Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, тэргүүн зэргийн “Чингис хаан” одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат агсанд хүндэтгэл үзүүлж, салах ёс гүйцэтгэх төрийн ёслолын ажиллагаанд үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх:
“Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүн Пунсалмаагийн Очирбат Тантай монгол төр, Монголын ард түмэн өнөөдөр гүн хүндэтгэлтэйгээр салах ёс гүйцэтгэж байна.
Эрхэм хүмүүн Таны гэр бүл, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хайртай дотно хүмүүст тань монгол төр, Монголын ард түмний нэрийн өмнөөс гүн эмгэнэл илэрхийлье.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч Та төр улсынхаа тэргүүн, өрх гэрийнхээ өмөг түшиг, үр хүүхдийнхээ ачлалт эцэг, халамжит хань, анд нөхдийнхөө итгэлт нөхөр, шавь нарынхаа ачит багш, ард түмнийхээ соён гэгээрүүлэгч байлаа.
Эрхэм Та эгэл жирийн малчны амьдралаас улсын Ерөнхийлөгч, уул уурхайн инженерээс төрийн сайд, эрдэмтэн, академич хүртлээ төр улсдаа хүчин зүтгэж, төр, түмнийхээ төлөө өөрийн ухамсарт амьдралаа зориулсан билээ.
Бүх ард түмнээсээ сонгогдсон анхны Ерөнхийлөгч, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч байсан эрхэм Та төрийн томилолт, түмний сонголт, тэнгэрийн цагийн тохиолоор ардчилсан Монгол Улсын анхны хэмээх олон түүхэн үйл хэргийн эзэн байж, улс эх орноо ардчилал, зах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх амаргүй бөгөөд хариуцлагатай өөрчлөлт, шинэчлэлтийн их үйл хэрэгт үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан төр, нийгмийн нэрт зүтгэлтэн юм.
Эрхэм хүмүүн Та улс орныхоо нийгэм, эдийн засгийн шилжилтийн хүндхэн он жилүүдэд БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, БНМАУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллахдаа Монгол Улсын ардчилсан Үндсэн хуулийг боловсруулах комиссын даргаар ажиллаж, удирдан батлуулж, уг эхийг Төрийн тэргүүний хувиар нотлон баталгаажуулж, хожим нь Үндсэн хуулийн цэцийн гишүүний хувиар чандлан сахиулах түүхэн хувь зохиол Танд тохиосон.
Эрхэм анхны Ерөнхийлөгч Та ардчилсан Монгол Улсын Гадаад бодлогын үзэл баримтлалыг анхлан батлуулж, хоёр хөрш болон дэлхийн бусад улс оронтой найрсаг, тэнцвэртэй харилцааг хөгжүүлж, улс орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг улс төр, дипломатын аргаар сахин бэхжүүлэх хийгээд Монгол Улс цөмийн зэвсгээс ангид байж даян дэлхийн энх тайван, аюулгүй байдалд хувь нэмрээ оруулах их үйл хэргийг манлайлсан манай улсын тэргүүн дипломатч байлаа.
Таны эх орныхоо хөгжил цэцэглэлтийн төлөө байгуулсан онцгой гавьяа зүтгэлийг тань монгол төр өндрөөр үнэлж, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одон хүртээж, Таны шинжлэх ухаанд оруулсан жинтэй хувь нэмэр, бүтээл туурвилд тань Монгол Улсын Төрийн шагнал олгосон билээ.
Мөн Таны олон улсын харилцаа, хамтын ажиллагаанд оруулсан хувь нэмрийг улс орон, олон улсын байгууллагууд өндрөөр үнэлэн өөрсдийн эрхэм дээд шагнал, хүндэт цол хэргэмийг хүртээсэн нь таныг олон улсад нэр хүндтэй эрхэм байсныг илтгэнэ.
Ардчилсан Монгол Улсыг дэлхий дахинаа зарлан тунхаглаж, эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг бататган бэхжүүлж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэх үндэс суурийг тавихад оруулсан Таны манлайлал, гавьяа зүтгэл, түүхэн үйл хэргийг монгол төр, Монголын ард түмэн үеийн үед хүндэтгэн дурсах болно.
Эрхэм хүндэт анхны Ерөнхийлөгч, азай буурал ах Тантай учран танилцаж, уулзан ярилцаж байсан халуун дотно мөчүүд, инээмсэглэл тодруулсан элгэмсэг сайхан дүр төрх, илэн далангуй хөгжилтэй яриа, гэгээн сайхан дурсамжууд одоо ч миний зүрх сэтгэлд тодхон санагдаж байна.
Мөнх хөх тэнгэр шигээ тэнүүн, цэлгэр тал нутаг шигээ уужуу, сүрлэг өндөр хайрхад шигээ өмөг түшигтэй эрхэм Таны эгэл даруу, элэгсэг дотно, нөхөрсөг дөлгөөн зан чанар, эвийг эрхэмлэж, нөхөрлөлийг хүндэтгэдэг хүнлэг сайхан харилцаа манай ард түмний зүрх сэтгэлд үүрд мөнхөд хоногшин үлдэх болно.
Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, БНМАУ-ын АИХ-ын Тэргүүлэгчдийн дарга, Монгол Улсын төрийн дээд шагнал “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, Монголын ард түмний эрхэм хүмүүн Та мөнх хөх тэнгэртээ амгалан залрах болтугай.
Мөнх хөх тэнгэр та биднийг ивээх болтугай” гэлээ.







Аюулт үзэгдэл, ослын 104 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 71 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө + 2 дулаан
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсын Ерөнхий сайд С.Такаичи нар утсаар ярив
Улаанбаатарт өдөртөө +1 градус дулаан
Төрийн үйлчилгээний 52 мянган албан хаагчийн үндсэн цалинг нэмэгдүүллээ
УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд “Нээлттэй парламент” танхимд иргэдтэй уулзаж, санал хүсэлтийг сонслоо
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна
“Монголын сайхан орон” тоглолтыг Минск хотноо толилууллаа
Томуугийн эсрэг вакцинжуулалтын хамралт 91 хувьд хүрлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 59 зөрчил бүртгэгджээ
Арваннэгдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Беларусь Улсад төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажиллагаа 12 дахь өдрөө үргэлжилж байна
Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
