ЕАБХАБ-ын хүний эрхийн газраас сонгуулийн үеэр ажиглах хороо томилжээ

2016 оны 05-р сарын 21 өдөр, 12 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага (ЕАБХАБ)-ын дэргэдэх Ардчилсан институтууд, Хүний эрхийн газар (АИХЭГ)-аас Монгол улсын 2016 оны УИХ-ын Сонгуулийг ажиглах хороог томилжээ.АИХЭГ нь ЕАБХАБ-ын гишүүн 57 орны тогтвортой байдал, ардчиллыг тууштай хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой байгууллага бөгөөд гишүүн улсуудын сонгуулийн явцад ажиглагчаар оролцож, зөвлөмж өгдөг байна. Энэ оны дөрөвдүгээр сард ГХЯ-ны урилгаар АИХЭГ-ын судалгааны баг ирж, сонгуулийг ажиглах талаар судалгаа явуулсан байна. Судалгааны багаас УИХ-ын 2016 оны сонгуульд АИХЭГ-аас Үндсэн баг, урт болон богино хугацааны баг гаргах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан хэмээн Сонгуулийг ажиглах хорооны дарга хатагтай Оадри Гловер мэдээлэв.

сонгуулийн ажиглагчТэрбээр, “Манай хороо анх 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ажиглалт хийж байсан. Энэ үеэр сонгуульд оролцогч бүх талуудтай нягт хамтран ажилласан. Энэ удаад ч бас бүх нам, эвслүүд бидэнтэй хамтран ажиллана гэж итгэж байна. Сонгууль ажиглах үндсэн багт 11 орны 12 шинжээч багтсан. Үүнд хуулийн, сонгуулийн, улс төр, хэвлэл мэдээллийн шинжээч багтсан. Харин урт хугацааны баг энэ сарын 25-нд ирж ажиллана. Сонгууль болохоос богино хугацааны ажиглагчид ирж, хэсгийн хороодод ажиллах юм. Бид сонгуулийн шинэ хууль, компанит ажил, хэвлэл мэдээллийн сурталчилгаа, саналын хуудас тоолох технологи зэрэгт төвлөрөн ажиллаж, СЕХ болон бусад албаны хүмүүст зөвлөмж хүргүүлнэ. Уг зөвлөмжийг дагах эсэх нь Монгол Улсын шийдэх асуудал юм. Ямартай ч Монгол Улс ЕАБХАБ-ын хувьд сонгуулийн ил тод, шударга, тэгш хүртээмжтэй явуулах ёстой” хэмээв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх