Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны гуравдугаар сарын 9-ний өдөр болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
“Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг байгуулна
Төрийн өмчийн концессын зүйлийн жагсаалт дахь зураг төсөл боловсруулах-барих-ашиглах-шилжүүлэх төрлөөр хэрэгжүүлэх “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийн концессын гэрээг “Монголиан транс лайн” ХХК болон “Монголиан транс ложистик” ХХК-ийн нэгдэлтэй байгуулах эрхийг Төрийн худалдан авах ажиллагааны газарт олголоо.
Концессын төслийг хэрэгжүүлэхтэй холбоотой тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хууль, журмын дагуу шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авахыг Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтарт даалгалаа.
Монгол Улсын Засгийн газрын 2022 оны нэгдүгээр сарын 12-ны өдрийн 28 дугаар тогтоолоор “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам” төслийг концессын тухай хуулийн дагуу шууд гэрээ байгуулахаар шийдвэрлэсэн юм.
“Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр замын суурь бүтэц нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян багт байрлах “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Зүүнбаян өртөөнөөс эхэлж, Ханги боомт хүртэл үргэлжилж БНХАУ-ын Мандал боомттой холбогдоно.
Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөө өртөөнөөс БНХАУ-ын Бугат өртөө хүртлэх тээврийн зайг 1722 км-ээс (Замын-Үүд-Эрээн) 1404 км (Ханги-Мандал) буюу 306 км-ээр дөт болгож, улмаар төмрийн хүдрийн тээвэрлэлтийн өртгийг 4-8 ам.доллараар бууруулна. Монгол Улсын төмрийн хүдрийг Хятадын дотоодын болон Австралийн төмрийн хүдэртэй үнийн хувьд өрсөлдөхүйц болгохоос гадна экспорт, импорт болон дамжин өнгөрүүлэх ачааны тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, олон улсын төмөр замын шинэ гарц үүсэх, 1600 гаруй ажлын байр бий болох боломж бүрдэх төсөл юм.
Төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг тогтооно
Нийслэл Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулах хүрээнд төрийн захиргааны зарим байгууллагын нэгдсэн байрыг Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэр дэх Хөшигийн хөндийд байгуулах газрын байршлыг судалж тогтоох, зураг төслийг боловсруулах болон барьж байгуулахад шаардагдах хөрөнгийг тооцож, улсын төсөв, бусад эх үүсвэрээс зохих хууль, дүрмийн дагуу санхүүжүүлэх асуудлыг судлан шийдвэрлүүлэх талаар үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж, ажлын явц, гүйцэтгэлийг улирал тутам Засгийн газарт танилцуулж ажиллахыг холбогдох сайд нарт үүрэг болголоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын энэ оны нэгдүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар Төв аймгийн Хөшигийн хөндийд Засгийн газрын байруудын нэгдсэн цогцолбор шинээр төлөвлөх, барьж байгуулах асуудлыг судалж, санал боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд нэгдсэн судалгаа хийж байна.
Хөшигийн хөндийд төрийн захиргааны байгууллагуудын нэгдсэн байрыг шинээр төлөвлөж байгуулснаар,
-Шинэ хотжилт бүхий бүс нутгийн нийгэм, эдийн засгийн өсөлтийг дэмжих
-Нийслэл Улаанбаатар хотын хөдөлмөр эрхлэлт, үйлдвэрлэл, үйлчилгээний хэт төвлөрлийг сааруулах, орон нутагт ажлын байр бий болгох
-Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй хангах, төрийн албаны үйл ажиллагааг орон нутагт өргөжүүлэх
-Шинэ хот, бүс нутагт гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдыг татаж эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг бүрдүүлэн, шинжлэх ухаан, технологи, инновацийн үйлдвэрлэл, аялал жуулчлал, худалдаа, үйлчилгээг хөгжүүлэх зэрэг үр дүн гарна гэж үзэж байгаа юм.
Товч мэдээ
· Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүд, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан хөгжлийн төслүүдээс эх үүсвэр нь бүрэн шийдэгдээгүй байгаа төслүүдийг хэрхэн санхүүжүүлэх схемийг энэ оны дөрөвдүгээр сарын 6-ны дотор боловсруулахыг даалгав.
· Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийн шинэчлэлийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх, чанартай тусламж үйлчилгээг иргэдэд чирэгдэлгүй үзүүлэхэд шаардлагатай тоног төхөөрөмж, тухайн байгууллагын үйл ажиллагааг дэмжих зориулалт бүхий хөрөнгө оруулалт болон нийт ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх зардлыг урсгал төсвөөс санхүүжүүлэх эрхийг эрүүл мэндийн байгууллагуудын төсвийн шууд захирагч нарт олгох асуудлыг шийдвэрлэж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд Б.Жавхлан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд нарт үүрэг болголоо.
· Эдийн засаг, хөгжлийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Хөрөнгө оруулалт, худалдааны газар байгуулахтай холбогдуулан Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвч”-д холбогдох нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтов.
· Хөдөө аж ахуйг дэмжих сангийн санхүүгийн үйл ажиллагаанд хийсэн хяналт, шалгалтын дүн, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Засгийн газрын хуралдаанд танилцуулав. Тус сангийн хугацаандаа төлөгдөөгүй өр, авлага, үүсгэсэн гэрээ, хэлцэл, шийдвэрүүдийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулж, сангийн өр авлагыг бууруулах чиглэлээр холбогдох арга хэмжээ авч ажиллахыг ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт даалгалаа.
Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газар

Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
Улаанбаатарт өдөртөө +13 градус дулаан
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Хаити Улсын Ерөнхий сайд Монгол Улсад талархал илэрхийллээ
Нийслэл хотын албан татварыг бууруулах тогтоолын төслийг НИТХ-аар хэлэлцүүлнэ
Шинэ уран бүтээл: Дуучин Н.Ундрал “Би чамд хайртай”
НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы Ерөнхий санал шүүмжлэл эхэллээ
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дикт Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал бараалхав
Г.Тэмүүлэнг Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдаар томилж, батламжиллаа
Цонжин болдог орчимд Х:17 чиглэлийн автобус зогсдог болно
Австралийн Холбооны Улсын парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Милтон Дик Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд оролцохоор эх орноосоо мордлоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 67 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +16 градус дулаан
Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд гарсан хээрийн түймрийг бүрэн унтраалаа
40 дэх удаагийн “Номын баяр” 9 дүгээр сарын 18-20-ны өдрүүдэд болно
Улаанбаатарт өдөртөө +14 градус дулаан
2027 оны хаврын улирлын хүнсний хэрэгцээнд 15.0–20.0 мянган тонн нөөцийн мах бэлтгэнэ
Хууль зүй, дотоод хэргийн сайдыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө
