Зуслангийн газраа хэрхэн өмчлөх вэ?

2016 оны 04-р сарын 11 өдөр, 09 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Та зуслангийн газар эзэмшдэг бол түүнийгээ өмчлөлийн эрхээр сольж болно. Харин зуслангийн газрыг шинээр олгох асуудал энд яригдаагүй гэдгийг сануулъя.

Зуслангийн газрын эзэмших эрхээ өмчлөх эрх болгон баталгаажуулахын тулд есдүгээр сарын 15-наас өмнө харьяа дүүргийнхээ Өмч харилцааны газарт бүртгүүлэх шаардлагатай. Хэрэв өөрийн биеэр очиж, цаасаар материалаа бүрдүүлэх боломжгүй бол www.Land.ulaanbaatar.mn сайтад нэвтэрч, цахимаар бүртгүүлж болно. Хүсэлт гаргах иргэн нь www.land.ulaanbaatar.mn сайтаар дамжуулан зуслангийн газраа өмчлөх өргөдлөө гаргана.  Ингээд системд иргэд өөрийн болон эзэмшил газрын талаарх мэдээллийг оруулан бүртгүүлж, өмчлөгдөх боломжтой эсэх, тодорхой зөрчил арилсны үндсэн дээр өмчлөгдөх зэрэг хариуг холбогдох тайлбарын хамт хүлээн авна. Тухайн шаардлага бүрэн хангасан тохиолдолд холбогдох материалыг Сүхбаатар, Чингэлтэй дүүргүүдийн Өмч, газрын харилцааны албадад хүргүүлснээр газар өмчлөлийн асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой юм.

Энд сануулахад, өмнө нь нийслэлээс зарласан 52 байршилд газар өмчлөхөөр цахим сайтад хандаж, бүртгүүлсэн иргэд дахин мэдээллээ оруулах шаардлагагүй. Гэхдээ яаж нэвтэрч орох эсэхээ мэдэхгүй, нууц кодоо мартсан бол и мэйл хаяг болон утсанд ирсэн зурвасаа эргэн санаарай.Албаныхны мэдээлж буйгаар нийт 40 мянга орчим өрх зуслангийн газарт, суурьшиж амьдардаг. Сүхбаатар дүүрэг – 17, Чингэлтэй дүүрэг – 9 зуслангийн ам бий. Ам бүрд газрын ерөнхий төлөвлөгөө хийж баталсан. Нийт 40 мянга 059 гэр бүлийн хэрэгцээний газраас 21 мянга 483 нэгж талбарыг нь өмчлөх боломжгүй гэж нийслэлийн удирдлагууд тооцжээ. Харин Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт байрлах зуслангийн ам, газруудыг хэсэгчилсэн ерөнхий  төлөвлөгөөнд орж, батлагдсаны дараа  газрыг нь иргэдэд өмчлөх юм байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх