П.Наранхүү: Өмгөөлөгч хүн бусдын амьдралын баялаг түүхийг өөрөө туулсан мэт мэдэрдэг

2025 оны 05-р сарын 02 өдөр, 14 цаг 39 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
naranhuu umguulugch

 Аливаа хүн дотоод сэтгэлийн хүчээр амьдралаа залж, ажил мэргэжлийнхээ ирээдүйн өнгийг тодорхойлдог. Үүнд хүн чанар, хүнлэг сайхан сэтгэл,  ёс суртахуун хамгаас  чухал. Энэчлэн бусдын төлөө гэсэн сэтгэлтэй, тус болж чадахгүй бол өчүүхэн төдий ч хохироож болохгүй гэсэн хандлагаар  хүн бүр өөртөө  зохих сайн, сайхан чанар, зөв зүйтэй зарчмуудыг бий болгож чадвал нийгмийн сайн, сайхан байдал ч  аяндаа бий болно гэдэгт эргэлздэггүй. Тэдний нэгэн төлөөлөл, хувь ерөөлөөр олон зуун өмгөөлөгчидтэйгээ  нэгэн цаг дор  мөр зэрэгцэн ажиллаж, үйлсийн сайхнаар жигүүр хийж түүндээ  тэмүүлж, хөтлөгдөж  яваа  өмгөөлөгч П.Наранхүүтэй уулзаж ярилцлаа. Үг бодол нь жигдэрсэн, санаачилга нь цэцэглэсэн ийм л хүмүүс эргэн тойрондоо сайныг түгээж явдаг жамтай.

-“Өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээж чаддаг мэргэжлийг хуульч хэмээдэг. Иймд яриагаа “Хүний заяа төөрөг, хувь заяа” гэдэг асуултаар эхлэхийг хүслээ?

“ Хувь заяа” гэдгийг хүмүүс 2 янзаар ойлгож, хэрэглэдэг. Нэгдүгээрт, хүний амьдралд өөрөөс нь үл хамааран болж өнгөрдөг үйл явдлууд. Хаана, хэний хүүхэд болж мэндлэх, хэд наслах гэх мэт. Хоёрдугаарт, өөрийн хувь заяанд нөлөө үзүүлж байгаа хичээл зүтгэлийн үр дүн. Хэрхэн хөдөлмөрлөх, яаж эрүүл байх, юу бүтээх гэх мэт. Миний хувьд энэ хоёр ойлголт хоёулаа зэрэгцээд байх шиг санагддаг. Хорвоод нэгэнт хүн болж төрсөн учраас өөрийгөө хэрхэн яаж илэрхийлж, босгон бүтээх вэ? гэдэг нь миний асуудал. Мөн амьдралын цаг хугацааны явцад  насан туршийн мэргэжлээ сонгох, хэнтэй ханилах вэ? гэх нь сонголт хэдий ч цаанаасаа ургаж ирдэг учраас өөрөөс үл хамаарах  хүчин зүйл болов уу.

Өмгөөллийн ажилтайгаа холбон ярихад 2011 онд анх Шүүх хуралд оролцож байлаа. Энэхүү 14 жилийн хугацаанд бусдын амьдралд тохиолдсон аливаа асуудалд сурч мэдсэнээ сорьж, сэтгэж тэдгээр асуудлуудын ард гарахын тулд бүхий л нөөцөө дайчлах болдог. Ер нь анх өмгөөлөгч мэргэжлийнхээ нарийн учрыг төдийлөн ойлгодоггүй байлаа. Оюутан байхдаа найзуудтайгаа “сургуулиа төгсөөд гэмт хэрэгтнийг өмгөөлнө гэхээр нэг л сэтгэлд буухгүй юм” гэж ярьдаг байж билээ. Дараа нь өмгөөллийн ажлаа хийгээд явж байтал чи хүнийг хэрцгийгээр хороосон, эсвэл хүчиндсэн хүнийг өмгөөлөх үү гэж асуухтай цөөнгүй таарчээ. Энэ асуултанд хариулахад их эвгүй байдаг. Тэр бүрд нь өмгөөлнө гэж шууд хэлэхэд хэцүү ч өмгөөлнө гэж эргэлзэхгүйгээр хэлдэг болсон. Учир нь энэ бол манай мэргэжлийн үүрэг шүү дээ. Эмч дээр хүн биеэ эмчлүүлэхээр очиход “та өөрөө биеэ ийм болгосон. Би яахаараа таны эрүүл мэндийн өмнө хариуцлага хүлээх ёстой вэ?” гэж асуудаггүйн адил өмгөөлөгч хүн “чи ямар муу үйл хийгээ вэ? би яагаад чамайг өмгөөлөх ёстой вэ?” гэж хэлэх эрхгүй. Үүнийг ойлгож эхэлбэл өмгөөлөгч болох зам руу хөл тавьж байна гэсэн үг. Хэдий тийм ч бид үйлчлүүлэгчийн бурууг зөвтгөх зорилго агуулдаггүй. Харин түүний эрх зүйн мэдлэг чадваргүй байдалд мэргэжлийн туслалцааг л үзүүлдэг. Үүнийг шууд утгаараа өмгөөлөгчийн ёс зүй гэж ойлгож болно. Энэ ажлын эргэн тойронд явсаар одоо нэгэнт 18 жил болжээ. Ингээд бодохоор өмгөөллийн ажил мэргэжил миний хувь заяатай салшгүй холбоотой юм байна.

-Энэ бүгдээс харахад өмгөөллийн ажил танд юуг өгч байна вэ?

– Өмгөөллийн ажил хүнийг асар их зүйлд сургадаг. Хуульчийн ажлыг шүүгч, прокурор, өмгөөлөгч гэж хуваадаг. Амьдрал дээр цагдаа, шүүгч, прокуророос өмгөөлөгч болсон хүмүүс олон бий. Гэвч тэд тогтсон хайрцагнаас гарч чаддаггүй бэрхшээлтэй тулгардаг. Цагдаа хардах, прокурор буруутгах, шүүгч шүүх өнцгөөс л хардаг. Харин өмгөөлөгч бол өмгөөлөөд зогсохгүй бүхий л талыг давхар тооцоолох шаардлагатай болдог. Тиймээс бид хэнийг ч ойлгох боломжтой, чадвартай болдог. Бид үргэлж ямар нэг хүнд хэцүү бэрхшээл тулгарсан хүмүүст хууль зүйн туслалцаа мэргэжлийн туслалцаа үзүүлдэг. Онцлог нь эндээс хүний амьдралын баялаг түүхийг өөрөө туулсан мэт мэдэрнэ. Өөрөөр хэлбэл, амьдралд ийм зүйл байдаг юм байна шүү дээ гэдгийг ухаарна. Ер нь хүний амьдралын зовлон бэрхшээл дунд ойрхон яваа хүн хүнлэг байдаг. Өмгөөлөгчийг шударга ёсны мэргэжил гэж тодорхойлдог. Үүнийг хүн төрөлхтөний хөгжлөөс харж болно. Ер нь өмгөөлөгч мэргэжил хэрэггүй болоод цөөрөөд устчихгүй л байх. Харин ч улам л нэмэгдэж, өргөжсөөр байна. Үүгээр энэхүү шударга ёсны мэргэжил хүн төрлөхтөнд зайлшгүй хэрэгтэй болохыг нотолж байна. Ийм л үнэ цэнэтэй учраас бахархалтай, сэтгэл дүүрэн байдаг даа.

-Шүүх хурлаас авах мэдрэмж гэвэл багагүй зүйлийг өгүүлэх болов уу?

-Өө олон янзын мэдрэмж төрнө дөө. Миний ажигласан өнцгөөр үйлчлүүлэгчдийн ухаарахыг харах нэг төрлийн сайхан мэдрэмж төрүүлдэг. Анх хүсэлтээ илэрхийлээд ирэхдээ үйлчлүүлэгч бүр л өөрийгөө буруугүй гэж өмөөрдөг. Гэвч ялсан ч, ялагдсан ч би бас буруутай юм байна гэсэн бодол тээсэн, үг хэлсэн үйлчлүүлэгчийн ухаарал надад нэг төрлийн сэтгэл ханамжийг өгдөг. Хоёрдугаарт: мэргэжлийн хуульчид буюу өмгөөлөгч, шүүгч прокурор, цагдаа нар бичгээр болон амаар илэрхийлж байгаа үгийг минь хүлээж авахад урамшиж, бас нэг сайхан мэдрэмж авдаг. Дээр нь үйлчлүүлэгч маань сэтгэл дүүрэн байж, ханамжтай үлдэх хамгийн сайхан. Ямар нэгэн кино, зохиол бүтээлд эсрэг дүр эерэг дүр гэж байдаг. Шүүхийн маргаанд ч мөн адил. Миний бодлоор өмгөөлөгч хүн өөрт оноогдсон үүргээ биелүүлснээр нөгөө талдаа эсрэг харагдаж, үзэн ядагдавч өөрийн үйлчлүүлэгчийн өмнө нэр төртэй үлддэг.

-Өмгөөлөгч гэдэг мөнхийн сурах ёстой мэргэжил. Таны ярианаас ч нэлээдгүй уншиж судалжээ гэдэг нь харагдаж байна л даа?

-Өмгөөлөгч хүн цаг ямагт суралцаж хөгжих ёстой. Шинэ тутам гарч байгаа хууль тогтоомж, хууль зүйн салбартаа өрнөж байгаа мэдээллүүдийг тасралтгүй авч байх нь зүйтэй. Гэвч үүнээс илүүтэй хуульч хүн философийн мэдлэгтэй байх ёстой. Өөрөөр хэлбэл, хуулийнх нь дотоод мөн чанарыг философи л бүрдүүлдэг шүү дээ. Мөн хуульч хүний дотоод мөн чанар ёс суртахуунлаг, хүнлэг, нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа ухамсарладаг байх ёстой. Хууль зүйн нэр томьёог цээжилсэн шүүхийн маргаанд эсвэл ямар нэг хурал дээр албан ёсны мэт харагдахыг хичээсэн хүмүүс цаанаа хуурмаг санагддаг. Энэ нь хэдийгээр мэргэжлийн хүн шиг харагдавч үнэн хэрэгтээ тухайн хэрэг маргааныг бодитоор харж  эцсийн үр дүнг нь тооцох ч юмуу, эсвэл тухайн хэргийн нөхцөл байдал дээр өртөж байгаа хүмүүсийг бодож байгаа дүгнэлтүүд огт харагддаггүй. Үүгээрээ ямар ч үлгэр жишээ байхгүй. Хуурмаг байдлаар нийгмийг баяжуулан эвддэг. Хүмүүсийн хувь тавиланд нөлөөлөхүйц шийдвэр гаргахад оролцож байгаагаа ямагт ухамсарлах ёстой. Зөвхөн ямарч хамаагүй аргаар өрсөлдөгчийнхөө дээр нь гарч байвал өөр бусад нь хамаагүй гэсэн хандлага харилцаатай хуульч цөөнгүй таардаг. Энэ нь уул нь буруу л юм байгаа юм. Бид чинь нийгмийн өмнө эрх эдлэхээсээ илүүтэй, үүрэг хүлээж байгаа шүү дээ. Мэдээж мэтгэлцээнд ялах нь чухал. Гэхдээ ялалт зорилго биш, харин шударга ёс зорилго байх ёстой.

-Өмгөөлөгч Наранхүү, өмгөөлөгч биш Наранхүү хоёрыг харьцуулж бодож байв уу?

-Хэрвээ би өмгөөлөгч болоогүй бол зураач болох байсан болов уу, учир нь  хүүхэд байхдаа уран зурагт дурлаж зураг их зурдаг байсан л даа. Гэвч одоо орхигдсон. Дараа нь философид дуртай болсон доо. Энэ нь өмгөөллийн ажилд маань ч тус болдог. Ажлын туршлагаасаа харахад өнөөдөр хүний хүн чанар  сайжрахаасаа илүүтэй муужраад байна уу даа гэж бодогддог. Эндээс дараахь асуулт урган гарна. Юу вэ? гэвэл Монголчууд эртнээсээ хүн чанартай байсан уу? Байсан бол хаана, хэзээ гээчих вэ? Одоо бол ямартай ч тэр хүн чанар харагдахгүй л байна. Зөв нь буруутай мэт, худал нь үнэн мэт. Хүн ер нь хүнээс авсан тусаа мартахгүй, хүнд өгсөн тусаа ярихгүй байж чадах нь хүн чанарын наад захын асуудал. Гэтэл өнөө цагт аль болох өгснөө л ярина, авснаа мартчихна. Мөн миний буруу гэхээсээ илүү бусдын буруу гэнэ. Ийм тохиолдолд нийгэм зөв, хэвийн байх ямар ч боломжгүй. Тиймээс үргэлж бусдын тусыг санаж, өөрийн тусыг мартчихаж байх хэрэгтэй.

– Хамгийн эрхэм үнэт зүйл тань?

-Хүний итгэлийг алдахгүй, дааж явахыг хүсдэг. Юуны түрүүнд гэр бүл, үр хүүхэд. Нэг насандаа зөв амьдрах нь чухал.

-Залуу хүмүүс зорилго дүүрэн амьдардаг. Иймд та мөрөөдлийнхөө альхан хэсэгт явна гэж боддог вэ, биелсэн ч бий, үгүй байх нь ч бий?

-Хүний амьдрал утга учиртай байх сайхан. Сайхан явах заяаных, сайн явах санааных гэдэг. Яагаад ч юм миний бодсон санасан зүйл ихэнхдээ л биелдэг. Ер нь эргэн тойрны маань хүмүүс Наранхүүгийн хөөцөлдсөн ажил бүтдэг гээд байдаг шүү./Инээв/  Ер нь миний хүүхэд байх үеийн хүссэн мөрөөдөл бараг л биелсэн. Одоо надад цөөн хэдэн том зорилго бий. Түүнийгээ биелүүлнэ дээ. Одоо яриад яахав. Биелүүлчихээр хүмүүс аяндаа харах байх аа. Хүн ер нь мэргэжил, хань хоёроо зөв сонгоход л болоод явчихдаг юм билээ дээ. Амьдрал намайг дандаа сайн хүмүүстэй уулзуулж, учруулдагт үнэхээр баярлаж явдаг.

 Д.Нэргүй

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх