 оноос хойш Г.Батхүү агсаны хамгийн хурц шүүмжлэгч, зөвлөгч нь би болсон байх. “Та ийм зүйл дээр алдаж байна”, “Таны багт ийм алдаа байна”, “Бизнест ийм гажиг гарчээ” г.м-ээр хэт хувийн, ажлын асуудлаар олонтаа мэтгэлцэнэ. “Айж ичдэггүй юм уу?” гэж заримдаа уурлана, инээнэ, бодлогоширно. Гэхдээ алдааг минь зоригтой хэлдэг хүн байх ёстой гэнэ. “Талийгаач шадар туслахаараа ажиллах санал тавихад татгалзсандаа гэмшин буяны ажил өнгөртөл хөрөг зурагных нь өмнө хүндэтгэл илэрхийлэн суусныг олон хүн гайхсан байх. “Аав нь биш”, “ах нь биш”, “гэр бүл нь биш” байхад энэ нэг нөхөр гэж цөөнгүй хүн бодсон байх. Хүний амьдралд унаж босох олон үе таардаг. Миний хувьд тусламж хэрэгтэй тэр л цаг үед Г.Батхүү гэдэг хүн боломж олгосон. “Хүнд боломж өгөх…” гэдэг юутай ч харьцуулашгүй итгэл.
“Би хүнд хамтран ажиллах санал тавихаар ихэнхи хүн байр, машин, хангамж шаарддаг. Гэтэл чи юу ч хүсэлгүй ирсэн. Өөрчлөхийг хүссэнийг минь өөртөө гал аван шинэчилсэн. Үнэхээр сонирхолтой шуналгүй хүн юм даа”
гэж та минь хэлдэг байлаа. Холын мөрөөдөл, хамтын зорилго даанч их байсан. Үүсгэн байгуулсан компаниуд нь Монгол Улсдаа татвар төлөлтөөр №7-д ороход баярладаг, ирэх жил байр ахиулахыг шаарддаг хүн дэндүү цөөхөн. Жинхэнэ эх оронч гэдэг нь 4000 шахам ажлын байр, улсдаа төлж буй татвар хураамжаар нь илэрнэ. Хүндэтгэл үзүүлэх хүмүүсийн цуваа Соёлын төв өргөө дүүртэл цуглан тасрахгүй байсан нь, хурмаст тэнгэр үе үехэн уйлагнасан нь, УИХ-ын дарга Ерөнхий сайд тэргүүтэй Монгол төр эмгэнэсэн нь таны ямар хүн явсаны баталгаа мэт. Эр хүн шиг Монгол эрийн хажууд, энэ цаг үед нь хамт амьдарсандаа ямагт бахархана аа би.
Цаг зогсоогүй… Таны Монголоо хөгжүүлэх зорилгыг дүү, үр хүүхдүүд тань үргэлжлүүлнэ гэдэгт бат итгэлтэй байна.
Ум сайн амгалан орших болтугай.
Сэтгүүлч Нэргүйн УРАНТОГТОХ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Голын усны ослын 2 дуудлага бүртгэгдэж, гурван иргэн амиа алдлаа
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 65 зөрчил бүртгэгджээ
Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
Алба хаагчид 2739 иргэний амь нас, 801.6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа
“Хүүхдийн спорт цогцолбор”-ын бүтээн байгуулалт эхэллээ
Цэндийн Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томиллоо
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийсэн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр цахилгаан хязгаарлах хуваарь
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Долоодугаар сарын 1-нээс 18 нас хүрээгүй хүүхэд скүтер, мопед, суррон унахгүй
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бич өдөр
Улаанбаатарт өдөртөө +21 градус дулаан
“Тэнгэр” олон улсын наадам зохион байгуулагдаж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван Итэй хэлэлцээ хийв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И бараалхлаа
Үер, усны ослоос урьдчилан сэргийлэх “Бүү бас” аяныг улсын хэмжээнд өрнүүлж эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +18 градус дулаан
ОБЕГ: Алба хаагчид 12 иргэний амь насыг аварч, 167 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Ээж, дүү нараа алдсан таван хүүхэд хоёр өрөө байртай болжээ
Наадмын сорилго барилдаанд О.Мөнх-Эрдэнэ харцага түрүүлэв
Монгол Улсад хүүхдийн салбарын хэвлэл мэдээлэл үүсэж хөгжсөний 100 жилийн ой тохиож байна
Зарим хүмүүсийг төрийн дээд одон медалиар шагналаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх байгаль орчны салбарын ажилтан, байгаль хамгаалагчидтай уулзлаа
Сүхбаатарын талбайд “Дэлхийн жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2026” үзэсгэлэн худал
Улаанбаатарт өдөртөө +20 градус дулаан
Гавьяат тамирчин Э.Халиунболд, олон улсын хэмжээний мастер П.Мөрөн, 2027 оны “Дакар ралли”
Ерөнхий сайд Н.Учрал: Дулаан, цахилгааны хэрэглээгээ гар утаснаас хянадаг, удирддаг боллоо
Б.Пүрэвдагва: Хүн төвтэй, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй хотын төлөө гол үйл ажиллагаагаа чиг
