Зах зээлийн өрсөлдөөний хууль ба бодлого нийгэмд ямар ач холбогдолтой вэ?

2016 оны 10-р сарын 14 өдөр, 11 цаг 36 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Өрсөлдөөний бодлого” хэмээх нэр томъёог орчин үед зах зээлийн өрсөлдөөнийг хэмжих Засгийн газрын бодлогын нэг хэсгийг тодорхойлоход хэрэглэдэг бол өргөн утгаараа жишээлбэл, тарифын хамгаалалтын бодлого, төрийн зохицуулалтыг бууруулах, гадаадын шууд хөрөнгө оруулалтын бодлогын хүрээнд хамрагдана гэж үздэг болжээ.

Өрсөлдөөний зохицуулалт төрийн улс төрийн бодлогын агуулгаараа 19 дүгээр зууны сүүл үеийн АНУ-ын эрчимтэй аж үйлдвэржилтээс эх үндэстэй гэж судлаачид хүлээн зөвшөөрдөг. 19 дүгээр зууны сүүлчээр өөр хоорондоо шалтгаант холбоо бүхий дараах үйл явцууд АНУ-д өрнөсөн нь өнөөгийн өрсөлдөөний зохицуулалтын төрийн бодлого бий болоход түлхэц болсон гэж үзэж болно.

Зах зээлийн хэт тэлэлтийн дараа эрэлт огцом унах үед хувийн хэвшлийнхний өрсөлдөөн ширүүссэн байдал. 19 дүгээр зууны хоёрдугаар хагасаас АНУ-ын төмөр замын дэд бүтэц эрчимтэй өргөжсөнөөр таваарын эргэлтийг дэмжиж, харилцаа холбооны шинэ технологийн нээлтүүд нь үйлдвэрлэлийн бүтээмж болоод хүртээмж, бизнес хоорондын харилцааг хөнгөвчилж зах зээлийн их тэлэлтийг араасаа дагуулжээ. Телефон, телеграфийн сүлжээ АНУ-ыг бүхэлд нь хэрэв. Эдгээр нь үйлдвэрлэл, борлуулалтын зардлыг хэмнэх, илүү олныг бага зардлаар үйлдвэрлэх инсентив болж өгчээ. Ингэснээр тус улсын зах зээл огцом тэлж, эдийн засгийн өсөлт урьд байгаагүйгээрээ нэмэгдэв. Аж ахуй эрхлэх эрх чөлөөг дэмжиж, компани өөр бусад компанийн хувьцааг худалдан авах боломжийг олгож, мөн хувьцаа эзэмшигчдийг төлөөлөн компанийг удирдах эрхийг гүйцэтгэх удирдлагад итгэмжлэн шилжүүлэх хууль эрх зүйн орчны инноваци ч үүнд хувь нэмрээ оруулжээ. Энэ бүхний зэрэгцээ хөрөнгийн зах зээлийн хөгжил, аж ахуйг удирдах арга барил хөгжсөөр байсан нь амжилттай компаниуд улам бүр хүчирхэгжин томрох хөрс суурь болсон бизээ.

АНУ-ын эдийн засаг 19 дүгээр зууны сүүлийн хагас бол түүхэнд үнийн бага бөгөөд тогтворгүй байдлаараа тэмдэглэгдэн үлджээ. Энэ нь макро эдийн засагт нөлөөлсөн удаа дараагийн эдийн засгийн хямралууд (1873-1878 болон 1883-1886)-аас хамаарсан эрэлтийн бууралт, нийлүүлэлтийн илүүдлээс шалтгаалсан өрсөлдөөн ширүүсч ирсэн нөхцөл байдалтай холбоотой. Нөгөө талаар зарим томоохон салбаруудын тогтворгүй байдал ч үүнд холбогддог байна. Дийлэнхдээ үнийн бууралт нь төмөр зам, харилцаа холбооны зардал буурч ирснээр компаниудын өрсөлдөх боломж цар хүрээ өргөжин тэлж байснаар тайлбарлагдаг. Энэ үед усан тээвэр ч мөн тээвэрлэлтийн альтернатив гэдэг утгаараа төмөр замтай өрсөлдөх болж хямд өртөгтэй болж ирсэн байдаг. Энэ үеийн томоохон хөрөнгө оруулалтууд ч хямд өртөгт үндэслэж байв. Хөрөнгө оруулалтыг татаж борлуулалтаа тасралтгүй нэмэгдүүлэхийн тулд үнээ хямдруулах “үнийн дайн” хийх нь түгээмэл болж ирэв. Ийм өрсөлдөөн урт хугацаандаа хэн хэнд нь ч ашиггүй байх нь мэдээж учир яваандаа тогтвортой байдлаа хадгалахын тулд өрсөлдөгч нар үнэ, ашгаа тооцон харилцан тохиролцох, үгсэх зам руу оржээ.

Тогтвортой байдлаа үгсэн тохиролцох замаар хадгалах арга хэмжээ картелиудад ашигтай хэдий ч эдийн засгийн харилцаанд оролцогч өөр бусад бүлэгт хохиролтой байв. Ялангуяа эцсийн хэрэглэгчид, борлуулагчид болон фермерүүд, жижиг үйлдвэрлэгчдэд тулгасан өндөр үнэ тэдэнд хүндээр туслаа. Жижиг бизнесүүд том өрсөлдөгчдийнхөө эсрэг, тэдний шударга бударга бус практик аргуудыг эсэргүүцэх байдал гаргаж эхэлжээ.

Томоохон компаниудын хуйвалдаан, хэт нөлөө – хяналтын идэвхжилт. Үе үе тохиох эдийн засгийн хямрал, хязгаарлагдмал эрэлтийг хангахын төлөөх ширүүн өрсөлдөөний нөхцөл байдлыг даван туулахын тулд бие даасан компани хоорондын хамтын итгэлцэл бүхий асар том “траст”-ууд институцчилэгдэн өсөж өндийх болж, тэд зарим салбарын хөрөнгө оруулалтын шийдвэрт хяналт тавих, үнийг үгсэн тогтоох, үйлдвэрлэлийн хэмжээг хязгаарлах, зах зээлийг газар зүйн хил хязгаараар нь өөр хоорондоо тохиролцон хувааж авч хяналтаа тогтоох зэрэг үйл ажиллагаа явуулах болов. Ийм трастууд зарим бүхэл бүтэн салбаруудад монополь хяналтаа тогтоогоод байв. Тухайлбал, АНУ-ын гангийн үйлдвэрлэл – худалдаа, үхрийн аж ахуй, арьс, газрын тос, элсэн чихэр, виски, тамхинд монополиудын хяналт үйлчилж байв. Гагцхүү ашгийн хэмжээг зорилгоо болгосон трастууд өргөжин томорсноор тэд жижиг өрсөлдөгч нараа зах зээлээс шахан зайлуулах, нийлүүлэгч, борлуулагч нартаа өөрсдийн хатуу нөхцөлийг тулгаж, эцэстээ хэрэглэгчийг өндөр үнээр хясах явдал гаргах болов. Орон нутгийн жижиг аж ахуй эрхлэгчид, фермерүүд болон нийгэм даяараа ядууралд орохын сацуу тэдгээр монополиудын өндөр үнэтэй тэмцэх тал дээр хүчин мөхөсдөх болж том трастуудын эсрэг бослого тэмцэл гарах болжээ.

Санхүүгийн фракциудад багтсан банкууд шууд бус утгаараа бодит эдийн засаг дахь олон салбаруудын үйлдвэрлэл, хөрөнгө оруулалт, шинэ технологийг удирдаад зогсохгүй шийдвэр гаргалтад ч асар их нөлөөтэй болжээ.

Ийнхүү том трастуудын эсрэг илүү өргөн хүрээтэй тэмцэл хөдөлгөөнүүд үүсгэн байгуулагдаж, улс төрийн маргаан мэтгэлцээний төвд төрийн зүгээс зах зээлийн хэт төвлөрөл, трастуудын хүчирхэгжилтэд цаашдаа ямар үүрэг рольтой байх ёстой талаар нийтээр хэлэлцэхийн зэрэгцээ тусгайлсан хуулийн зохицуулалт гаргаж батлахыг төрөөс шаардах болжээ. Хувийн компанийн өргөжин томроход хэмжээ тогтоох эсэх, төрийн оролцоогүйгээр тодорхой зах зээлд зохион байгуулалт хийх эрхийн хэмжээ хязгаарын тухай асуудал нь олон нийтээс шаардаж буй шаардлагын гол зүйл байв. Энэ үед сенатын гишүүн Жон Шермен (1823-1900) том трастийг хязгаарласан хууль санаачилсан нь 1890 онд АНУ-ын Конгрессоор батлагдаж энэ нь хожмоо Шермений хууль хэмээн алдаршсан билээ.

 

Шерманы хуулийн хэрэгжилтийн практик /хоёрдугаар хэсэг/

Хэрэгжилтийн эхэн үеийн сорилтууд. Шерманы хуулийн нэгдүгээр бүлэг нь худалдааг хязгаарлах, үгсэн хуйвалдах зорилготой гэрээ хэлцлийг хориглож, зөрчсөн тохиолдолд хорих болон мөнгөн торгуулийн санкцийг тогтоож өгсөн.  Хоёрдугаар бүлэг нь монополийг хориглох, монопольчлох, монопольчлохоор хуйвалдахыг хориглох /хэдийгээр монополь байх нь өөрөө хууль бус гэж тооцоогүй/ харилцааг зохицуулсан. Уг хуулиар хуульчлагдсан хууль зүйн хариуцлагад торгохоос эхлээд эрүүгийн хариуцлагын нэг хэлбэр болох хорих ял/гурван жил хүртэл хорих/-ыг багтааж өгсөн нь харьцангуй чанга хууль болохыг илтгэнэ. Батлагдсанаас хойшхи эхний 10 жилийн хугацаанд тус хуулийн хатууг мэдрүүлэхүйц кейс тохиолдоогүй байна.
Харин 1897 онд Америкийн Нэгдсэн Улсын Дээд Шүүхээс “Trans-Missouri Freight Association” гэж түүхэнд тэмдэгдэгдэн үлдсэн төмөр замын 18 компанитай холбоотой ачаа тээврийн үнийг урьдчилан үгсэж тохиролцон хэлцлийг хууль бус гэж үзэж шийдвэрлэсэн нь томоохон дуулиан тарьжээ. Уг хэрэг болон Addyston Pipe and Steel гэсэн хэргүүд дээр буруутгагдсан талуудын зүгээс өөрснийгөө зөвтгөх зорилгоор тайлбарлаж байсан “үнийн үгсэн тохирч тогтоосон нь зохих ёсны үндэслэлтэй бөгөөд учир нь энэ нь эрүүл бус өрсөлдөөнөөс сэргийлэх зорилготой байсан” гэсэн тайлбаруудыг шүүх хүлээн зөвшөөрөхөөс татгалзсан юм. Улмаар Дээд Шүүх уг хэргийг хянахдаа Шерманы хууль  ёсоор хуулийг тогтоогчийн хүсэл зориг нь ерөөс зах зээл дээрх үнийг үгсэн тохиролцох аливаа төрлийн хэлцлүүдийг хориглохоор хуульчилсан байх тул чухамдаа ямар хэлцэл нь илүү үндэслэл бүхий шалтгаантай эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй тул шүүгчээс хамаарах зүйл байхгүй гэж цохон тэмдэглэсэн байна. Өрсөлдөгч нарын хоорондох үнийн хэлцлийг хориглох нь Америкт өнөөг хүртэл хүчин төгөлдөр зарчим юм. Гэвч маш онцгой цөөн хэдэн тохиолдлуудад, тухайлбал, даатгал, хөдөө аж ахуй, загас агнуур, мэргэжлийн бэйсбол, үйлдвэрчний эвлэл зэрэг салбарт хэлбэрийн төдий зөвшөөрөгддөг байна.
1911 онд Dr. Miles v. Park & Sons гэж нэрлэгдэх хэрэгт Дээд Шүүхээс үнийн хязгаарлалтын хориглолтод босоо түвшин дэх харилцаа мөн хамаарахыг тогтоон шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч болон түүний дистрибьютерийн зүгээс тодорхой бараа бүтээгдэхүүнийг жижиглэнгээр худалдаалагч нарт үнийн дээд ба доод хязгаарыг тогтоож өгөх явдлыг per se /мөн чанараасаа/ хууль бус гэж тогтоосон байна. Энэ хориглолт нь хэзээ ч өөрчлөгдөөгүй юм.
Дээрх байр суурь нь Standard Oil Company /1911 онд 34 хэсэг болгон хуваагдсан компани/ болон American Tobacco хэмээх томоохон компаниудад холбогдох хэргүүдийг шийдвэрлэснээр дахин баталгаажсан байдаг.
​Standard Oil-ийн маргаан бол өрсөлдөөний зохицуулалтын түүхэн дэх хамгийн томоохон  хэрэг байсан юм. Ж.Д.Рокфеллерийн үүсгэн байгуулсан энэхүү компани нь удаа дараагийн монопольчлох үйл ажиллагаа, давамгай байдлаа ашиглан өрсөлдөгч жижиг аж ахуйн нэгжүүдийг өөртөө нэгтгэх, үнийн үгсэн хуйвалдаан зэрэг үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд 1911 онд Нэгдсэн Улсын Дээд Шүүхээс Шерманы хуулийн дагуу тус компанид торгууль ногдуулж, Standard Oil Company –ийг жижиг хэсгүүд болгон хуваах шийдвэр гарчээ.
​ American Tobacco -ийн тухайд тамхины таван үйлдвэрлэгчийг өөртөө нэгтгэсэн томоохон бүлэг байсан бөгөөд Америкийн тамхины зах зээлийн 76-86 хувийг хяналтандаа байлгаж байв. Эдгээр компаниуд нь өрсөлдөгч жижиг үйлдвэрлэгчдийн хувьцааг хяналтандаа авах, тэдний үйл ажиллагаанд зүй бусаар нөлөөлж тамхины нийлүүлэлтийг хязгаарлах зэрэг үйл ажиллагаа явуулсы улмаас 1911 онд  Шерманы хууль  -ийн дагуу буруутгагдаж, торгууль төлж, компаниудыг жижиг хэсгүүдэд хуваахаар шийдвэрлэгдсэн байдаг.
​The Клайтоны хууль болон Холбооны Комиссын хууль батлагдаж сул талуудыг нөхсөн нь. Шерманы хууль  нь бие даасан хуулийн этгээдүүдийн хооронд болон монополь байдалтай аж ахуйн нэгжийн үнэ тогтоох болон зах зээлийг үгсэн тохиролцож хуваах гэсэн үйл ажиллагааг хориглосон зохицуулалтыг хамарсан ч компаниудын нэгдэх процесс/хэдийгээр уг нэгдэл нь өрсөлдөөнд харш зорилго болон үр дагавартай байсан ч/-той холбоотой харилцааг зохицуулаагүй юм. Тиймээс зарим тохиолдолд компаниуд  Шерманы хууль -ийн энэхүү сул талыг олж хараад ашиглах бололцоотой байв.
1897 оноос Америкийн түүхнээ хамгийн томд зүй ёсоор тооцогдох компаниудын нэгдэх процессын давалгаа өрнөсөн байдаг. Энэ нь нэг талаас өрсөлдөөний хууль тогтоомжийг батлах үйл явц, нөгөө талаас үнийн талаарх хэлцлүүдийг хэрэгжүүлэхэд учрах болсон бэрхшээлүүдтэй холбоотой юм. Нэгэнт эрх зүйн орчин үнийг хэлцлийн замаар шийдвэрлэх боломжгүй болгосоор байсан тул компаниуд нэгдэх замаар үнийг хянах арга руу шилжих болсон. Түүнчлэн хувьцааны арилжаа, банк болон бусад хөрөнгө оруулагчдын сонирхол, хөрөнгийн зах зээлийн таатай нөхцөл ч үүнийг хөхиүлсэн. Нэгдсэн Улсын Дээд Шүүх үнийн хэлцлүүдтэй холбоотой Trans-Missouri Freight Rate Association(1897), Joint Traffic Association(1889), Addyson Pipe and Steel(1897) гэсэн хэргүүдийг Шерманы хуулийн дагуу шийдвэрлэсний дараах жилүүд /1899-1902/ компаниудын нэгдлийн давалгаа дээд цэгтээ хүрээд байв. Учир нь Шерманы хууль  нь картелиудын хувьд маш эмзэг асуудал болж байсан юм.
Монополийн төлөөх нэгдэлд уг Шерманы хууль хариулт өгч чадаагүй. Тухайлбал, 1895 оны Knight-тай холбоотой шүүх ажиллагааны явцад Дээд Шүүх АНУ-ын элсэн чихэр үйлдвэрлэлийн 98 хувийг хяналтандаа авах хэмжээнд хүртэл үргэлжилсэн монополийн нэгдэлтэй холбоотой хэрэгт хориглолт хийж чадаагүй юм.
The Клайтоны хууль нь зөвхөн нэгдэх процессыг хамраад зогсохгүй тодорхой зах зээл дээрх үнийн ялгаварлал буюу өрсөлдөгч компаниуд үгсэн тохиролцож өрсөлдөөнийг хумих практикийг хориглохыг эрмэлзсэн.  Клайтоны хуулийн дөрөвдүгээр бүлэгт оруулж өгсөн хууль бус худалдааны үйл ажиллагааны хийсэн гэм буруутай этгээдээс хохирогчид учруулсан “хохирлыг гурав дахин үржүүлж төлүүлэх” гэсэн санкци нь уг хуулийн маш чухал хэсэг нь юм.
Холбооны Комиссын хууль мөн 1914 оноос үйлчилсэн бөгөөд үүнд Холбооны Худалдааны Комисс хэмээх шударга бус худалдааг хянан зохицуулах бие даасан агентлагийг бий болгосон. Уг агентлаг нь Засгийн газрын Хууль зүйн Албатай хамтран өрсөлдөөний хуулийг Нэгдсэн Улсын хэмжээнд хариуцан хэрэгжүүлэхээр зохицуулагдсан байна. Харин муж улсын түвшинд тухайн мужийн Ерөнхий прокурор уг асуудлыг өөрийн муждаа хариуцаж ажиллахаар зохицуулжээ.
Клайтоны хуульд хэд хэдэн нэмэлт өөрчлөлт оруулж байжээ. 1936 онд Robinson-Patman Act –аар үнээр ялгаварласан гэж үзэх угтвар нөхцөлүүдийн талаар оруулсан байна. Өрсөлдөгч нарын үнийг хянах, өрсөлдөөнийг хязгаарлах гэсэн үйл ажиллагаа дурьдсан хуулиудын дагуу хязгаарлагдсаар ирсэн боловч тэд хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиудын хийдлүүдийг олж нээсээр байсан юм.  Үүний нэг нь нэг зах зээлд ажиллагсад “харилцан өмчлөл” бүхий нэгдэл буюу хувьцаагаар бус бодит эд хөрөнгөөрөө нэгдмэл байх явдал юм. Ингээд 1950 онд Celler-Kefauver Act-ийг баталж өрсөлдөгч нарын хооронд эд хөрөнгийн хувьд хамтын өмчлөл бүхий нэгдэл, ийм хэлцлийг хориглосон байна. 1976 онд өөр нэгэн чухал хууль батлагдсан нь Hart-Scott-Rodino Act бөгөөд Худалдааны Комисс болон Засгийн Газрын Хууль зүйн Албанд тодорхой босго давсан бүх төрлийн нэгдлүүдийг хянах эрхийг олгосон байдаг.                          ​

Дэлхийн дайнуудын үеийн нөхцөл байдал. Дэлхийн нэгдүгээр болон хоёрдугаар дайнуудын хоорондох үеийг өрсөлдөөний хууль тогтоомж сул хэрэгжсэн үе гэж онцлон тэмдэглэдэг. Дэлхийн нэгдүгээр дайны үед улс төр ба бизнес нэгдмэл, өөрөөр хэлбэл, зах зээлийн хүчин зүйлд гэхээсээ илүүтэй төрийн зохицуулалт бүхий эдийн засгийг эрхэмлэж байсан. Эдийн засгийн зохицуулалтын энэхүү модель нь дайн дуусах хүртэл зөвтгөгдөж ирсэн юм. 1929 оны их хямрал ийм үзэл хандлагыг зөвтгөгдөхөд хүргэж зарим бүтээгдэхүүний үнийн хяналт зохицуулалт, ийм хэлбэрийн бусад санаануудыг ч дагуулсан. Үүний нэг жишээ бол өргөн хэрэглээний барааны үнийн ялгаварлалыг хориглох зорилготой Robinson-Patman Act юм. Уг хууль нь өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний нийлүүлэгч нар өөрийн барааг томоохон сүлжээ дэлгүүрүүдэд худалдахдаа жижиг дэлгүүрүүдэд худалддагаас хямдруулан худалдах болж энэ байдлаас үүдэн жижиг дэлгүүрүүд зах зээлээс шахагдаж байсантай холбоотойгоор бөгөөд ийм нөхцөл дэх үнийн ялгаварлалыг хориглох агуулгатай байсан юм.
Түүнчлэн тухайн үеийн өөр нэгэн онцлохуйц шийдвэр бол 1933 оны Appalachian Coals-тай холбоотой хэрэг юм. Энэ бол үнийг үгсэн тохиролцох явдлын хориглолттой холбоотой маш онцгой тохиолдолд бөгөөд АНУ-ын Дээд Шүүхийн энэхүү шийдвэрийг зөвхөн түүхэн тодорхой нэгэн нөхцөл байдалтай нь холбож авч үздэг.
Их хямрал аж үйлдвэрийн нэлээд  олон салбарт нөлөөлсөн байдаг. Ийм салбарын нэг бол нүүрс олборлох салбар байв. Эрэлт огцом унасантай холбоотойгоор Appalachian уулын бүсийн 137 нүүрс олборлогч нар нэгдэж үнийн хамгийн оновчтой хувилбарыг тохиролцон тогтоосны зэрэгцээ орлогоо оролцогч нартаа хуваарилж байв. Дээд шүүх энэхүү хэлцлийг тухайн зах зээлийг бүрмөсөн уналтанд орохоос сэргийлэх зорилготой байсан гэж үзээд хуульд харшлахгүй гэж үзсэн.
Энэ бол өрсөлдөөний эрх зүй, түүний хэрэгжилт улс төр, эдийн засаг, түүхэн талаасаа хэрхэн ойлгогддогийн шилдэг жишээ байж болох юм. Хожим нь эдийн засгийн байдал маш өөр байсан үед Socony-Vacuum Oil –ийн хэргийг Дээд шүүх 1940 онд шийдэхдээ /хэдийгээр дээд шүүхийн зарим шүүгч нар өөрчлөгдсөн хэдий ч/ үнэ тогтоох талаарх хэлцлийн хориглолтын тухай per se зарчмыг дахин өөрчилж шийдсэн.

1970-аад оны дунд үе өрсөлдөөн зохицуулалтын идэвхтэй үе. Socony-Vacuum Oil –ийн дараа 1970-аад оны дунд үе хүртэл анти трастын хөдөлгөөний идэвхитэй үе нь эдийн засгийн үр ашигтай  өсөлтийн төлөө гэхээс илүү томоохон пүүсүүдийг хязгаарлан хянах гэсэн хүсэл хандлага эдийн засгийн сэтгэлгээнд давамгайлж байснаараа онцлогтой. International Salt /1947/-ийн хэрэг маргаан нь аливаа бараа бүтээгдэхүүнийг бусдад худалдаалахдаа дайвар бүтээгдэхүүн үйлчилгээ “шахах” болзол тулгахыг хууль бус гэж үзэх хориглолтын эхлэл болсон юм. Schwinn /1967/- хэрэг дээр шүүх тодорхой нутаг дэвсгэрт нэг дистрибьютрээс өөр этгээд тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахыг хориглосон агуулгатай гэрээний нөхцөлийг хууль бус гэж үзсэн.
Нэгдэх процессууд мөн л ижил хандлагыг харуулж байв. Philadelphia National Bank /1963/ Филаделфийн хоёр банкны нэгдлийн түлхүүр асуудал нь нөлөөллийн бүсчлэлийг авч үзэхдээ Филаделфиа хот орчмын эсхүл Нью-Йорк-Филаделфийн /илүү өргөн орон зайг хамарсан/ бүсчлэлээр асуудлыг авч үзэх үү гэдэг дээр байсан юм. Шүүх илүү явцуу буюу бага хүрээг хамарсан зах зээлийг авч үзсэн бөгөөд нэгдэх шийдвэрийг зөвшөөрөөгүй юм.  Учир нь уг нэгдэлт нь хэтэрхий төвлөрсөн зах зээлийг бий болгоно гэж үзсэн. Эдгээр банкуудын зүгээс тэдний нэгдэлт нь бусад том банкуудтай өрсөлдөх бололцоотой болно гэсэн тайлбарлалыг үгүйсгэхдээ нэг зах зээл дэх өрсөлдөөний эсрэг үр чиглэсэн үйл ажиллагаа нь нөгөө зах зээл дээр өрсөлдөөнд ашигтай зүйл гэж зөвтгөн тайлбарлах нь буруу гэж үзсэн бөгөөд шүүх банкуудын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон.
Чикагогийн сургууль ба Рейганы үе. Чикагогийн их сургуультай холбоотой зарим зохиогчид өрсөлдөөн зохицуулалтын газрууд болон шүүхүүдийн хөндлөнгийн оролцоог илт шүүмжилж, зах зээлд оролцогчын хоорондох хэлцэл, нэгдэх үйл явцын рациональ үр ашгийн тухай асуудлыг сөргүүлэн тавьсан. Энэ үзэл хандлагууд 1970-аад оны шүүгч нар болон нийтлэлч нарт нөлөө үзүүлж эхэлсэн юм. Чикагогийн сургуулийн шүүүмжлэл болон Америкийн компаниудын гадаад зах зээл дээрх өрсөлдөх чадварын уналт нь бизнесийн практикийн үр ашгийн талаар анхаарал хандуулахаас аргагүй байдалд хүргэж АНУ дахь өрсөлдөөний хуулийг хэрэгжүүлэх хандлагыг өөрчлөх шалтгаан болсон юм. Эргэлтийн цэг нь яах аргагүй GTE-Sylvania /1997/ хэрэг маргаан бөгөөд Дээд шүүх шийдвэрлэхдээ үнийн бус хязгаарлалтын хэлцэл нь хангалттай үндэслэлийн шалгуураар яригдах ёстой гэсэн шийдвэр гаргасан байна. Энэхүү “савраа тат” гэсэн тодотголтой хөдөлгөөн нь Ерөнхийлөгч Реайганы ажилласан жилүүд /1981-188/-д явагдсан өөрчлөлтийн гол чиг хандлагыг дагуулсан юм. Үр ашигт чанарт чиглэсэн бодлогын үед худалдаанд оролцогч талуудын хоорондын босоо чиглэлтэй үгсэн тохиролцох хэлцэл, монопольчлолын талаарх хэрэг маргаанууд дээр хувийн хэвшлийн компаниудын эсрэг шийдвэр гарах нь ховор болж ирсэн юм. Үр дүнд нь хувийн хэвшил дэх анти-трастийн тухай гарсан маргаан 1980-аад оноос тогтмол буурч ирсэн бөгөөд 1977 оны эцсээр ийм төрлийн хэрэг маргаан 1611 байсан бол 1989 оны мөн үед ердөө 638 болж буурч байв.
АНУ-ын өрсөлдөөн зохицуулалтын хүрээнд сүүлийн үед өрнөсөн үйл явдлууд. Сүүлийн үеийн чиг хандлагыг тухайлан тодорхойлоход ихээхэн төвөгтэй болж ирж байна. Сүүлийн цөөн хэдэн онцлохуйц үйл явдлуудыг эс тооцвол антитрастын албан болон шүүх 1960-аад оны интервенционизм, 1980-аад оны дээр дурьдагдсан хандлагууд хоёрын дунд эргэлдэж байна. Хамгийн сонирхол татахуйц гэж хэлж болохуйц жишээ бол Майкрософтын монопольчлол гэж нэрлэгдэх бүрхэгдүүхэн хэрэг. Уг хэрэг Б. Клинтоны засаг захиргааны үед эхэлж, Ж.Бушын үед чиглэл нь орвонгоороо өөрчлөгдөн шийдвэрлэгдсэн байдаг. Нэгэн чухал үйл явдал бол картелийн эсрэг бодлогыг дахин идэвхжүүлж, хорих ялын тухай заалт бүхий санкц нэмэгдсэн хэдий ч картелийг илчилж, нотлоход дэмжлэг үзүүлсэн бол өршөөлд хамруулах бодлогыг бий болгосон явдал мөн.

Үргэлжлэл бий…

2016.10.10

Аюушийн АРИУНБОЛД

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх

Нийт 1 сэтгэгдэлтэй
  1. Зочин
     (202.9.46.9.***)
    2020/05/11 23:52

    Хэрвээ энийг бичсэн хүн уншиж байвал ямар эх сурвалжаас авсан бэ? Мөн судалгааны ажил бичиж байгаа болохоор Майкрософтын монопольчлолын тухай бүтэн эхээрээ орчуулгатай хаана байгаа талаар хэлж өгөх боломж байна уу

    (0) (0)