Засгийн газрын ээлжит хуралдаан 2026 оны есдүгээр сарын 9-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.
Төрийн өмчит зарим үйлдвэрийн газрыг өөрчлөн байгуулах, татан буулгах Засгийн газрын тогтоол батлагдлаа
“Төрийн өмчит үйлдвэрийн газрын талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдсанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хууль хэрэгжиж эхэллээ. Төрийн өмчит үйлдвэрийн газруудын 30 хувийг цомхотгож, 25 байгууллагыг төсвөөс гаргалаа. 108-324 орон тоог оновчилж, цалин бусад урсгал зардлаас 30 тэрбум төгрөг хэмнэнэ” гэдгийг Ерөнхий сайд Н.Учрал мэдэгдлээ.
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн засаглалын тухай хуулийг 2027 оны нэгдүгээр сарын 01-нээс дагаж мөрдөхтэй холбогдуулан хуулийн хэрэгжилтийг хангах хүрээнд төрийн өмчийн компани болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, төрийн өмчит нийтийн үйлчилгээний байгууллага болгон өөрчлөн байгуулах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалт, татан буулгах төрийн өмчит үйлдвэрийн газрын жагсаалтыг Засгийн газрын тогтоолын хавсралтаар тус тус батлав.
Тогтоолын төсөлд тусгагдсанаар нэгтгэх, татан буулгах арга хэмжээнд төрийн өмчит үйлдвэрийн 25 газар хамрагдаж байна. 2025 оны байдлаар эдгээр байгууллага нийт 2,162 ажилтантай, 73.2 тэрбум төгрөгийн жилийн цалингийн сантай ажиллажээ.
Урьдчилсан тооцооллоор удирдлага, захиргаа, үйлчилгээний давхардсан чиг үүргийг нэгтгэн, бүтэц, орон тоог оновчтой болгоно. Байгууллагуудын байр ашиглалт, тээврийн үйлчилгээ, бичиг хэрэг, худалдан авах ажиллагаа, мэдээллийн технологи болон бусад захиргаа, үйлчилгээний чиг үүргийг төвлөрүүлснээр урсгал зардлыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг нэмэгдүүлнэ.
Цаашид улсын төсвөөс санхүүгийн дэмжлэг авдаг байгууллагуудын бүтэц, үйл ажиллагааг оновчтой болгосноор үр ашиг нэмэгдэж, төсвийн ачаалал үе шаттай буурна үзэж байна.
2025 тайлангаас үзвэл төрийн өмчит үйлдвэрийн 65 газар 7,030 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр 65 газрын 26 нь үйл ажиллагааныхаа орлогоор зардлаа бүрэн санхүүжүүлдэг бол 39 нь улсын төсвөөс нийт 153.1 тэрбум төгрөгийн татаас авч байна.
Архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлж, эмийн зардлын дарамтыг бууруулна
“Эрүүл мэндийг дэмжих жил-2027”-ийн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг улсын хэмжээнд нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг Эрүүл мэндийн сайд Э.Батшугарт, төлөвлөгөөнд туссан салбар дундын арга хэмжээний хэрэгжилтийг хангаж, бүх талын дэмжлэг үзүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
Төлөвлөгөөнд дөрвөн зорилтын хүрээнд 18 арга хэмжээ тусган баталж, иргэдийн эрүүл мэндийг сайжруулах, өрхийн болон төрийн эрүүл мэндийн зардлыг бууруулах, өвчлөлийн хүндрэлээс сэргийлэх, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэжээ.
Өнөөдөр хөнгөлөлттэй эм хэрэглэж байгаа 873 мянган иргэний 584 мянга буюу 67 орчим хувь нь артерийн даралт, цус бүлэгнэлтийн эсрэг эм болон чихрийн шижингийн эм хэрэглэж байна. Эмчилгээг тогтмол үргэлжлүүлэх боломжгүйгээс өвчин хүндрэх нь иргэдийн эрүүл мэндэд төдийгүй эрүүл мэндийн салбарын зардалд шууд нөлөөлж байна. Иймд нэгдүгээрт, архаг өвчтэй иргэдийн эмчилгээг тасралтгүй үргэлжлүүлэх, эмийн зардлын дарамтыг бууруулахад онцгой анхаарна.
Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх арга хэмжээг төлөвлөгөөнд тусгажээ.
Гуравдугаарт, урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үр дүнг нэмэгдүүлж, илэрсэн эрсдэл, өвчлөлийг эмчилгээ болон эмчийн хяналттай заавал холбох тогтолцоог бэхжүүлнэ.
Дөрөвдүгээрт, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, эрүүл мэндийн ажилтнуудын мэргэжлийн ур чадвар, тасралтгүй хөгжлийг дэмжинэ.
“Эрүүл мэндийг дэмжих жил”-ийг нэг жилийн кампанит ажил бус, иргэдийн эрүүл мэндийн үр дүнг сайжруулах, тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, салбарын нөөцийг илүү үр ашигтай ашиглах өөрчлөлтийг эрчимжүүлэх жил болгон хэрэгжүүлэхээ Эрүүл мэндийн сайд Э.Батшугар онцолж байна.
Товч мэдээ
· Монгол Улсын Засгийн газар, Япон Улсын Засгийн газар хооронд солилцох ноот бичгийн болон Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хоорондын “Чингис хаан олон улсын нисэх буудлын өргөтгөлийн төсөл”-ийн зээлийн гэрээний төслийг хэлэлцэн дэмжээд Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороодтой зөвшилцөхөөр тогтлоо.
· Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хоорондын “Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр”-ийн хүрээнд хэрэгжүүлэх “Эдийн засгийн хүндрэлийн үед боловсролын чанар хүртээмжийг сайжруулах төсөл-2 дахь нэмэлт санхүүжилт” болон “Аймгуудын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах, эрчимжүүлэх төсөл”-ийн зээлийн хэлэлцээрүүдэд гарын үсэг зурахаар болов.

Шинэ уран бүтээл: Дуучин Э.Мөнгөнчимэг “Ээжээ санаад”
Нийслэлийн 387 жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаанд 256 бөх зодоглож байна
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ШТС-ууд дараалал харгалзахгүй үйлчилнэ
Ой, хээрийн түймэр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 29 хувиар буурчээ
Хельсинки хотноо Финланд-Монголын бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Финландын парламентын дарга бараалхлаа
Өнөөдөр цагаагчин хонь өдөр
Улаанбаатарт өдөртөө 0 градус орчим байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 83 зөрчил бүртгэгджээ
Нийгмийн болон суурь дэд бүтцийн тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг эргүүлэн татахаар тогтлоо
Сүхбаатар дүүрэг зам талбайн цэвэрлэгээнд 185 хүний бүрэлдэхүүнтэй 56 техниктэй ажиллаж байна
10 дугаар сард гол, нуурын мөс цөмөрсөн 2 тохиолдол бүртгэгдэв
Монгол, Германы шинжлэх ухааны өдөрлөгийг Берлин хотноо зохион байгууллаа
Ерөнхий сайд Н.Учрал цахим залилантай тэмцэх тогтолцоог цогцоор нь шинэчлэх үүрэг өглөө
435 мянган ахмад настан ирэх сарын 1-нээс шинээр суурь тэтгэвэр авч эхэлнэ
Улаанбаатарт өдөртөө +4 градус дулаан
Улаанбаатар хотод 450 км дугуйн замын сүлжээ бий болгоно
Хиймэл оюунд суурилсан залилангаас урьдчилан сэргийлэх нөлөөллийн аян эхэллээ
Нийслэлийн 166 дугаар сургууль Кембрижийн хөтөлбөр хэрэгжүүлж эхэллээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 80 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны II ээлжийн цэрэг татлага аравдугаар сарын 16-18-нд болно
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар төрийн айлчлал хийнэ
