Зорчигч тээврийн нэгтгэлээс ноцтой зөрчил илэрч, АТГ-т шалгуулахаар болжээ

2016 оны 07-р сарын 05 өдөр, 13 цаг 48 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.”Зорчигч тээврийн нэгтгэл” ТӨҮГ-т хийсэн хяналт шалгалтаар хэд хэдэн ноцтой зөрчил илэрчээ.

  • Тус байгууллага нь жилд 20 орчим тэрбум төгрөгийн худалдан авалт хийдэг. Ингэхдээ худалдан авах ажиллагааны хууль дүрмийг баримталдаггүй нь шалгалтаар илэрсэн. Мөн тендер шалгаруулалтын урилга, үр дүнг худалдан авах ажиллагааны цахим хуудаст оруулдаггүй.
  • Шатахуун худалдан авахад жилд дунджаар 10 тэрбум төгрөг баталдаг бөгөөд 2014, 2015 онуудад тендер шалгаруулалт зарлалгүй, “Алхана трейд” ХХК-аас шууд худалдан авалт хийсэн.
  • “Алхана трейд” ХХК, М-Ойл Групп ХХК-тай байгуулсан Шатахуун худалдах, худалдан авах тухай гэрээнүүдийн хугацаа дууссан хэдий ч тус байгууллагын Удирдах зөвлөлөөс 2016 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн 04 тоот тогтоол гарч “2016 оны бизнес төлөвлөгөө батлагдаж, нээлттэй тендер зарлагдан гэрээ хийж хэрэгжих өдрийг хүртэлх хугацаанд шаардагдах шатахууныг 2015 онд хийгдсэн гэрээгээр үргэлжлүүлэн худалдан авахыг зөвшөөрсүгэй” гэсэн тогтоол гарсны дагуу худалдан авалтаа хийж байсан. Ингэхдээ бөөний үнээс 50 төгрөгөөр илүү өндөр үнээр шатахуун худалдан авсан ноцтой зөрчил гаргасан.

Дээрх зөрчлүүд нь тус байгууллагын холбогдох албан тушаалтнууд ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүйг харуулж байгаа тул хяналт шалгалтын дүн болон холбогдох материалуудыгАТГ-т шилжүүлж байна. Мөн хуулийн хугацаанд дээрх зөрчлүүдийг арилгахгүй бол хуулийн дагуу торгууль оногдуулна гэдгийг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх