Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдөр болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Хүнсний улаанбуудай, бүх төрлийн будааг татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ
Хүнсний болон үрийн улаанбуудай, бүх төрлийн будаа /цагаан, гурвалжин, шар болон бусад/, элсэн чихэр, ургамлын тосыг Гаалийн болон Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Энэ нь хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний үнэ, хангамж, нийлүүлэлтийг тогтвортой байлгах зорилготой юм. УИХ-ын чуулганаар төслийг хэлэлцэн баталвал татварыг 2020 оны 03 дугаар сарын 01-нээс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацаанд чөлөөлнө. Өнгөрсөн жил хавартаа хүйтэн сэрүүн, хүчтэй салхитай, зундаа хэт халсан зэргээс болж улсын хэмжээнд 30 орчим мянган га талбайн ургацыг хураан авч чадаагүй юм. 2020 оны хэрэгцээт гурилаа дотооддоо үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэхэд 60 мянган тонн, хаврын тариалалтад 15 мянган тонн буудай дутагдаж байна. Мөн COVID-19 халдвараас сэргийлж өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнтэй холбоотойгоор иргэд тодорхой хэмжээгээр хүнсний бараа, бүтээгдэхүүн нөөцлөх болсон нь хомсдол үүсгэж болзошгүй гэж үзжээ.
“Ахмад настны төрөлжсөн асрамжийн шинэчлэлийн хөтөлбөр”-ийг баталлаа
Асрамжийн газруудад хөрөнгө оруулалт тааруу, санхүүжилтийн механизм зохистой биш, барилга, тоног төхөөрөмж муудсан зэрэг нь үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэх, тав тухтай орчин бүрдүүлэхэд сөргөөр нөлөөлж байна. Асруулж байгаа ахмадуудын хоол, хувцас, ариун цэвэр, зөөлөн эдлэлийн зардлыг нормативын дагуу олгодоггүй, инфляцийн түвшинтэй уялдуулж индексжүүлдэггүй бөгөөд 2014 оноос хойш шинэчлэлгүй өнөөг хүрчээ. Асруулагчдын хувцас, ариун цэврийн хэрэгсэл, бусад зүйлийг худалдан авах, хувийн хэвшлийн асрамжийн газарт санхүүжилт олгохдоо сонгон шалгаруулалт явуулдагаас хугацаа алдаж, энэ хэрээр асрамжийн газруудын үйлчилгээ доголдоход хүрдэг. Мөн асруулагчид, ялангуяа алслагдсан газарт байх хүмүүс II, III шатны эмнэлгээр үйлчлүүлэхэд хүндрэлтэй, Эрүүл мэндийн даатгалын ач тусыг бараг хүртдэггүй байна. Асрамжийн газруудын хөдөлмөрийн нөхцөл хүнд, цалин бага, нийгмийн баталгаагүй зэргээс болж тогтвортой ажиллах хүнгүй болжээ. Иймээс хууль, эрх зүйн орчин, санхүүжилт, үйлчилгээний хүртээмж, чанар зэргийг цогцоор нь сайжруулахын тулд дээрх хөтөлбөрийг баталлаа. Хөтөлбөрийг 2020-2023 онд хоёр үе шаттай хэрэгжүүлнэ.
Товч мэдээ
– Тэтгэвэр барьцаалсан зээл аваагүй болон нэг сая төгрөгөөс доош дүнтэй зээлийн үлдэгдэлтэй иргэнд үнэт цаас эзэмшүүлэх ажлыг зохион байгуулахыг холбогдох сайд нар болон “Эрдэнэс Монгол” компанийн удирдлагад үүрэг болгов. Арилжааны банкны худалдаж авсан үнэт цаасны хүүгийн орлого, “Эрдэнэс силвер ресурс” компанийг Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах тухай хуулийн төсөл, танилцуулга, үзэл баримтлалыг хэлэлцүүлж, УИХ-д өргөн мэдүүлэхийг холбогдох сайд нарт даалгав.
– Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагын дотуур байранд амьдрах нэг суралцагчийн хоногийн хоолны зардал 2315 төгрөг байсныг 3000 төгрөг болгов. Хоолны зардалд энэ жил нийт 2.9 тэрбум төгрөг батлагдсан байна. Улсын хэмжээнд Мэргэжлийн боловсрол, сургалтын 80 гаруй байгууллагад 38 орчим мянган хүн суралцаж байгаагийн 5000 гаруй нь дотуур байранд амьдардаг юм.
– Дипломат болон албан паспорт эзэмшигч иргэд 90 хүртэлх хоног харилцан визгүй зорчих тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Словени Улсын Засгийн газар хоорондын төслийг дэмжив. Хэлэлцээрт ойрын өдрүүдэд гарын үсэг зурах бөгөөд дээрх төрлийн паспорт эзэмшигч монгол иргэд Европын 25 улсад визгүй зорчих боломжтой болно.
– ОХУ-ын Москва хотноо 2020 оны 05 дугаар сарын 09-ний өдөр болох “Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойн баяр”-ын цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчний 80 алба хаагч оролцохоор бэлтгэлээ хангаж байна. Ялалтын 70 жилийн ойн жагсаалд 14 мянган цэргийн алба хаагч, 190 техник, 150 онгоц, нисдэг тэрэг оролцсоны дотор Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид байсан юм.

Өнөөдөр хөх бич өдөр
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Сэлэнгэ аймгийн иргэдтэй уулзав
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 105 зөрчил бүртгэгджээ
Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн түүхэн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно
Өнөөдөр харагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө -5 градус хүйтэн
Хууль зөрчсөн, хүнд суртал үүсгэсэн 113 албан тушаалтанд хариуцлага тооцохыг Ерөнхий сайд үүрэг болголоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Арваннэгдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Засгийн газраас нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэн тогтоолоо
Ерөнхий сайд Н.Учрал дулаан гараашийг татвараас чөлөөлөх холбогдох хуулийг шинэчлэн боловсруулахыг үүрэг болгов
Ерөнхийлөгч Дархан-Уул аймгийн иргэдтэй уулзлаа
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө -2 градус хүйтэн
Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
