Сонгуульд өрсөлдөхөөр 79 бие даагч мөрийн хөтөлбөрөө хүргүүлжээ

2016 оны 04-р сарын 22 өдөр, 09 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Хоёр сар хүрэхгүй хугацааны дараа болох УИХ-ын сонгуульд өрсөлдөх 14 нам, хоёр эвсэл, 79 бие даагчид мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Эндээс харахад  зөвхөн бие даагчид л гэхэд танхим бүрдүүлэх хэмжээний оролцох нь.

Гэвч бие даагчдын дунд дуучин Нара, Арго багш , зураач Өнөрчимэг гэх зэрэг урлаг, спортыхон багтаж байгаа. Энэ нь нэг талаасаа Үндсэн хуулиар олгогдсон сонгох сонгогдох эрхээ эдлэж байгаа хэрэг. Нөгөө талаа УИХ-ын гишүүн хууль тогтоох дээд байгууллага гэдэг нь хэн дуртай  хийж болдог хэн хүссэн нь орж болдог ажил биш байлтай.

  Харин 14 нам хоёр эвсэл мөрийн хөтөлбөрөө боловсруулж Аудитын газарт хянуулахаар хүргүүлээд байна . Эрх баригч АН “Монгол хүн 2020” хөтөлбөрөө үргэлжлүүлэхээ болсон бол МАН “Бид хамтдаа” мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлжээ. Тус намын хувьд МАХН-тай эвсэх эсэхээ шийдэж, хамтран мөрийн хөтөлбөрөө боловсруулахаар зэхэж байсан ч бүтэлгүйтсэн. МАХН-ын хувьд “Хөгжлийн их хөтөлбөр” нэртэй мөрийн хөтөлбөрөө мөн л хуулийн хугацаандаа хүргүүлжээ.

УИХ-д суудалтай ИЗНН-ынхан “Амьдрал” нэртэй мөрийн хөтөлбөр боловсруулсан байна. Тэд 2012 онд эл мөрийн хөтөлбөрөөрөө сонгуульд оролцож байсан билээ.

Энэ хаваржингаа л даргын холио солио хийж бужигнасан ХҮН “Эрх тэгшийн хувьсгал” мөрийн хөтөлбөрөөр энэ удаагийн сонгуульд өрсөлдөхөөр болж байна .

 УИХ-ын гишүүн Г.Уянга даргаар нь томилогдсон Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын ногоон намтай эвсэж “Нэгдмэл Монгол” эвсэл байгуулсан билээ. Тэд “Ард түмний итгэл найдвар-Цэвэр төр” мөрийн хөтөлбөрөө хянуулахаар Аудитын Үндэсний газарт хүргүүлжээ.

Энэ мэт нам, эвсэл, бие даагч гишүүдийн мөрийн хөтөлбөрийг Аудитын газарт хүлээж авах хуулийн хугацаа дуусгавар болсон. Нам, эвслүүдийн мөрийн хөтөлбөрийн “сүржин” нэрнээс харахад л улс орон хөгжиж, иргэдийн амьдрал сайжирч, хамтдаа хөгжиж, дэвжиж, хувьсгал хийхээр харагдаж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх