М.Баярмаа: Аймгаа харваачдаараа алдаршуулах санаатай нум урладаг

2016 оны 10-р сарын 14 өдөр, 14 цаг 30 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

“Амьдралын тойрог”

-Хүннү загварын нум үйлдвэрийн маань төдийгүй Монголын брэнд болсон-

Хүссэн зүйлээ хийгээд хөгшчүүлийнхээ санааг амрааж сэтгэл тэнүүн ажиллаж, амьдарч байгаа гэр бүл Монголд тийм олон таарахгүй л болов уу. Тэдний нэг Сэлэнгэ аймгийн Шаамар сумын Дулаанхаан тосгоны нум урлаач С.Болдбаатарынх. Түүний аав Ж.Сүхбаатар гуай улсын мэргэн хүн. Удам дамжсан харваачийн найм дахь үе нь хүү С.Болдбаатарынх. Гэрийн эзэн ажлаар түр гарсан хэдий ч эзэгтэй Баярмаа мэддэг, чаддаг зүйлээ хэлж, нум сум урлах ажлын зовлон, жаргалаа уудлан ярьсан юм. Залууст монголын өв соёлын нэгээхэн хэсгийг уламжлан үлдээж, түгээн дэлгэрүүлдэг Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай бэрийнхээ ачаар өөрийн хүслээ гүйцээж, шинэ зуунд олон хүнд монгол сурын харвааг таниулах, сурталчлахаар нум сум урлах ажлаа хүүдээ өвлүүлэн сэтгэл амрах болжээ. Тийм ч амар ажил биш учраас хэн дуртай нь “За бид хийчихэе” гэдэггүй аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Ж.Сүхбаатар гуайн бэр М.Баярмаа яаж яваад нум урлаач болчихов?

-Манай хадмынх найман хүүхэдтэй. Бүгд харвадаг боловч манай хүн л энэ урлах ажлыг өвлөж үлдсэн. Манай нөхөр аавтайгаа илүү ойр байсан юм болов уу. Хадам аав маань улсын наадамд харваж олныг цэнгүүлдэг улсын мэргэн, насаараа дарга явлаа. Бугантад хамгийн сүүлд намын даргаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан даа. Ингээд л завтай болсон тул анхны хувийн аж ахуйг бий болгож “Эвэр нум” нөхөрлөлийг 1995 онд Дулаанхаан тосгонд байгуулсан. Аав маань харвахаас биш нас дээр гарчихаад нум урлаад суух хэцүү шүү дээ. Тиймээс манай нөхрийг энэ ажлаа өвлөн авч үргэлжүүлээч гэсэн. Ганц хүн хийх ажил биш учраас нэг л мэдэхэд гэр бүлээрээ урлаач болчихсон.

bayarmaa22

-Ингэхэд нум урлаач маань ямар мэргэжлийн хүн билээ?

-Манай хүн ОХУ-д техникийн чиглэлээр суралцаж төгссөн боловч мэргэжлээрээ нэг ч удаа ажиллаагүй. Аавын хүслээр нум урласаар байгаад таарсан. Энэ урланг босгох, ажлаа жигдрүүлэх гэж бид гэр бүлээрээ бүхий л ажлаа орхиод зүтгэлээ. Оролцохгүй хүн гэж үгүй.  Анх ажил эхлүүлж байхад тун хэцүү байсан даа. Янз бүрийн шалтгаанаар нум эвдэрнэ. 2005 оноос хойш харин манай үйлдвэрлэсэн нумны талаар ярих зүйлгүй болсон.

-Ямар учир байна вэ. Ажил нь гарт нь орсон хэрэг үү?

-Харваачдын 60 хувь нь манайхаас нум, сумаа авдаг. Хүүхдийн харваачдын 70 орчим нь манайхаар үйлчлүүлдэг. Дээхэн үед дандаа хөгшчүүл нум урладаг, голдуу гар аргаар хийдэг байлаа. Үйлдвэр гэж байдаггүй байв. Бид үүнийг хөгжүүлж хүмүүсийг сургаж авч ажиллуулдаг болсон. Нөгөө талаар энэ хэцүү эрдмийг хойч үедээ өвлүүлж, уламжлуулан үлдээж байгаа нэг бодлого яваад байна. Манайд одоогоор гэрээгээр дөрвөн хүн ажилладаг. Айлуудаар бас бодын шөрмөс нүдэж, урах, сунгаж, татуулж хийлгэнэ. Манай ажлыг хийлцдэг 12 мужаан айл бий. Би уг нь эм зүйч л дээ. Энэ ажлаасаа болоод одоо зурдаг, сийлдэг, ширээр элдэв чимэглэл, гэр оёдог, шиддэг болсон. Хөдөөгийн энэ буйд газарт хэнийг гуйгаад туслаач гэж явахав дээ. Муухай, маажгий, жаажгий хийсээр байгаад л сүүлдээ туршлагажаад сурсан шүү. Хүүхдүүд маань хөвчийг нь орооно гэх мэтээр том, багагүй хөдөлмөрлөнө дөө.

-Нэг нум урлахад хэдий хэрийн хугацаа орох бол. Ажил ярих юмгүй сонин бөгөөд ихтэй юм шиг санагдлаа?

-Нэг нум үйлдвэрээс гарахад зургаан сараас нэг жил болдог. Дан гар ажиллагаатай, их олон жижиг хэсгээс бүтдэг, хулс мод, үхэр, янгирын эвэр, бод малын шөрмөс зэрэг түүхий эд ордог.Эд анги бүрийг зэрэгцүүлэн хийж болдог.  Өмнө нь нумыг гаднынхан сонирхдог байлаа. Одоо монгол, гадаадгүй сонирхон харвадаг, хобби болгож байгаа хүмүүс ч байна. Манайх ямар ч сурталчилгаа хийдэггүй. Гэсэн хэдий ч гаднын жуулчид манайхыг олчихсон үзье, харья гэсээр ирдэг. Жуулчид үүргэвчээ үүрч, машин, мотоциклоо унаад л газрын зураг барин хөгшин, залуугүй ирнэ шүү. Үүнээс үүдэн Сэлэнгэдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхсэн гэж боддог болсон. Манайд европчууд их ирдэг. Оросууд огт ирдэггүй байсан. Саяхан Оросоос 15 хүн ирж урланг маань үзээд, гайхаж байгаад л явцгаасан.  Өвөрмонголчууд сүүлийн хоёр жилд нэлээн ирдэг болсон.

-Хатуу, зөөлөн нум гээд ангилаад байх шиг ээ?

-Тийм шүү. Их бие, корпусаа холбохоос тэр нь хамаардаг. Дараа нь шөрмөсүүдээ 1-3 үеэр тавина. Нум зөөлөн, хатуу болохоос шалтгаалаад 3-аас дээш үеэр ч тавьж болно. Саадаг татах хүний гарын бяраас шалтгаалж хатуу юмуу эсвэл зөөлөн нумыг сонгож авдаг. Эр, эм нум гэж ялгаа байхгүй, харин том хүнийх, хүүхдийнх гэж ангилдаг.

-Аймгууд 1000 морин хуур, 1000 шатарчин гэх мэтээр өөр өөрийн онцлогийг харуулахаар үйл ажиллагаа явуулах болсон. Танай аймгийн хувьд анхны нумын үйлдвэртэй болсны хувьд хэр дэмждэг юм бэ?

-Өнгөрсөн дөрвөн жилд Сэлэнгэ аймгийн Засаг дарга С.Бүрэнбат ихээхэн анхаарч мөрийн хөтөлбөртөө “нум, сум хөтөлбөр”-ийг багтаасан. Сэлэнгэд харваач хүүхдүүдийг бэлдэхээр сургууль бүрийг 3 ширхэг нумтай болгосон. Сум бүрт нум сумын клубтэй болчихсон чинь хүүхдүүд сонирхоод асуугаад байдаг болчихлоо. Бид нум, сумандаа жилийн баталгаа өгчихдөг. Шаардлагатай бол очиж сургалт явуулна. Аймгаа ямартай ч сурын харваатай болгож мэргэн харваачдаараа алдаршуулах санаатай. Олон ч ажлыг төр засгийн хэмжээнд оролцон хийлцсэний хувьд холыг зорьж байгаа.

Түүхээс харахад монголчууд маань нум, сумын хүчээр л дэлхийг буулган авч байлаа шүү дээ. Манжийн үед хүчээр, бодлогоор нум, сумыг байхгүй болгож байсан түүх бий. Нэгэн цагт дэлхийг эзэлж явсан эзний үр сад бид эрийн гурван наадмаа хөгжүүлэх ёстой. Айл бүрт бэлэгдэл гэдэг утгаараа нум байж яагаад болохгүй гэж. Н.Багабанди Ерөнхийлөгчийн үед айл бүрт хууртай байх зарлиг гаргуулахаар манай аав ярьж, хэлж явж байлаа. Ажил хэрэг болсон. Төрийн ордондоо 2 метр орчим хэмжээтэй хамгийн том нумыг манайх урлаж өгсөн. Тэрнээс гадна Батлан хамгаалах яамны хар сүлдний нумыг нөхөр маань урлаж өгсөн. Нэг нум 4-5 сумтай. Дандаа булцуутайг хийнэ. Тэгэхгүй бол зэвсгийн чанартай болчихно. Нум нэг янз боловч харваа нь дотроо буриад, урианхай гэх мэтээр төрөлждөг. Сүүлийн хоёр жил урдаас нум ихээр оруулж ирдэг болчихож. Гэвч монгол наадамд эвэр нумаар харвах тусгай журамтай. Тиймээс урдаас оруулж ирж байгаа нум, сумыг сургалтын зориулалтаар оруулж ирдэг гэцгээх юм билээ.

bayarmaa3

-Түүхий эдээ хаанаас бэлтэгдэг вэ?

-Манайх нумынхаа их биеийг хулс модоор хийдэг. Хулсны нөгөө талд үхрийн эвэр наадаг. Үүний өмнө нь эвэр хөрөөдөх, халаах, тэгшлэх гээд ажил их. Эвэр хэт элэгдсэн байж таарахгүй. Нөгөө талдаа бод малын урсан шөрмөсөө нааж өгдөг. Энэ ажлыг дор хаяж хоёр хүн хийнэ. Сумандаа тас эсвэл бүргэдийн өд хийдэг. Баруун аймгийнхан маань манай түүхий эдээс бас бэлдэлцдэг юм. Харваачид маань эврээ нийлүүлнэ. Нум хэрэглэл авах гэж байгаа хүмүүс ч гэсэн хэрэгтэй түүхий эд барьж ирээд сонирхсон зүйлээрээ солино. Манайх урдаас ганцхан хулс модоо авдаг. Дотоодоосоо хулс бэлдэхээр гичир, бариулын хэсгийг хийхээс цаашилдаггүй учраас тэр. Манай нум сум, уян харимхай, эрч, хүчтэй байдаг. Үүний нууц нь амьтай, байгалийн гаралтай эдээр хүний гараар урладагт л байдаг юм.

-Удам дамжсан болохоор танай хүүхдүүд сур харвана биз дээ ?

-Манай хоёр харвадаг ч сүрхий тэмцээн, уралдаан гэж явахгүй.  Бага маань жаахан юм бий. Манай нөхрийн ах, дүүгийн харваач 30 гаруй хүүхэд бий. Ер нь заавал улсын мэргэн болох гэж, элдэв нэр хүнд, цол авах гэж заавал сур харвадаг юм биш. Хүүхдийн хараа тогтож, мэдрэмж хөгжинө. Бие бялдар тэгш сайхан болно. Эр зоригтой, шийдэмгий, тэвчээртэй болно. Гар, хөлөө ч зөндөө авна, олон юм болж байж сурна шүү. Нум хэрэгслээ хийсээр байгаад манайхан сүүлийн үед харвах завгүй болсон шүү. Манай нум сүүлийн үед хүннү загвартай болсон. Олдворын загвар л даа.

-Олдворын загвар гэхээр дуурайж хийсэн гэсэн үг үү. Тэр нь ямар учиртай юм бэ?

-Манай түүхчид эртний олдвороос Чингис хааны үеийн нум олчихоод түүнийг бахдаж л дээ. Олон хүн дуудаж, урлаачдыг уриад нум хийлгүүлсэн юм. Манай нөхрийн хийсэн нумыг илүү дөхүү болж гэж таашаасан. Тиймээс манай хүннү загварын нум үйлдвэрийн маань төдийгүй Монголын маань брэнд болсон. Модон гичир /нумны үзүүр хэсгийг хэлнэ/дээр тэр чигээр нь ясан гичир хийгээд дээр нь сийлбэр хийнэ. Нумны урд хэсгийг элэг тал гэдэг. Залуучуудад хандаж хэлэхэд энэ уяатай хэсгийг хөвч гэдэг юм. /инээв/Ер нь нум сум гэхээс цааш нумыг хүмүүс тэр бүр сайн мэддэггүй юм билээ. Нум хийдгийг нь хоромсог, сумны гэрийг саадаг гэдэг гээд хэлчихэд болно биз дээ.

-Болно. Хэдийд урлах ажлаа амжуулдаг вэ?

-Сэрүүний улиралд голдуу нум урлах ажлаа амжуулж, дулааны улиралд борлуулалтаа хийнэ. Дараа жилийнхээ ажлын санхүүгийн эх үүсвэрээ энэ үеэр л олдог. Бид өөрөө өөрсдийгөө санхүүжүүлдэг. Элдэв зээл, тусламж, төсөл авч байгаагүй. Тийм боломж байдаггүй байхаа. Бор зүрхээрээ л явж ирлээ хэмээн бидний яриа өндөрлөж байтал гэрийн эзэн С.Болдбаатар гаднаас орж ирлээ. Тэднийх хөгшчүүлийнхээ ухааныг өвлөж, өв соёлоо дээдэлдэг эрхэмсэг айл болох нь бэрийн ярианаас анзаарагдлаа.

М.Баярмаа 1991 онд Анагаахын дунд сургууль төгсөөд сувилагч болж, 2000 онд АУИС-д Эмийн удирдлагаар суралцан эм зүйч мэргэжилтэй болсон. Хажуугаар нь Удирдлагын академийг дүүргэн мэргэжлээ бататгахаар “Энх дулаан” нэртэй аж ахуйн нэгж үүсгэн эмийн сан нээж үзсэн.  Эрдэм, ажлыг зэрэгцээ нумаа урласаар л . “Адра” олон улсын байгууллагын төслийг тосгондоо хариуцан ажиллаад сүүлдээ Сэлэнгийн 16 суманд энэ төслөө хэрэгжүүлж их юм болсон. 2012 он хүртэл иргэдийг нэгтгэн хоршоо болгох ажлыг хийж сүүлдээ нум урлах ажил хаягдаад  түүний үглэлт багасаад ирэхийн цагт хамаг ажлаа хойш тавин жинхэн сэтгэлтэй урлаач болжээ. Эмэгтэй хүн ер нь нарийн чимхлүүр ажил, зохион байгуулалтад сайн  учраас түүний орон зай урланд нь үгүйлэгдэж байсан биз ээ.

Тиймээс өнөөдөр зураач, сийлбэрчин, оёдолчин гэх мэтээр нумын үйлдвэрийн ихэнх ажлаа нугалж суугаа байх. Бас болоогүй хажуугаар Дулаанхаан тосгоныхоо МАН-ын үүрийн даргын ажлыг хүлээн авч завгүй болжээ.

“Ж.Эрдэнэбат /одоогийн Ерөнхий сайд/ дарга надад итгэж энэ ажлыг аваач гэсэн болохоор би намынхаа ажлыг өнгөрсөн оны 11 дүгээр сард хүлээн авч идэвхтэйгээр хийж байгаа” хэмээн ярих түүний өнгөнөөс гав шав, ямар ч ажлыг амжуулж сэтгэл дутаахгүйгээр хийчихмээр зоримог бүсгүй шиг санагдлаа.

  Д.Мягмар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх