Author Archives: baaska baaska

Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн өдөр

Аргын тооллын 4 сарын 6. Даваа (Сумьяа) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын билгийн 19, өдөр цагаан нохой, мэнгэ 3 хөх, суудал төмөр, од гар од-16, идэр барилдлагат. Лусын буулттай өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:21-19:28.
Өдрийн сайн цаг: Луу(07:40-09:40), могой(09:40-11:40), бич(15:40-17:40), тахиа(17:40-19:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40) болой.
Үс засуулахад бодийн төрөл олох, сайн хүнтэй учрах сайн. Харин луу жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Морь, бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин луу жилтнээ сөрөг муу.
Нохой жилтний сүлд гараг.
Хүний сүлд бугуй, шилбэ, ууц, нууцын оронд, гэрийн сүлд хананд орших болой.
Үс засуулах, замд явах, шинэ гэр, байшин, асар майхан босгох, газар хагалах, тариа ногоо тарихад сайн. Бэрийн үйл, хурим хийх, үхэгсдийн үйл, малын үс, ноос хяргах, эд, мал худалдах үйлд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна

                   Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр говь, талын нутгаар салхи шуургатай байна.

2026 оны 04-р сарын 06-ны 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, нутгийн өмнөд хэсгээр багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -2…+3 градус, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндий, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр +6…+11 градус, Говь-Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь орчмоор +18…+23 градус, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +3…+8 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. +6…+8 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. +1…+3 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 0…+2 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

СБД-т махны өргөтгөсөн худалдаа болно

Иргэдийн хаврын улирлын махны хэрэгцээг хангах зорилгоор махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 2,3,4-ний өдрүүдэд Сүхбаатар дүүргийн 15-р хорооны гадна талбайд 10-17 цагийн хооронд дахин зохион байгуулна. Хонины мах 1кг нь 13000, үхрийн мах 1кг нь 15000 төгрөгөөр тус тус худалдаалагдах юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Х.Нямбаатар: “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид буцаан авлаа

Нийслэл алдагдсан өмч хөрөнгөө эргүүлэн авах ажлыг хуулийн хүрээнд үе шаттай зохион байгуулж байна. 2024-2025 онд  хууль бусаар алдагдсан нийслэлийн 15 барилга, байгууламжийг буцааж авсан. Ингэснээр нийслэлийн өмчийн барилга байгууламжийн ашиглалт сайжирч, нийслэлийн Өмчийн харилцааны газар нийслэлийн төсөвт 2024 онд 7 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол 2025 онд 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн юм.

Нийслэлийн алдагдсан өмч хөрөнгийг эргүүлэн авах ажил 2026 онд мөн үргэлжилж байна. Энэ онд “Өглөөний гудамж”-д байрлах “Өргөө” зочид буудлыг нийслэл өмчдөө эргүүлэн авлаа. “Өргөө” зочид буудлыг нийслэлийн өмчид эргүүлэн авах шүүхийн шийдвэр 10 гаруй жилийн өмнө гарсан хэдий ч бодитоор хэрэгжиж чадаагүй. 2025 оны аравдугаар сард хотын дарга Х.Нямбаатар “Өргөө” зочид буудлыг нийслэлд буцаан авахаа мэдэгдэж, 2025 оны арваннэгдүгээр сарын 4-ний өдөр тус объектыг нийслэлийн өмчид эргүүлэн авах тухай шаардлагыг хүргүүлсэн.

Тэгвэл өчигдөр нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар нийслэлийн алдагдсан өмч хөрөнгүүдийг эргүүлж авах ажил үндсэндээ цэгцэрч, “Өргөө” зочид буудлын эцсийн өмчлөгчөөр НИТХ бүртгэгдсэн болохыг онцолсон. Цаашид Соёлын төв өргөөний нэг блокийг нийслэлийн өмчөөр эргүүлэн авахаа хотын дарга Х.Нямбаатар мэдэгдсэн юм.

 НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ЦЕГ: Гадаадын иргэдтэй бүлэглэн гэмт хэрэг үйлддэг байж болзошгүй этгээдүүдүүдийг шалгаж байна

Гадаад улсын иргэдтэй бүлэглэн иргэдийн төлбөрийн картын цахим мэдээллийг олж, гэмт хэрэг үйлддэг бүлэг этгээдэд холбогдох хэргийг Кибер гэмт хэрэгтэй тэмцэх газарт шалгаж байна.
Тодруулбал, Ц нарын бүлэг этгээд нь арилжааны банкны ПОС төхөөрөмж ашиглан иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудад хуурамч орлогын гүйлгээ хийж, их хэмжээний хохирол учруулсан байж болзошгүй байна.
Иймд иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд та бүхэн хөрөнгө оруулалтын эх үүсвэр, үйл ажиллагааны бодит байдлыг сайтар нягталж, баталгаажуулсны үндсэн дээр хамтран ажиллах, “хөрөнгө оруулалт” нэрээр олон улсын банкны карт ашиглах санал ирсэн тохиолдолд онцгой анхаарал хандуулж шалгах, мөн хувийн болон банкны картын мэдээллээ бусдад дамжуулахгүй байхыг анхаарна уу гэж Цагдаагийн Ерөнхий Газрын Хэвлэл Мэдээллийн төвөөс мэдээллээ.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ерөнхий сайд Н.Учрал: “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо хэрэгжүүлнэ

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учралын хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Эрхэм хүндэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө,

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай албан үүрэгт ажилд тохоон томилсон Та бүхэнд талархал илэрхийлье.

Засгийн газрын тэргүүний өндөр хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн Монгол Ардын Нам, журмын нөхдөдөө, Намын шийдвэрийг дэмжиж, намайг Ерөнхий сайдаар томилуулах саналаа Улсын Их Хуралд өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Танд талархал илэрхийлье.

Төсвийн хэмнэлт хийж, экспорт, гадаад валютын нөөцийг нэмж, эдийн засгийг тогтворжуулж ажилласан Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар болон түүний Засгийн газрын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж буйг минь хүлээн авна уу.

Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ,

Би Монгол Улсын Ерөнхий сайдын ажил алба бол эрх мэдэл гэхээсээ илүү өндөр хариуцлага, ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэл болгох үүрэг гэдгийг ухамсарлаж байна.

Гадаад, дотоод хоёр талаасаа олон улс, эдийн засаг, улс төрийн эрсдэл хямрал давхар нүүрлэсэн энэ цаг үед Монгол Улсын Ерөнхий сайдын өндөр хариуцлагатай ажил үүргийг хүлээн авч байна. Засгийн газар давхар дарамт, гурван том эрсдэл бүхий шуурга сөрөн ажилдаа орж байна.

1-рт, Түлш шатахууны үнийн өсөлт, хомсдолын аюул

Ойрх Дорнодод дэгдсэн дайны улмаас эрчим хүч, газрын тосны үнийн өсөлт, хомсдол, тээвэр логистикийн хямрал, гадаад худалдааны гацаа саад дэлхийн эдийн засгийн судсыг царцаан агшаалаа. Дэлхийн олон улс орнууд онц байдал зарлаад байна. Түлш шатахууны импортоос зуун хувь хамааралтай манай оронд үнийн өсөлт, нөөц хангамж онцгой өндөр эрсдэлтэй. Түлш шатахууны үнэ бол бүх юмны үнэ юм. Түлшний үнэ бол талх, гурил, мах, сүүний үнэ, бүх үйлдвэрлэлийн орц. Цалин орлогыг хумслагч инфляцыг улам бүр өдөөж, төгрөгийн ханшийг султгаж, доллар валют гадагшаа илүү их урсах үүд хаалгыг нээдэг. Тээвэр, үйл ажиллагааны зардал багадаа 20 хувь өсөж, компани, иргэдийн ашгийг идэж байна. Үүн дээр нэрмээс болж, үнэ тарифын зохисгүй бодлого, өр авлагын сүлжээнд торлогдсон эрчим хүчний салбар ирэх өвөл ахин гал алдах аюул хэвээрээ байна. Хаврын тариалалт, бүтээн байгуулалтын улирал эхэлж буй энэ цаг үед гол орцууд болсон түлш, тэсэлгээний материал, бордоо зэрэг голлох түүхий эдийн нийлүүлэлт тасрах, үнэ өсөх хүндрэл тулж ирээд байна.

2-рт, Түүхий эдийн үнийн савлагаа, төсвийн орлогын тасалдлын аюул

Цөөн түүхий эд, үндсэндээ нүүрс, зэсийн үнээс хамааралтай эдийн засаг эмзэг, хэврэг байна. Үнийн өсөлт, түүхий эдийн ханшийн болзошгүй савалгаа үргэлжилсээр байвал эдийн засгийн өсөлт унана. Хөрөнгө оруулалт буурна, худалдаа, татвар, төсвийн орлого унана, цалин, тэтгэвэр, эмнэлэг, сургууль, цэцэрлэг гэх зэрэг урсгал зардалд мөнгө дутна. Улс орон, айл өрх, ард иргэдийн ахуй амьдрал бүхлээрээ үнийн савлагаанд орох эрсдэл нүүрлэж байна. Нүүрсний үнэ өндөр байхад үүц нөөц болгож, өсгөж үржүүлэх, үлдэцтэй өгөөжтэй зүйлд зориулахаас илүү үрж зарж, төр, төсвөө данхайлгасны үр дагавар өнөөдөр илүү хүчтэй, илүү гашуун, илүү хатуу мэдрэгдэж байна. Эрчим хүч, гэрэл цахилгаандаа зоригтой, дорвитой зориулсан бол ирэх өвлийг сэтгэл өег угтах өргөн боломжтой байсан атал олсныхоо хэрээр үрсний хор уршиг нь хатуу эрсдэл дагуулж байна.

3-рт, Дотоодын гацаа, улс төрийн талцал бутралын аюул

Төрийн тогтвортой, тасралтгүй хэвийн ажиллагааг алдагдуулсан гацаа саад болтлоо даамжирсан улс төрийн хэрүүл талцал гадаад орчноос үүдэлтэй хямрал дээр хямрал нэмж байна. Эрх ашгийн эрэмбэ дараа алдагдаж, хүндрэл дээр хүндрэл, асуудал дээр асуудал нэмж байна. Эдийн засаг улс төрийг тэтгэдэг ч улс төр нь эдийн засгаа хорлож байна. Бусад улс хямралын эсрэг багц төлөвлөгөө боловсруулж, онц байдал зарлан нэгдэн нягтарч, үндэстний сөрөн тэсвэрлэх чадавхаа бэхжүүлж байхад бид улс орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа умартан, ухаан сөхөөгүй улстөржих эрх байхгүй. Бид бие биеэ ялах гэж мөчөөрхөх тусам биднийг бүгдийг нь хамтад нь эдийн засгийн бодит хямрал ялна. Монголыг Монголоор нь гэдэг шиг өвөр зуураа хямралдан зөрчилдсөөр байх аваас дэлхийн хямралын давлагаанд бүгдээрээ илүү их хохирно. Улстөрчид та бидэнд төр улсын төлөө зүтгэх тангаргаа сахиж, өндөр үүрэг хариуцлагаа ухамсарлаж, үндэстний эрх ашгийн төлөө ухаан бодлоо уралдуулж, ажиллахыг уриалж байна.

Улс орныг нөмрөн авч буй ийм бодит гадаад хүйтрэл, дотоод хямралаас үүдэн тулгарсан гурван том аюул заналын өөдөөс бид юу хийх вэ?

Шинэ Засгийн газар ид шид амлахгүй, эдийн засгийн гайхамшиг бүтээнэ гэж хэлэхгүй. Үнэнийг үнэнээр нь хэлнэ. Өнөөдөр бид гадаад ертөнцийг өөрчлөхгүй боловч дотооддоо өөрсдөөсөө хамаарах бүхнийг хийх үүрэгтэй. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөгдөж буй дэлхийд Монголоо хохирол багатай авч үлдэж, хожим хойно хийгээгүй үйлдлийнхээ төлөө харамсахгүйн төлөө ачаагаа үүрэх ёстой.

Газрын тосны дэлхийн зах зээлийн үнийг Монгол тогтоохгүй боловч онцгой нөхцөлд өөрсдийн бололцооны хэрээр тохируулгын арга хэмжээ авна. Түлш шатахууны үнийн 5 хувь болдог татварыг цуцаллаа ч 2 дугаар сард баррель нь 67 доллар байснаа өдгөө 2 дахин өсөж, цаашид улам нэмэгдэх төлөвтэй үнийн шуургыг сөрж өөрчилж чадахгүй. Дэлхийн хөгжингүй том гүрнүүд Онц байдал зарлаж, хэмнэлтийн горимд ороод байхад үнэ тогтоон барих ямар ч боломжгүйг шууд хэлье. Үнийг тогтоон барих зорилгоор захиргааны хэв шинжтэй оролдлого хийх нь тухайн цагтаа хэрэгжээд өнгөрөх хэдий ч үр дагавар нь хатуу ирдэг гэдгийг бид олон салбарт хангалттай харлаа. Түлш шатахуунаас тооцож авдаг татвар хураамжаа багасгах, цуцлах нь үнийн хувьд нөлөө багатай, хязгаарлагдмал арга хэрэгсэл юм. Олон улсын зах зээл дээр давагдашгүй хүчин зүйлсийн нөлөөгөөр үнэ хэрхэн яаж өсөхийг, маргааш юу болохыг хэн ч таамаглан мэдэх аргагүй. Гагцхүү түлш шатахуун тасалдаж хомсдол нүүрлэхээс урьдчилан сэргийлж хичээн ажиллах шаардлагатай. ОХУ-тай бүх талын байнгын идэвхтэй яриа хэлцэл, холбоо харилцаатай байж, нөөц хангамж тасалдал хомсдохгүй байхын төлөө ажиллах болно.

Засгийн газар энэ бүх эрсдэлийг сөрж, УИХ-ын даргаар ажиллаж байхдаа дэвшүүлсэн “ЧӨЛӨӨЛЬЕ” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогоо ажил хэрэг болгон хэрэгжүүлнэ.

Эрх чөлөө бол итгэлцэл юм. Эрх чөлөө бол хүч юм. Эрх чөлөө бол ардчилсан нийгмийн амьсгалах агаар юм. Эрх чөлөө бол эмх замбараагүй байдал биш. Эрх чөлөө бол шударга ёс, эв нэгдлийн гагнаас юм.

Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтөө иж бүрэн зураглан тодорхойлоход дэг журам нь хувиран өөрчлөгдөж, хүчний нэг туйлаас олон туйлд шилжин буй дэлхийн цаг төрийн байдлыг харгалзан авч үзлээ. Дэлхийн 2-р дайны дараа тогтсон дэг журам ганхаж, өнөөдөр хамгийн тодорхойгүй байдал хамгийн тодорхой байдалтай байна. Их гүрнүүдийн зөрчил хямрал гүнзгийрч, улс төр, эдийн засаг, геополитик, геостратегийн өрсөлдөөн мэдээллийн технологи, хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, элч энерги, түүхий эдийн нөөц, соёлын ширүүн тэмцэл болон өргөжлөө. Монгол Улс цээжинд нь оршдог Ази тивд дэлхийн эдийн засгийн хүндийн төв шилжлээ. Дэлхийн ДНБ-д эзлэх Ази тивийн хувь 26 жилийн дотор 35%-аас 47% болон өсөн нэмэгдлээ. Ази тивийн эдийн засгийн дундаж өсөлт дэлхийн дунджаас 2 дахин өндөр буюу 4.5%-д хүрлээ.

Нэг талаас даяаршлын хил хязгааргүй боломж, нөгөө талаас үндэстний ондоошил, дэлхийд Монголоороо үлдэх торгон заагаа хамгаалах шинэ сорилттой тулгарч байна. Дэлхийг нөмөрсөн цар тахал, дахин татагдсан төмөр хөшиг, дайн байлдаан, зөрчил мөргөлдөөн ар араасаа залгаж, халуун цэгүүд бөмбөрцгийн бөөр бүхэнд асаж байна. Бид дэлхийг өөрчлөхгүй боловч өөрчлөх ёсгүй үндэстний ондоошлоо хадгалах, сөрөн тэсвэрлэх нь бидний давах ёстой сорилт болоод байна.

Эрх чөлөөтэй нийгэм эрүүл нээлттэй, иргэндээ итгэдэг төр илүү хүчтэй. Төр оршихуйн баталгаа нь түмэн олны итгэл, улс төрийн намын амжилтын үндэс нь ард түмний дэмжлэг юм. Эдийн засгийн өсөлтийг өрхийн үүдээр, иргэний хаягаар хүргэх үндсэн арга зам нь хүний эрх чөлөө, хөдөлмөрлөж бүтээх хүслийг хүнд суртлын чөдөр тушаа, хууль журмын гох дэгээ, төрийн хэтийдсэн их оролцооноос чөлөөлөх явдал гэдэгтэй хэн ч маргахгүй.

Эх орны эрдэнэс баялгаа илүү үнэ цэн, өртөг ашиг нэмж, үйлдвэрлэн боловсруулж, түүхий эдээ түүхийгээр нь гаргадаг түүхийг өөрчлөх нь бидний гэрийн даалгавар юм. Евразийн 5 улсын 2,4 их наяд долларын зах зээлийн үүдийг нээсэн түр хэлэлцээрийн боломжийг Ерөнхийлөгчийн санаачилсан Хүнсний хувьсгал, Цагаан алт, Атрын-4 аяны бодлоготой уялдуулан бүрэн дүүрэн ашиглаж, уул уурхайгаас хамааралтай эдийн засгаа төрөлжүүлэхийн төлөө хийх ажил их байна. Мах сүү, арьс шир, ноос ноолуураа үнэд хүргэн, монгол малчид, үндэсний компаниудын олох ашиг орлогыг өсгөхийн тулд шийдэх асуудал их байна.

Эдийн засаг бол гоё тооноос илүү тоо бодит чанар болж байж хүртээмжийн тухай ярина. Холын гоё тоонууд сонсоход таатай хэдий ч өрхийн үүдээр орлоо, амьдралыг минь өөрчилсөн гэж итгэл төгс хэлэх хүн алга байна. Хувийн хэвшлээ төрийн зуршлаас, хүнээ хүнд суртлаас чөлөөлөх нь шинэ Засгийн газрын шийдэх асуудлын гол зангилаа байна. Итгэл унавал эдийн засаг унадаг. Иргэндээ, хувийн хэвшилдээ, гадаадын хөрөнгө оруулагчид, баялаг бүтээгч нарынхаа хийе бүтээе гэсэн хүсэл эрмэлзэлд нь итгэх нь засгийн газрын жанжин шугам байх болно.

НЭГ ДЭХ ЗАМ: ЭДИЙН ЗАСГИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

1. Банкны зээлийн жигнэсэн дундаж хүү 17-20 хувь, ББСБ-ынх 30-42 хувь байгаа цагт зээлээс зээл, өрөөс өрийн хоорон дахь өнөөдрийн амьдралыг өөрчилж чадахгүй. Монгол орон мөнгө хүүлэлтийн диваажин байгаа цагт, урд хормойгоо хойд хормойгоороо нөхсөөр байгаа нөхцөлд, өрийн дарамтаас сугарах, үйлдвэрүүд үүдээ нээх хэцүү. Харин хаалгаа барих амархан. Өөрсдөө наад захын идэх уух, эдлэх хэрэглэхээ үйлдвэрлэж бүтээх, олуулаа хийх ажилтай, авах цалинтай байх өдөр наашлахгүй. Европ, Азийн банкуудыг Монголд урих нэгэнт эхэлсэн яриа хэлцлүүд бол хямд өртөгтэй зээлийн эх үүсвэр, чөлөөт өрсөлдөөний үр дүнд өндөр хүүгийн дарамтаас чөлөөлөгдөх замын эхлэл байлаа. Монгол бол дэлхийн газрын зураг дээр гадаадын банкгүй гарын таван хуруунд багтах цөөхөн улсын нэг. Зах зээл дэх цөөн тоглогчийн үгсэл тохирол, ашиг сонирхол, хууль, журмаар тавьсан хиймэл зохиомол саадыг арилгаж, чөлөөт өрсөлдөөний үр дүнд хөрөнгө оруулалт, санхүүгийн хүртээмж нэмэгдэж, эх үүсвэрийн өртөг буурна.

Санхүүгийн секторийг хоёр тулгууртай болгож, мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлснээр урт хугацааны хямд эх үүсвэр орж ирэх, эдийн засгийн өсөлт хүртээмжтэй байх эко системийг төрөөс, төсвөөр биш зах зээлийн зарчмаар бий болгоно. Аюул, гамшиг аливаа эрсдэлийг хандив тусламж, сайхан сэтгэлээр биш даатгалаар шийднэ. Тэтгэврийн тогтолцоо зөвхөн төрийнх байж ирснийг өөрчилж, хувийн тэтгэврийн санг дэмжиж ажиллана.

2. Төсөв болон ТӨК-иудын нийт зардлын эдийн засаг дахь харьцаа 2019 онд 51 хувь байсан бол 2024 онд 61% болж өссөн байна. Чөлөөт зах зээлийн эдийн засагтай орон гэх атлаа 100 төгрөгний 60 төгрөгийг дарга нарын гарын үсгээрээ зарцуулж байна. Ийм нөхцөлд хувийн хэвшил өсөж өндийх, хөгжлийн хөдөлгүүр байх ямар ч боломж алга. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэн нийлүүлж, татан буулгаж, төсвийн хэт тэлэлтийг хязгаарлаж, хувийн хэвшилдээ өсөн дэвших орон зайг нээнэ. Аж ахуйн нэгжүүд жижиг нь томордог, том нь дэлхийд өрсөлддөг өртөө замыг нээн чөлөөлнө. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгож, нэгтгэж нийлүүлж, татан буулгая гэсэн дуусдаггүй яриаг дуусгана.

3. Бизнес эрхлэх эрх чөлөө, хувийн өмч, хөрөнгө оруулалтыг хуульчлан хамгаалж, хуулиас давсан дүрэм, журам гаргахыг таслан зогсооно. Төрийн бүх шатанд бизнесийн орчинд сөргөөр нөлөөлж буй шийдвэрүүдийг цуцалж, “No surprise” зарчим буюу төр гэнэтийн бэлэг барьж бизнесийн орчинд садаа тотгор үүсгэхийг хориглоно.

4. Төлдөг нь хохирдог, төлдөггүй нь хождог татварын тогтолцоог шударга болгох багц өөрчлөлтийн төсөлд татвар хураагчдын бус татвар төлөгчдийн санал бодлыг илүү өргөнөөр тусгаад, 2027 оны төсвийн төсөлтэй хамт өргөн мэдүүлэх болно.

5. Төсвийн зарлагыг эрэлт хэрэгцээ, үр ашгаар нь эрэмбэлж, хэрэгцээ шаардлагагүй зардлуудыг танаж, хэмнэлтийн горимд шилжинэ. Төрийн давхардсан чиг үүргийг цэгцэлж, нэг ажлыг олон талд давхардан хийдгийг болиулна. УИХ-аас баталсан 208 хуулийн 1024 заалтаар Монгол Улсын төсвийн урсгал зардлыг хуульчилсныг дүгнэн шинжилж, төсвийн урсгал зардлын хэт тэлэлтийг хязгаарлах энэхүү шинэчлэлийг 2027 оны төсвийн төсөлд тусган УИХ-д өргөн мэдүүлэх болно. Төлөвлөлт буруу бол бүхлээрээ үндсээрээ буруу. Хөдөө аж ахуй, эрчим хүч, нийтийн тээвэр зэрэг салбарт чөлөөт өрсөлдөөнийг хөхиүлэн дэмжинэ. Хэзээ ч дуусдаггүй татаасуудыг хэмжиж дүгнээд дуусгана. Төсвийн үргүй зардлыг хэмнэж, төрийн албан хаагчдын цалин, тэтгэвэр нэмэхэд зарцуулна. Цалин, тэтгэврийг үнийн өсөлттэй уялдуулан индексжүүлнэ.

6. Төр, хувийн хэвшлийн түншлэлээр бүх аймгууд бие даан төсөл хэрэгжүүлэх эрх чөлөөг эдэлнэ. Сайд, агентлагийн дарга нарын олгодог илүүц шаардлагагүй зөвшөөрлүүдийг цуцална. АМНАТ-ийн орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг 10 хувийг 20 хувь болгож 2 дахин нэмэх эрх зүйн орчныг бүрдүүлж хэрэгжүүлнэ. Баялгаа ашиглуулж байгаа аймаг, орон нутаг өгөөжийг нь илүү хүртэж, зарим зардлаа өөрсдөө санхүүжүүлдэг байх чиг үүргийг шилжүүлэн өгнө. Үндэсний баялгийн сангаа өсгөн арвижуулж, стратегийн орд эзэмшигчидтэй харилцан ашигтайгаар хэлэлцээрийг үргэлжлүүлж, “Баялагтаа эзэн Монгол” санаачилгын хүрээнд байгалийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үедээ тэгш шударга хүртээх Үндсэн хуулийн заалтыг хэрэгжүүлнэ. Баялгийн сангийн хөрөнгийн удирдлагыг олон улсын жишигт нийцүүлнэ. ОТ-оос хүртэх Монголын талын өгөөжийг 53 хувьд хүргэх Занданшатарын Засгийн газрын бодлогыг хатуу баримтлан хэлэлцээрийг үргэлжлүүлнэ.

7. Өмнөх Засгийн газруудын үед эхлүүлсэн, импортыг орлож, экспортыг нэмэх, гэрэл асааж, үнэ цэн, өртөг ашиг бүтээх, эдийн засгийн тусгаар тогтнолыг гагнаж босгох Газрын тос боловсруулах үйлдвэр, Гангийн үйлдвэр, Эрдэнэбүрэнгийн УЦС, Гангийн үйлдвэр, Зэс хайлуулах цогцолборын төслүүдээ үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.

8. Аль ч нийгэмд ажиллаж хөдөлмөрлөж бүтээж амьдардаг. Монгол ажил хийгээд амьдрахад хэцүү, ажил хийхгүй ч амьдарч болоод байдаг орон байж болохгүй. Ажилч хөдөлмөрч нь ажиллах дургүйгээ нуруундаа үүрч нугардаг байж болохгүй. Халамж хавтгайрч ихдэхээрээ хайр биш хал болдог. Хөдөлмөр эрхлэх хүсэл сонирхлыг хөшүүрэгдэж, шинэ ажлын байр нээж, ур чадвар олгох, давтан сургах хөтөлбөрүүдийг хүндээ ойртуулан өргөжүүлнэ. “Хөдөлж байгаа, хөдөлмөрлөж бүтээгч хүн бүрийг дэмжих” зарчим баримтална. МСҮТ-ийг томоохон компани, үйлдвэрүүдийг түшиглэн байгуулж, сургалт нь ажлын байртайгаа шууд уялдаатай шинэ тогтолцоо бүрдүүлнэ. Ажилд авна гэсэн нь ажил хайж байна гэсэн зараасаа олон дахин их байдаг нь хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийн ялгааг харуулдаг хамгийн хялбар баримт. Үүнийг бууруулж, МСҮТ төгсөгчид шууд ажилд орох, ажил олгогчид хэрэгцээтэй шаардлагдаа нийцсэн ур чадвартай ажиллах хүчээ бүрдүүлэх боломжтой.
Хаана, хэнд халамж хэрэгтэй байна, хаягаа, эзнээ олдог байж, үр ашгаа өгнө. Халамж хамгаалалт хэрэгтэйг нь халамжилж, хэн хөдөлмөр эрхлэх боломжтойг “халамжаас хөдөлмөрт” шилжүүлнэ.

ХОЁР ДАХЬ ЗАМ: ЭРХ ЗҮЙ, ДҮРЭМ ЖУРМЫН ЧӨЛӨӨЛӨЛТ

1. Хүслийг хяссан хүнд суртлаас хөдөлмөрч бүтээлч хүн ардаа, баялаг бүтээгч хувийн хэвшлээ төрийн зуршлаас чөлөөлөхийн тулд жим биш зам нээнэ. Зөвшөөрөл нэртэй хориглолтын системийг нурааж эдийн засгийн эрх чөлөөний замыг элдэв саадаас чөлөөлнө. Найман нэрийн дэлгүүр, кофе шоп нээх гэж 4 сар чирэгдүүлдэг хүн чанаргүй хүнд суртлаас чөлөөлж эхэлсэн. УИХ-ын хаврын чуулганаар хэлэлцэх Зөвшөөрлийн тухай хууль, түүнийг дагуулан 90 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлтөөр зөвшөөрөл гэдэг зүс, нэрээ гэрчилгээ, тохирол, бүртгэл, лавлагаа, дүгнэлт зэргээр өөрчлөн хувиргаж, 1000 гаруй болж амилсан зөвшөөрөл нэртэй хориглолтыг нурааж, эрх чөлөөний замыг чөлөөлнө. Архангай аймагт ааруул, цагаан идээгээ сайн борлуулж, 12 ам метр талбайгаа 45 ам метр болгож томруулъя гэхэд 8 нэрийн дэлгүүрийн хавтас дүүрэн бичиг цаас хөөцөлдөх хэрэгтэй болсон тухайгаа иргэн надад хэлсэн. Иргэнийхээ амжилтыг дэмжих биш дардаг ийм жишээ дүүрэн байна. Зөвшөөрлийн хуулийн шинэчлэлээр худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн 32 төрлийн үйл ажиллагаа эрхлэх бол гарын үсэг, тамга, бичиг хөөцөлдөх хэрэггүй. Хаана, юу хийх болсноо гар утаснаасаа мэдэгдээд шууд ажлаа эхэлнэ. 31 зөвшөөрлийг бүрмөсөн алга болгоно. 254 тусгай зөвшөөрлийг 180 болгож эрс цөөлж чөлөөлнө. Мянга гаруй зүсээ хувиргасан бичиг 134 энгийн зөвшөөрөл+ 32 мэдэгдэл болгож чөлөөлнө. Цахим засаглалын индексийг 28 байр урагшлуулсан амжилтаа ахиулж хиймэл оюунд суурилсан шийдвэр гаргадаг “e-cabinet”-г бүрдүүлж төрөөс олгож байгаа зөвшөөрөл, лицензүүдийг зөвхөн цахимаар олгох шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлж, и-бизнес 2.0 платформыг хэрэглээнд нэвтрүүлнэ.

2. Эрсдэл багатай, зардал ихтэй төрийн үйлчилгээг аутсорсинг хэлбэрээр хувийн хэвшилд шилжүүлж, төр иргэндээ очиж үйлчилдэг соёлыг бүрэн нэвтрүүлж зөвшөөрөл, тендер, материал, тайлан, төлөвлөгөө, дүгнэлт, таамаглал боловсруулах, тоон шинжилгээнд хиймэл оюун ухаан ашиглана. Иргэнээс нэг мэдээллийг нэг л удаа нэхдэг болгож, цааснаас ЧӨЛӨӨЛНӨ.

3. Төрийн албан хаагчид ажил хийж, шийдвэр гаргахаас айж эмээдэг болжээ. Ажил хийж асуудал шийддэг нь буруудаж, эс үйлдсэн нь завшдаг урвуу тогтолцоог эргүүлж шат шатанд шийдвэр гаргах эрхийг буцаан олгоно. Хөл толгой нь олдохоо байсан төрийн албаны тогтолцоо, чиг үүргийн давхардалд шинжилгээ хийж оновчилно. Төрийн албан хаагчдаа сар, улирал, хагас жил, жил тутам гэхчлэн 14-18 төрлийн тайлан, мэдээ бичихээс чөлөөлж, “Once-Only” зарчим буюу ижил агуулга бүхий тайланг нэг удаа гаргадаг болгоно. Төрийн ажлын үр дүнг олон улсын индекс, бодлогын үр нөлөөгөөр хэмжиж, бодитоор үнэлнэ.

4. Дэлхий ертөнц технологийн хурдаар хувьсан өөрчлөгдөж, улс орнуудын өрсөлдөх чадвар зөвхөн газрын доорх баялгаар бус, хүний тархинд буй мэдлэг, ур чадвараар хэмжигддэг шинэ эринд бид амьдарч байна. Хот, хөдөөгийн, хувийн болон улсын сургуулийн ялгаанаас үүдэлтэйгээр монгол хүүхдүүд гарааны тэгш бус нөхцөлд байгааг бид нуух ёсгүй. 2022 онд хийсэн олон улсын ПИСА үнэлгээгээр сумын хүүхдүүд хотын хүүхдээс 3 хүртэл жилээр, аймгийн хүүхдүүдээс 1 жилээр хоцорч байгааг тогтоосон. Бидний зорилго бол Улаанбаатарт байгаа хүүхэд, алслагдсан сумын сургуульд сурч буй хүүхэд хоёрын хооронд мэдлэгийн ялгаа, хоцрогдол үүсгэхгүй байх явдал юм. Хүүхэд бүрийг мэдлэгийн хоцрогдлоос чөлөөлж, хаана амьдарч байгаагаасаа үл хамааран дэлхийн хэмжээний боловсролыг технологиор дамжуулан авах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал байна. Боловсролтой нийгэмд ажилгүйдэл бага байна. Боловсролтой нийгэмд ядуурал бага байна. Боловсролтой нийгэмд гэмт хэргийн гаралт бага байна. Боловсролтой нийгмийг бүтээгчид болох багш нарын нийгмийн баталгааг сайжруулж гүйцэтгэлд суурилсан цалингийн тогтолцоог боловсронгуй болгож өөрийн санаачлан батлуулсан багшийн хөгжлийг дэмжих тухай хуулиа хэрэгжүүлнэ.

“Сайн сургууль” гэж сайн хөтөлбөртэй, сайн багштай, хуурамч дүнгүй, хүүхэд бүр төсөвтэй, хамтын удирдлагатай, цахимжсан, халуун хоолтой, үе тэнгийн дээрэлхэлгүй сургуулийг хэлдэг гэж би ойлгодог. Боловсролтой иргэн бэлтгэхийн зэрэгцээ “Айдасгүй, хамгаалагдсан хүүхэд”-тэй байх нь чухал. Хүүхэд хамгаалал бол зөвхөн хууль биш, энэ бол үндэсний дархлаа юм. Сургууль, цэцэрлэг, цахим орчин бүгд хүүхдэд ээлтэй, аюулгүй байх ёстой. Бид хүүхдийн эсрэг хүчирхийлэлд “Тэг хүлцэл” үзүүлэх бодлогыг хатуу баримтална. Бид “Оюуны дайжилт”-ыг зогсоож, дэлхийн түвшинд хүрсэн монгол залуусаа эх орондоо авчрах, эх орондоо дэлхийн боловсрол эзэмших боломжийг нээх ёстой. Бид гадагшаа урсаж буй эрдэм оюуныг (Brain Drain), эх орондоо цугларах оюуны нөөц (Brain Gain) болгон хувиргах болно. Хөдөлмөрийн зах зээлд ямар мэргэжил эрэлттэй байна боловсролын систем түүнийг нийлүүлдэг байх “Ухаалаг систем”-ийг хөгжүүлнэ. Дипломтой ажилгүйчүүдийг бус ур чадвартай мэргэжилтнүүдийг бэлтгэхийн тулд боловсролыг зах зээлийн бодит эрэлттэй нийцүүлнэ. Үүний тулд хиймэл оюун ухааныг ашиглана.

5. Эрүүл мэндийн даатгал мөн чанартаа даатгал биш хараа хяналт муутай халамж болсныг засаж, хамтын санхүүжилтийн тогтолцоонд шилжүүлнэ. Зөвхөн улсын бус хувийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бий болгож, хамтын санхүүжилтийг нэвтрүүлнэ. Өрхийн эрүүл мэндийн төвүүдийг бэхжүүлж, өвдсөн хойно нь эмчлэхээс илүү урьдчилан сэргийлэх эрүүл амьдралын хэв маягийг хэвшүүлнэ. Монголд эмчийн чадвар биш эмийн чанар дутагдаж байна. Эмийн бүртгэл, импорт, хяналт, түгээлтийн мэдээллийг нэгдсэн цахим системд нэгтгэх ажлыг эрчимжүүлнэ. Ингэснээр хуурамч, чанаргүй эм орж ирэхийг зогсооно. Эмийн үнийн өсөлтөд олон нийтийн хяналтыг бий болгох зорилгоор импортын эм, эмнэлгийн хэрэгслийн зах зээлд борлуулагдсан бөөний болон жижиглэнгийн үнэ, тоо хэмжээний мэдээлэл солилцох, эмийн үнийн шатлал бүрд нэмэгдлийн хэмжээг хянах систем хөгжүүлнэ.

ГУРАВ ДАХЬ ЗАМ: НОГООН ХӨГЖЛИЙН ЧӨЛӨӨЛӨЛТ

Монгол бол эх дэлхийгээ аргадан хайрлах энх мөнх оршихуйн үзэл санааны өв уламжлалтай, оюуны соёлын эх ундаргатай орон. Монгол бол нар, салхины сэргээгдэх эрчим хүч, энергийн дундаршгүй их өгөгдөлтэй орон. Монгол бол дэлхийн цаг уурын өөрчлөлтөнд эмзэг өртөмхий, өргөн уудам газар нутгийнх нь 76 хувь нь цөлжилт, бэлчээрийн доройтолд нэрвэгдсэн орон.

Байгаль орчноо ч хамгаалж, баялаг нөөцөө ч хариуцлагатай ашиглан, ирээдүй хойчдоо эрсдэлгүй эх орноо өвлүүлэх нь энх оршихуйн ногоон хөгжлийн загвар юм. Ногоон хөгжлийн замын үндэс нь эрүүл аюулгүй орчинд аж төрөх, орчны тэнцэл алдагдахаас хамгаалагдах Үндсэн хуульд заасан үндсэн эрх юм. Эх дэлхийдээ ээлтэй эдийн засаг, эко үйлдвэрлэл, тогтвортой хөгждөг хөдөө аж ахуйг дэмжих, сэргээгдэх эрчим хүч ашиглаж, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах нь ногоон чөлөөлөлтийн замын 3-100 хөтөлбөр чиг шугам юм.

• Жилийн 240-өөс багагүй өдөр нь алтан нартай, цэнгэг салхины орон мөртлөө жилд 200 сая орчим доллараар бусдаас гэрэл, цахилгаан, 2.2 тэрбум ам.доллараар түлш, шатахуун импортолж хараат, хамааралтай байсаар байна.

• Эрчим хүчний хэрэглээ жилд 6–10 хувиар өсөж байхад цахилгаан станцуудаа цаасан дээр зурж гацаасаар өвлийн ид хүйтэнд гал алдлаа. 4-р ДЦС барьснаас хойш төр 43 жил цахилгаан станц барьж босгосонгүй.

“100 мянган нарны гэр” санаачилгаар 2035 он гэхэд Чингэлтэйн 83 өрхийн гаргасан мөрөөр гэр хорооллын 100 мянган айл нарны хавтан, халаагуур, хураагуур хосолсон систем суурилуулан, буулгах яндан, нэмэрлэх цахилгаан, олох орлого бүхэн нийлж ногоон чөлөөлөлтийн өргөн зам болно. Энэ бол 83 эгэл жирийн монгол айл өрхийн түлээгүй түлш, бохирдуулаагүй агаар, эрсдээгүй эрүүл мэнд, хэмнэсэн цаг мөнгө, бусдадаа өгсөн гэрэл гэгээ, дулаан, цэвэрхэн гэр орон. Энэ бол Улаанбаатарын уушгийг утсан 100 мянган яндан буулгах эхлэл болохоос төгсгөл биш ээ.

“100 МВт тархмал эх үүсвэр” санаачилгаар аймаг, орон нутагт бие даан ажилладаг, нарны панелаас өөрийгөө бүрэн цэнэглээд хураадаг систем суурилуулж чөлөөлнө. Монгол компани, монгол инженерүүд өөрсдөө барьж босгоод, өвлийн ид гал алдах үеэр Замын-Үүдэд нэг ч удаа гэрэл цахилгаан тасраагүй шиг хэд хэдэн аймаг, томоохон сууринд төр, хувийн хэвшил түншлэн, нар, салхины станц байгуулахаар санал санаачилга гарган, зарим нь аль хэдийнэ хөрөнгө зардлаа босгосон сайн мэдээ байна. Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг бүрдүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж Засгийн газар бүрэн дэмжинэ.

3х100 хөтөлбөрийн нэг салаа шугам нь өргөн уудам нутагтаа өмнөөс умард ,баруунаас зүүн, гол замууд дагуу “100 мянган цахилгаан тээврийн хэрэгсэл түргэн цэнэглэх дэд бүтэц”-ийн өртөө байгуулах санаачилга юм. 100 ширхэг түргэн цэнэглэх өртөө байгуулах санаачилгыг үндэсний компаниудтай хамт хэрэгжүүлнэ.

Манай улс өргөн уудам нутагтай, нар салхины арвин их нөөцтэй орон. Нүүдлийн соёл уламжлалаа хадгалж суугаа малчдаа нэмэлт орлоготой болгох “Нарлаг Монголын малчин” хөтөлбөрөөр бэлчээрийн доройтлыг бууруулж, бэлчээрийн доор агуулагдаж буй нүүрстөрөгчийн шингээлтийг үнэлүүлж хэмжүүлээд, Швейцари, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй, газар нутаг багатай орнуудтай байгуулсан гэрээний дагуу малчин өрх, хөдөөгийн иргэн, хүссэн хэн бүхэн доллар валютаар ашиг олох шинэ чөлөөлөлтийн замыг нээх болно.

ДӨРӨВ ДЭХ ЗАМ: АВЛИГЫН ЭСРЭГ ЧӨЛӨӨЛӨЛТ

Олон улсын Транспэрэнси Интернэшнл байгууллагаас гаргадаг Авлигын төсөөллийн индексийн үзүүлэлт сайжрах биш муудаж, урагшлах бус ухарч байгаа нь бидэнд ирж буй ноцтой анхааруулга юм. 2025 онд Монгол Улс 31 оноо авч, 10 байраар ухарч, 182 орноос 124 дүгээр байрт хойшлон орсон нь төсөөлөл биш бодит үнэн. Бид олон улсын байгууллагын дэлхийд танилцуулдаг тайлантай, өөрсдийнхөө толин дахь тусгалтайгаа заргалдаад нэмэргүй, харин засаж залруулахын төлөө ажиллах ёстой.

Авлига, албан тушаалын гэмт хэргийн хохирогчид нь Монгол Улсын бүх иргэд юм. Авлигын хохирол бол иргэн бүрийн эдлээгүй боломж, алдарсан итгэл юм. Авлига, албан тушаалын хэрэгтнүүд ял завших, хууль бусаар олсон хөрөнгөө угааж нуух, хохирол барагдуулах ажил хангалтгүй байна. Авлига, албан тушаалын хэрэгтнүүдэд хорих ял шийтгэн, татвар төлөгчдийн хөлс хүч шингэсэн хөрөнгө мөнгөөр хамгаалж харгалзаж, хооллож ундлахаас гадна бүгдэд хамаатай хохирол барагдуулдаг байх нь онц чухал байна. Авлигаар олсон мөнгө, үндэслэлгүй хөрөнгө орлогыг олон нийтийн шууд хараа хяналтын дор хураан авах, худалдан борлуулах, эрүүл мэнд, боловсрол, эмнэлэг сургуульд зарцуулах ил тод тайлагнал бүхий хуулийн өөрчлөлт, зохицуулалтыг Засгийн газрын тэргүүний хувьд манлайлж, санаачилсан гишүүдтэй нягт хамтран ажиллана.

Шилэн ажиллагаагаар олон нийтэд нээлттэй болгосон 820 мянган мөр өгөгдлийг их өгөгдөл болгон, хүнээс хамааралгүй шийдвэр гаргадаг тогтолцоог бүрдүүлнэ.

Манай Засгийн газар хурд, гүйцэтгэл, дижитал шинэчлэл давамгайлсан “crisis management” төлөвлөгөөтэй, цахим засаглалын түргэвчилсэн горимын дагуу өгөгдөлд суурилсан шийдвэр гаргадаг, иргэндээ ээлтэй, нээлттэй, эрх чөлөөний төлөө Засгийн газар байх болно.

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

Монголчууд эвлэлдэж нэгдэх бүрдээ мандан бадарч, эвдэрч бутарсан цагтаа уруудан доройтож явсан түүхтэй. Эрчим хүч, энергийн үнийн өсөлт, хомсдол, тээвэр, логистик худалдааны хямралыг өдөөсөн дэлхийн цаг төрийн үймээн самууныг үзэл бодол, намын харьяалал, ажил мэргэжил үл харгалзан Монгол хэмээх нэгэн тугийн дор нэгдэн асуудлыг шийдэл болгон хамтдаа зүтгэе. Бие биедээ, Монгол нь Монголдоо, иргэн нь иргэндээ, баялаг бүтээгч, хөрөнгө оруулагчдадаа бүрэн итгэж, бүтэн зүтгэж, хүслийг хяссан хүнд суртлаас хийе бүтээе гэсэн хэн бүрийг чөлөөлж ард түмэндээ амар амгалан амьдрах орчныг бүтээх зорилго дор нэгдэн нягтарч цагийн шуургыг сөрж давцгаая.

Суудал шийдэл ярьдаг бус асуудал шийдэл ярьдаг, сандал ширээ булаалддаг бус санал шийдлээ уралдуулдаг бүтээлч Монголыг бүтээцгээе.

Эргэх холбоотой, иргэндээ ойрхон, энгийн даруу ажиллах болно.

Эрх чөлөөний наран монгол хүн бүрийг ивээж, эрх чөлөөт, тусгаар Монгол Улс мандан бадрах болтугай.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөв

Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн Хүрээлэнгээс гаргасан ирэх саруудын буюу улирлын цаг агаарын ерөнхий төлөвөөр  ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, хур тунадас нутгийн зүүн хэсгээр дунджаас бага орох төлөвтэй байна. Түүнчлэн хүчтэй салхи, шороон шуурганы давтагдал их байх ба хуурайшилт нэмэгдэх хандлага ажиглагдаж байна. Иймээс малчид, тариаланчид, ард иргэд хүчтэй салхи шуурганы аюултай болон гамшигт үзэгдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эртнээс авч, болзошгүй ой, хээрийн  гал түймрээс урьдчилан сэргийлэхийг зөвлөж байна.

Тавдугаар сард. Агаарын дундаж температур Сэлэнгэ, Төвийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол  нийлбэр хур тунадас Төв, Сэлэнгийн зүүн, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Зургаадугаар сард. Агаарын дундаж температур Увс, Завханы нутаг, Баян-Өлгийн зүүн хойд, Ховд, Говь-Алтайн хойд хэсгээр олон жилийн дунджийн орчим, бусад нутгаар дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол нийлбэр хур тунадас Увс, Завханы нутаг, Ховдын зүүн хойд, Говь-Алтай, Баянхонгорын хойд, Хөвсгөл, Архангайн баруун хэсгээр олоон жилийн дунджаас ахиу, Хэнтий, Дорнод, Сүхбаатарын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар дунджийн орчим байх төлөвтэй байна.

Долоодугаар сард. Агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаас дулаан байх төлөвтэй байгаа бол сарын нийлбэр хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджаас бага байх төлөвтэй байна.

Эх сурвалж: Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэн

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа

Монгол Улсын 35 дахь Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын тамгаа гардаж авлаа.

Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын тамгыг хүлээлгэн өгөхдөө “Газрын хэвлийн баялгийн өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж, одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх, уг сангийн орлогыг нэмэгдүүлэх, хөрөнгийг арвижуулах, зүй зохистой зарцуулах асуудлыг шийдвэрлэх арга замын талаар иргэдтэй зөвлөлдөх, зөвшилцлийг хангах зорилгоор Зөвлөлдөх санал асуулгыг зохион байгуулж байна гэдгийг тэмдэглээд Зөвлөлдөх санал асуулгатай холбоотой материалуудыг хүлээлгэн өглөө.

Мөн стратегийн ач холбогдолтой ордуудад тусгай зөвшөөрөл эзэмшигч хуулийн этгээдүүдтэй хийж буй хэлэлцээ, “ШИНЭ ИТГЭЛ ЭРС ШИНЭТГЭЛ” Монгол Улсыг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэлийн суурь баримтууд, Оюутолгойн яриа хэлэлцээтэй холбоотой материалуудыг хүлээлгэн өгөөд шинэ Ерөнхий сайдын ажилд амжилт хүслээ.

Олон улсын геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалж газрын тосны зах зээл дээр эрэлт, нийлүүлэлтийн зөрүү, үнийн савлагаа үүсэж байгаа хэдий ч Монгол Улсад нийлүүлэх шатахууны үнийг нэмэхгүй тогтвортой байлгах тухай хүсэлтийг ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Михаил Мишустинд хүргүүлсэн. ОХУ-ын Засгийн газраас шатахууны үнийг тогтворжуулах хүсэлтийг ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэж хариу ирснийг уламжиллаа.

Ерөнхий сайд Ням-Осорын Учрал Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Гомбожавын Занданшатарын төрийн их үйл хэрэгт нь амжилт хүслээ. Өнгөрсөн есөн сарын хугацаанд эдийн засгийг сэргээж, экспортыг нэмэгдүүлж, баялгийн сангийн хуулийг амилуулах чиглэлээр стратегийн ач холбогдолтой орд эзэмшигчтэй хэлэлцээрийг үр дүнд хүргэж, сэргэсэн эдийн засаг хүлээлгэж өгч буйд талархал илэрхийллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр хөхөгчин могой өдөр

Аргын тооллын 4 сарын 1. Лхагва (Буд) гараг (2026)
Хаврын дунд цагаагчин туулай сарын шинийн 15, өдөр хөхөгчин могой, мэнгэ 8 цагаан, суудал уул, од харцага-11, үл зохилдох барилдлагат. Бага хар өдөр.
Өдрийн нар ургах/шингэх цаг: 06:31-19:21.
Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
Үс засуулахад өлзийтэй маш сайн. Харин гахай, могой, морь, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
Хол газар явагсад баруун хойд зүгт мөрөө гаргавал зохистой.
Үхэр, тахиа, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин гахай, хулгана жилтнээ сөрөг муу.
Гахай, хулгана жилтний сүлд гараг, харин могой, морь жилтнээ харш гараг.
Хүний сүлд бүх биед, гэрийн сүлд хатавч, хаалганы хананд орших болой.
Үс засуулах, буян номын үйл, шинэ гэр, байшин, асар майхан босгох, шүтээн босгох, равнайлах, газар хагалах, тариа ногоо тарих, малын үс, ноос хяргах, мал гаргах, эд, мал худалдан авах, өгөх, хишиг даллага авахад сайн. Нүүдэл хийх, дээл хувцас, гэр орны хэрэгсэл эсгэх, үхэгсдийн үйл, бэрийн үйл, мал хөнгөлөхөд муу.
Зурхайч Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ:

Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.

2026 оны 04-р сарын 01-ний 08 цагаас 20 цаг хүртэлх

цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр +2…+7 градус, Алтайн өвөр говиор +17…+22 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +13…+18 градус, бусад нутгаар +6…+11 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +7…+9 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөх өдрөөс 3 градусаар дулаарч +6…+8 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Өмнөх өдрөөс 4 градусаар дулаарч +4…+6 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Өнгөрсөн долоо хоногт 110 удаагийн осол, аюулт үзэгдлийн дуудлага бүртгэгдэж, 14 хүний амь аварчээ

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт /2026.03.23-2026.03.29/ нийслэлийн 8 дүүрэг, 19 аймгийн 42 суманд аюулт үзэгдэл, ослын 110 удаагийн дуудлага бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид нийт 14 иргэний амь насыг авран хамгааллаа.

Нийт дуудлагын 87 нь обьектын гал түймэр, 5 нь ой, хээрийн түймэр, 4 нь шар усны үер, 14 нь хүний үйл ажиллагаатай холбоотой ослын дуудлага байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

Энэ онд шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулна

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн болж, үүрэг даалгаврын хэрэгжилт, нийслэлийн худалдан авах ажиллагааны явц, энэ онд хийх зарим ажлын талаар хэлэлцэв. Өмнөх хоёр шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар 60 үүрэг даалгавар  өгсөн  бөгөөд хэрэгжилт 80.5 хувьтай байна.

Үүрэг даалгаврын хэрэгжилтээс дурдвал,

  • Барилга угсралтын ажлын явцад гарч болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлж, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангуулах үүрэг чиглэлийн дагуу 618 барилгад хяналт шалгалт хийж, 2 барилгыг зогсоосон, холбогдох байгууллагууд зөвлөмж хүргүүллээ.
  • Дүүргүүд өөрсдийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ногоон байгууламжийг нэмэгдүүлж, нөхөн тарилтыг хийж, хог хаягдалгүй орчин бий болгох үүрэг чиглэлийн дагуу 2026 онд 3062 мод бут, 424 метр урт ургамлан хашлага, 1.3 га зүлэгт талбайг нөхөн сэргээхээр тооцоод байна.
  • Уурын зуух болон хийн түлшинд шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу өнөөдрийн байдлаар 3950 өрхийг дулаалж, 2717 өрхөд хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулаад байна. 2026 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн дотор хийн халаалтын тоног төхөөрөмж суурилуулах ажлыг бүрэн дуусгана.
  • Газар чөлөөлсөн талбайн цэвэрлэгээний ажлыг эрчимжүүлэх үүрэг чиглэлийн дагуу Сэлбэ төслийн хүрээнд 18 томоохон объектыг буулгаж, тээвэрлэж, цэвэрлэхээс 9 объектыг 100 хувь бүрэн дуусгалаа. Үүнээс гадна 5 айлын нэгж талбарыг бүрэн цэвэрлэж дууссан. Нийт ажлын гүйцэтгэл 57.2 хувьтай байна.
  • Камерын хяналтын дэд төвүүдийн ажлыг эрчимжүүлж, нийтийн эзэмшлийн зам талбайг эвдэж, сүйтгэсэн тээврийн хэрэгслийг бүртгэх ажлыг зохион байгуулж, мэдээллийг тогтмол танилцуулах үүрэг чиглэлийн дагуу 2026 оны 3 дугаар сарын 10-ны байдлаар 3346 цэгийн 6655 ширхэг камерыг нэгдсэн болон дэд төвийн системд холбон ажиллаж байна. Мөн хувийн хэвшлийн 250 аж ахуйн нэгжийн 373 камерыг нэгдсэн системд холбосон. Энэ онд Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн төсвөөр шинээр 1046 цэгт 2159 камер суурилуулж, системийн хамрах хүрээг өргөтгөхөөр төлөвлөөд ажиллаж байна.
  • Зөвшөөрөлгүй болон эвдэрч гэмтсэн, өнгө үзэмжгүй 27 самбарыг албадан буулгасан, 278 хаягийн зөрчлийг арилгахаар мэдэгдэл хүргүүллээ.

Үргэлжлүүлэн нийслэлийн хэмжээнд худалдан авах ажиллагааны явцын талаар хэлэлцэв. Эрх шилжүүлсэн төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар НХААГ-ын дарга Батцэцэг танилцууллаа.

2026 онд нийслэлийн хэмжээнд нийт 373 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлнэ. Эдгээрээс 98 ажилд гэрээ байгуулах эрх олгосон бол 56 төсөл, арга хэмжээний тендерийн үнэлгээ хийгдэж байна. Мөн 151 төсөл, арга хэмжээнд тендерийн материал хүлээн авч байна.

Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр хотын дарга Х.Нямбаатар дараах даалгаврыг өгөв.

  • Худалдан авах ажиллагааг ил тод нээлттэй, олон нийтийн оролцоотой зохион байгуулах, удаашралтай байгаа хөрөнгө оруулалтын төсөл, арга хэмжээнүүдийг эрчимжүүлэх
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайтар хангаж, цахилгаан дугуй, скүүтэрийн хэрэглээнд хяналт тавьж ажиллах
  • Орон сууцны хороолол дундах болон гэр хорооллын гудамж, явган хүний зам, автозамын эвдрэл гэмтлийг сэргээн засварлах ажлыг зохион байгуулах
  • Хүний хөгжил, соён гэгээрүүлэх чиглэлээр нийгмийн салбарт хийж хэрэгжүүлэх ажлуудаа эрчимжүүлэх зэрэг үүрэг өглөө.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

УИХ-ын дарга Н.Учралыг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас нь чөлөөлөв

Монгол Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн (2026.03.30) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын 126 гишүүний 88 нь хүрэлцэн ирснээр 10 цаг 11 минутад гишүүдийн 69.8 хувийн ирцтэйгээр эхэллээ. Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ өнөөдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлыг танилцуулж, эхлээд Монгол Улсын Их Хурлын даргыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэв.

Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцсэн талаарх Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир танилцууллаа.

Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учрал Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг үндэслэн 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа өөрөө чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлсэн байна. Төрийн байгуулалтын байнгын хороо Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсэгт заасныг баримтлан 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаараа уг хүсэлтийг хэлэлцсэн байна. Байнгын хорооны хуралдаанд Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх шийдвэр гарсан тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1 дэх заалтыг удирдлага болгон Монгол Улсын Их Хурлын даргаас чөлөөлөгдөх хүсэлт гаргаж байгаагаа танилцуулжээ.

Байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын дарга Ням-Осорын Учралын Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өөрийнх нь хүсэлтийг шийдвэрлэхээр ил санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүд олонх дэмжсэн хэмээн Ц.Сандаг-Очир гишүүн танилцуулав.

Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлт болон хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Х.Тэмүүжин нар үг хэлж, байр сууриа илэрхийллээ. Парламент бол ахмад, дунд, залуу үе гэсэн гурван цагийн хэлхээс дээр ажилладаг хэмээн Б.Пүрэвдорж гишүүн хэлээд “Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлыг Н.Учрал гишүүн сайн хийсэн гэж би үздэг. Энэ бүхнээс харахад парламент нь эрэмбэ, туршлагад тулгуурлдаг болохыг манай гишүүд ойлгож, анхаарч ажиллах ёстой. Та бүхэн парламентын үйл ажиллагааг тогтвортой байлгах үүднээс дараагийн удаа туршлагатай хүнээ урт хугацаанд ажиллуулахаар сонгоорой” гэв.

Олон намын төлөөлөл бүхий парламентыг төв байр суурьтай, улс төрийн намын дотоод улс төрөөс ангид, бие даасан спикертэй байлгах тухай үзэл санаа 1992 оны Үндсэн хуулийг батлахтай зэрэгцэн яригдсан гэдгийг Х.Тэмүүжин гишүүн дурдав. Өдгөө бүх улс төрийн нам, эвсэл энэхүү үзэл санааг дэмжиж байгааг тэмдэглээд “Парламент дотроо намууд нь бодлогын түвшинд чөлөөтэй мэтгэлцдэг, байр сууриа ярилцдаг, улс орны нэгдсэн асуудал дээр ойлголцож чаддаг, үзэл санаа, бодлогын зөрүү гарвал түүнийхээ үндэслэлийг тодорхойлоод, байр сууриа хатуу хамгаалдаг парламент байх юм бол Монгол Улсын шийдвэр гаргалт сонирхлын зөрчилгүй, зөв, харилцан хяналттай болох юм” гэв.

Улсын Их Хурал өнөөдөр түүхэн шийдвэр гаргах гэж байгааг тэрбээр тодотгоод “Монгол Улсын бүрэн эрхт байдлыг илэрхийлдэг гол хэмжүүр бол парламентын засаглал. Хэнээс ч хамааралгүй шийдвэрээ гаргаж чаддаг энэ институц ямар нэгэн хямралгүй, төвийг сахисан, аливаа улс төржилтөөс ангид спикертэй байх юм бол Монгол Улсын төр “салхи” дагаж хямардаг биш, “салхи” сөрж зогсдог ноён нуруутай “уул” шиг л болно. Энэ том өөрчлөлт рүү бид алхаж байна” гэв. Улсын Их Хурлын дараагийн даргыг сонгохдоо ижил эрх бүхий 126 гишүүний дотоод үйл ажиллагаагаа эмхлэх спикерийг сонгох учир Монгол Улсын Үндсэн хуулиа баримтлан, үзэл санаанд нь нийцүүлэхийн чухлыг тэмдэглэж байлаа.

Дараа нь Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг нь хэлэлцэж буйтай холбогдуулан Улсын Их Хурлын дарга Н.Учрал үг хэлэв.

“Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэндээ төрийн эрх барих дээд байгууллага, хууль тогтоох эрх мэдлийг удирдах өндөр хариуцлагатай албанд итгэж, дэмжиж ажиллуулсанд талархаж байна. Хэдий богино хугацаа ч гэсэн парламентын дархлааг бэхжүүлэх, парламентын үйл ажиллагаанд дэвшилтэт технологи ашиглах шилжилтүүдийг хийхэд анхаарч ажилласны үр дүнд ахиц гаргалаа.

Улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентын дарга нь төв байр суурьтай, олон талын оролцоог хангаж, парламентын гишүүдийнхээ эрүүл, ухаалаг мэтгэлцээнийг өрнүүлэх, олон ургалч үзэл бодлыг уралдуулах бололцоог бүрдүүлэх үүргийг хүлээдэг. Ийм учраас өнгөрсөн хугацаанд парламентын гишүүдийнхээ дуу хоолой, оролцоог хангах чиглэлээр санаачилгатай ажиллахыг хичээсэн.

Сөрөг хүчний зүгээс улс төрийн таван нам, эвслээс бүрдсэн парламентыг аль нэг улс төрийн нам, эвслийн дарга удирдах нь зохимжгүй гэдэг шаардлагыг тавьсан. Үүнийг Монгол Ардын нам эрүүлээр хүлээж авч, ярилцаад улс төрийн шийдвэрээ гаргасан. Ингээд парламентын үйл ажиллагааг тасралтгүй, тогтвортой явуулах, парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орон, нийт ард түмний эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс гүйцэтгэх засаглалын тэргүүн өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн.

Цаашид Улсын Их Хурал дахь олонхын бүлэг парламентын даргаа нэр дэвшүүлнэ. Улсын Их Хурал олонхоороо шийдвэрлээд, дараагийн парламентын даргыг сонгох нь зөв жишиг болж үлдэнэ гэж бодож байна. Улс төрийн намын дарга хэдий ч парламентын даргын индрээс аль нэг улс төрийн нам, эвслийн мөрийн хөтөлбөр, зорилго, зорилтыг тунхаглахаас илүүтэйгээр Та бүхний дуу хоолойг оролцуулж, ажлын хэсгүүдэд ч Улсын Их Хуралд суудалтай бүх нам, эвслийн төлөөллийг оролцуулж, Та бүхний үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, чөлөөтэй мэтгэлцэх эрх чөлөөг хангуулахын төлөө хичээнгүйлэн ажилласан гэдгийг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна. Парламентын даргаар ажиллах хугацаанд дэмжиж тусалж, өндөр хариуцлага оногдуулж, хамтарч ажилласан Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлье” гэлээ.

Ийнхүү Улсын Их Хурлын даргыг үг хэлсний дараа санал хураалт явуулсан. Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжсэн Төрийн байгуулалтын байнгын хорооны саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон Улсын Их Хурлын 101 гишүүний 81 нь буюу 80.2 хувийн саналаар дэмжсэн. Иймд Улсын Их Хурлын холбогдох тогтоол батлагдсанд тооцож, Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ эцсийн найруулгыг танилцуулсан юм.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэг, 12.2.1 дэх заалт, 12.3 дахь хэсэг, Төрийн тусгай хамгаалалтын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2, 6.2.2 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын гишүүн Ням-Осорын Учралыг Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас чөлөөлөхөөр, Монгол Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл хугацаанд Монгол Улсын Их Хурлын даргын албан үүргийг Монгол Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэж байхаар, тогтоолыг 2026 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс дагаж мөрдөхөөр тогтоосон байна.

Үүгээр Улсын Их Хурлын өнөөдрийн үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлалаа хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

ТББХ:УИХ-ын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжив

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2026.03.30/ хуралдаан Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа, Ж.Бат-Эрдэнэ, Б.Батбаатар, Ж.Батжаргал, Б.Баярбаатар, С.Бямбацогт, А.Ганбаатар, С.Зулпхар, Ц.Идэрбат, Ч.Лодойсамбуу, Л.Мөнхбаатар, Ч.Номин, Н.Номтойбаяр, Б.Пүрэвдорж, Ц.Сандаг-Очир, Н.Учрал, Б.Хэрлэн, Ө.Шижир, Л.Энх-Амгалан, Д.Энхтуяа нар буюу гишүүдийн 62.5 хувийн ирцтэйгээр 09 цаг 23 минутад эхэллээ.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Улсын Их Хурлын даргын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байх бөгөөд түүнийг хуульд заасан үндэслэлээр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулж болно.”, 12.2.1-т “Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өөрөө гаргасныг Улсын Их Хурал хүлээн авсан” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга уншиж, танилцуулав.

Энэ дагуу Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учрал үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ танилцууллаа.

Тэрбээр “Миний бие Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.3-т заасны дагуу Улсын Их Хуралд олонхын бүлгээс нэр дэвшин, гишүүдийн 82.5 хувийн саналаар сонгогдон, 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн Монгол Улсын Их Хурлын даргаар ажиллаж байна.

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу Улсын Их Хурал дахь олонх болсон МАН-ын Бага хурлаас Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гарлаа. Иймд Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, суурь зарчмын дагуу миний бие төрийн тасралтгүй, тогтвортой үйл ажиллагааг хангах парламентын дархлааг хадгалан хамгаалах, улс орны язгуур эрх ашгийг эн тэргүүнд тавих үүднээс Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1-т заасны дагуу Монгол Улсын Их Хурлын даргын үүрэгт ажлаас өөрийн саналаар чөлөөлөгдөх хүсэлтээ гаргаж байна” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтуяа үг хэлж, Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижир асуулт асууж, хариулт авсан.

Үргэлжлүүлэн Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авахыг дэмжье гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн 85 хувь нь дэмжив.

Уг санал дэмжигдсэн тул Монгол Улсын Их Хурлын дарга Н.Учралыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх болон Улсын Их Хурлын даргыг шинээр сонгох хүртэл уг албан үүргийг Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ гүйцэтгэхээр даалгасан талаарх Улсын Их Хурлын тогтоолын төслийг мөн дэмжлээ.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа