АЖ Ц.Гантөмөр агсныг төрөлх театрынх нь алтан тайзнаас сүүлчийн замд үднэ

2016 оны 03-р сарын 17 өдөр, 11 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын тайз, дэлгэцийн урлагийн алдарт зүтгэлтэн, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Цэрэндэжидийн Гантөмөр 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж монголын соёл урлагийн салбарт хүнд гарз тохиолоо.

Цэрэндэжидийн Гантөмөр нь 1935 онд Архангай аймгийн Хашаат сумын нутагт төрж, 7 жилийн дунд сургууль, нийслэлийн 1-р дунд суруулийг төгсөөд 1954 оноос Улсын Хөгжимт Драматик Театр буюу одоогийн Улсын Драмын Эрдмийн Театрт ажиллаж эхэлснээс хойш театрын урлагт нэгэн жарны турш бүтээлч хөдөлмөрөө зориулж, дэлхийн сонгодог болон үндэсний 100 гаруй жүжгийн гол болон туслах дүр, дэлгэцийн 20 гаруй дүрийг авъяас билэг, хөдөлмөр зүтгэл, сэтгэл оюунаа шингээн урласан дүр бүтээх ухааны их мастер байлаа.

Ц.Гантөмөрийн ур ухаан, бүтээлч амьдралаа зориулан бүтээсэн олон шилдэг дүр нь үндэсний театр, киноны урын санг баяжуулж Монголын тайз, дэлгэцийн урлагийг хөгжүүлэхэд онцгой хувь нэмэр оруулсныг төр засагаас өндрөөр үнэлж Ардын хувьсгалын ойн медалиуд, Халх голын 30 жилийн ойн медаль, Засгийн газрын “Хүндэт жуух бичиг”, Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэгээр шагнаж 1966 онд БНМАУ-ын Гавъяат жүжигчин, 1981 онд Ардын жүжигчин цол, 1990 онд Монгол Улсын Төрийн шагнал, 2006 онд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тус тус хүртээжээ. Мөн хоёр улсын театруудын олон жилийн бүтээлч хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан их хувь нэмэр, гавъяа зүтгэлийг нь үнэлж ОХ-ны Буриад улсын Ардын жүжигчин, “Жуух бичиг”-ээр шагнасан юм.

Ц.Гантөмөр нь театрын урлагийн алдар хүндтэй жүжигчин төдийгүй уран бүтээлийн залгамж халаа, шинэ залуу авъяастан жүжигчдийг сурган хүмүүжүүлж тэдэнд дүр бүтээх, урлахуйн ухааны элбэг баян уламжлал туршлагаа өвлүүлэн үлдээж театрын ахмад-залгамж хойч үеийн холбоог бэхжүүлэх соён гэгээрүүлэх үйлсэд өөрийн ухамсарт амьдрал, бүтээлч үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн зориулж ирсэн эрхэм хүндтэй багш СУИС-ийн хүндэт профессор байсан.

3-р сарын 21-ны өглөөний 05:40-07.40 цагийн хооронд Төрөлх театрынх нь Алтан тайзнаас сүүлчийн замд нь хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа болно.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх