МУСГЗ, зураач Ц.Мөнхжин: Залуучууд итгэл алдарч, зэвэрсээр байгаад дуусч болохгүй биз дээ

2016 оны 05-р сарын 19 өдөр, 15 цаг 08 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монголын Залуучуудын Холбооноос Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг энэ сарын 21-нд зохион байгуулах гэж байна. Үүнтэй холбогдуулан Залуу уран бүтээлчдийн хоёрдугаар зөвлөгөөнд оролцож явсан, МУСГЗ, зураач Ц.Мөнхжингийн сэтгэгдлээс хуваалцлаа.

Залуу уран бүтээлчдийн улсын II зөвлөгөөнд оролцож байсан. Тэр үед ямар уур амьсгалтай, ямар үр дүнтэй хурал болж байв?

1989 онд Залуучуудын Соёлын төвийн байранд Залуу Уран Бүтээлчдийн Улсын хоёрдугаар зөвлөгөөн болж байлаа. Тэр үед  чөлөөт нийгэм рүү шилжих гээд нийгэм,  улс төрийн байдал ороо бусгаа тийм цаг үе байсан. Яг энэ үед Залуу уран бүтээлчдийн улсын хоёрдугаар зөвлөгөөнийг МХЗЭ зохион байгуулж, шинийг эрэлхийлдэг, дэвшилт үзэлтэй театрынхан, зураач барималч, сэтгүүлч, зохиолч гээд урлагийн уран бүтээлчид бүгд оролцсон. Тэд өөрсдийнхөө бодож санаж явдаг зүйлийг ярьж, шинэлчлэх өөрчлөх уур амьсгал дүүрэн зөвлөгөөн болсон. Түүний дараахан Ардчилсан холбоо үүсч байсан түүхтэй.

26 жилийн дараа МЗХ Залуу уран бүтээлчдийн улсын III зөвлөгөөнийг зохион байгуулах гэж байна.  Өнөөдрийн нийгэмд өөрчлөлтийн салхи оруулж залуу уран бүтээлчдийн үзэл бодлыг сонсож, тэдний дуу хоолойг нэгтгэх цаг үе нь мөн үү?

Залуу хүн гэдэг чинь эх орны ирээдүй, улсынхаа дараагийн үеийг авч  явах ганц залгамж. Өнөөдрийнх  шиг  үлбэгэр нийгэмд залуучууд зоригтой гарч ирэх цаг нь болсон. Манай Монгол үнэхээр хүнд байдалд орчихоод байна. Монгол хүн бүр эх оронч сэтгэлтгээтэй, эх орноо хайрлах, уламжлалт ёсоо дээдлэх, эх хэлээ хамгаалах хайрлах ёстой. Гэтэл өнөөдөр гадны соёл газар авч, түүнийгээ бишрэн шүтэж, даган дууриах болж. Тэр их шүтэн бишрээд байгаа гадаадын соёл чинь Монгол хүний тархийг ээдүүлж, гашилгаж байна. Мөнгө шүтэн газар нутгаа худалдаж, хэдхэн хүн ханцуйн дотроо наймаалцаж байгалийн баялгаа гадагш зөөж байна. Энэ чинь Монгол улс хөгжлийн буруу замаар яваад байгаагийн нэг илрэл. Тиймээс залуучууд маань үзэл суртал яриа хэлээрээ сэтгэлээ нийлүүлж хамгаалахгүй бол болохгүй болжээ. Манай өвөг дээдэс халуун амиараа, зэвсгээрээ хамгаалж байсан бол одоо залуучууд үзэл бодол, оюун сэтгэлгээгээрээ Монголоо хамгаалах цаг ирсэн.  Энэ ч утгаараа Залуу уран бүтээлчдийн улсын гуравдугаар зөвлөгөөнийг Монголын залуучуудын холбоо зохион байгуулж байна гэж бодож байна. Залуучуудаа уриалан дуудаж, улам гялалзуулах байх.

Та ахмад уран бүтээлчийнхээ хувьд энэ удаагийн зөвлөгөөнийг ямар байгаасай гэж хүсч байна. Үүнээс ямар үр дүн  хүлээж байна?

Энэ удаагийн зөвлөгөөнөөр уран бүтээлчид маань зүгээр уулзаад, уран бүтээлээ солилцоод өнгөрөх биш  эх оронч үзэл, буруу нийгмийг  өөрчлөх Монгол хүний сэтгэлээр нийлсэн уулзалт байгаасай гэж хүсч байна. Хоёрдугаар зөвлөгөөн ч мөн ийм болж байсан.  Ер нь ахмадаа хүндлэн,  залуучууддаа тушиглэн  эр орноо гээд эхлэхээр нийгэм сэргээд ирнэ. Залуучууд итгэл  алдарч зэвэрсээр байгаад дуусч болохгүй биз дээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх