Монгол Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтын Бельгийн Хаант Улсад хийж буй албан ёсны айлчлал өнөөдөр /2026.08.28/ эхэллээ.
Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Улсын Их Хурлын дарга С.Бямбацогтыг угтан мэндчилсэн бөгөөд Улсын Их Хурлын дарга “Хүндэт зочны дэвтэр”-т гарын үсэг зурсны дараа парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувертай албан ёсны уулзалт хийлээ.
Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер Монгол Улсад 10 жилийн өмнө айлчилж байснаа дурсаад, монголын өргөн уудам нутаг, анир чимээгүй амгалан байдлыг өдгөө ч санан дурсаж явдаг гэлээ.
Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт парламентын олон жилийн түүхтэй оронд хууль тогтоох байгууллагын тэргүүний түвшинд 24 жилийн дараа айлчилж, хоёр улсын парламентын харилцааг шат ахиулах боломж тохиосонд талархаж байгаагаа илэрхийлсэн юм.
Тэрбээр, Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойших 30 гаруй жилийн хугацаанд ардчилсан парламентын үнэт зүйл болох хүний эрх, эрх чөлөө, хууль дээдлэх зарчмыг баримталсаар ирснийг тодотгоод, сонгуулийн холимог тогтолцоогоор байгуулагдсан 126 гишүүнтэй парламент, эмэгтэй гишүүдийн тоогоор Ази тивийн дундаж үзүүлэлтийг давсан ололт, амжилтын талаар танилцуулсан.
Хоёр том хөршийн дунд орших далайд гарцгүй орон хэдий ч парламентын ардчиллыг бэхжүүлж, сайжруулах зорилготой гэдгийг мөн тодотгосон юм.
Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, хоёр том гүрний дунд оршдог ч парламентын ардчиллыг бэхжүүлж, хоёр хөрш улстайгаа харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж буй амжилтаар бахархаж буйгаа онцолсон.
Улсын Их Хурлын дарга, Монгол Улс эрчим хүч, шатахууны хувьд ОХУ-аас тодорхой хэмжээний хараат, экспортын 70-80 хувь нь БНХАУ руу чиглэдэг хэдий ч гуравдагч хөрштэй харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхийг. чухалчилж үздэг хэмээсэн. Европын Холбооны улс орнуудад 70 гаруй мянган монгол иргэн оршиж сууж буйн 2500 орчим нь Бельгийн Хаант Улсад амьдарч буйг тэрбээр дурдаад, Монгол Улстай иргэдийн зорчих эрхийн визийн нөхцөлийг хөнгөвчлөх саналыг Европын Комисст уламжилж, албажуулсанд талархлаа илэрхийллээ.
Визийн нөхцөлийг хөнгөвчилснөөр харилцаа, хамтын ажиллагаа шинэ шатанд гарах нөхцөл бүрдэнэ гэдэгт итгэж буйгаа Улсын Их Хурлын дарга илэрхийлээд, Европын Холбооны түвшинд монголын иргэдийн эрх ашгийг хамгаалах асуудалд анхаарлаа хандуулж, шуурхайлан шат ахиулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг хүслээ.
Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Рувер, Визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлыг парламентын зүгээс дэмжин ажиллана хэмээн мэдэгдсэн юм.
Уулзалтын төгсгөлд Улсын Их Хурлын дарга С.Бямбацогт Төлөөлөгчдийн танхимын дарга Питер Дэ Руверыг Монгол оронд айлчлахыг урилаа.
Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Монгол-Бельгийн парламентын бүлгийн дарга Г.Тэмүүлэн, Улсын Их Хурлын гишүүн, тус бүлгийн дэд дарга М.Нарантуяа-Нара, Улсын Их Хурлын гишүүн Б.Мөнхсоёл, Улсын Их Хурлын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, Монгол Улсаас Бельгийн Хаант Улсад суугаа Элчин сайд Л.Болд болон албаны бусад хүмүүс оролцов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

УИХ-ын дарга С.Бямбацогт Бельгийн Хаант Улсын Холбооны парламентын Төлөөлөгчдийн танхимын даргатай уулзаж, визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудлаар санал солилцлоо
“Алтан намар 2026” төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдаа нийт 18 байршилд болж байна
“Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 300 оюутан гадаад улсыг зорилоо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 42 зөрчил бүртгэгджээ
Үс засуулахад өлзийтэй маш сайн
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Онцгой байдлын алба хаагчид 12 хүний амь насыг авран хамгаалж, 35 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Б.Пүрэвдагва: COP17 хурлын үеэр Улаанбаатар хот өнөөдрийн байдлаар 400 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт татаад байна
У.Хүрэлсүх: COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхих бус, бодит шийдвэр, үр дүн гаргана
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг байгааг нэг сая төгрөг болгохоор шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангид 18254 хүүхэд бүртгүүлээд байна
Ү.Оюунзул: COP17 хурлын бүтээн байгуулалт нийслэлийн өмч болон үлдэнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатарт өдөртөө +22 градус дулаан
“Явган алхалт бол иргэн бүрд хүртээмжтэй нийгмийн эрүүл мэндийн бодлого”
УИХ-ын дарга С.Бямбацогт КОП17 бага хурлыг бодит үр дүнд хүргэж, хөрөнгө оруулалт татахад анхаарч ажиллахыг үүрэг болгов
Эхний 24 цагийн байдлаар 60,557 хүүхэд цэцэрлэгт бүртгүүлээд байна
Наймдугаар сарын 17-28-ны өдрүүдэд богино эргэлтийн хоёр чиглэлд автобус үнэ төлбөргүй үйлчилнэ
Улаанбаатарт өдөртөө +25 градус дулаан
Наймдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Бүх шатанд хэмнэлтийн горимд шилжиж, найр наадам, зөвлөгөөн, гадаад томилолтыг хориглолоо
