Т.Даваасүрэн агсны гэргий Д.Амаржаргал : Тэнгэрт байгаа ханийн минь хүсэл одоо л биеллээ олж байгаа

2016 оны 11-р сарын 15 өдөр, 14 цаг 22 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
-Сайн байна уу? таньд энэ өдрийн мэнд хүргэе. Өөрийгөө бидэнд товчхон танилцуулаач.
-Сайн байна уу?Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Намайг Доржбатын Амаржаргал гэдэг. Би “сайн аав” хэмээн олны хүндлэл болсон жирийн нэг таксины жолооч болох Т.Даваасүрэн агсаны гэргий байна.
-Та хэд маань сайн уу, хүүхдүүд чинь том болж байна уу?
    -Бид сайн байгаа. Одоо 4 нь энэ жил дунд сургуульд сурч байна. Бага маань цэцэрлэгт явж байна. Би ажлаа хийгээд л амьдралд цаг алдахгүй л гүйж байна даа.
-Танайх байрандаа орсон уу?
  -Удахгүй 11 сардаа багтан орно. “Стандарт проперти” ХХК хамт олонтой байнгын холбоотой байгаа. .
-Уучлаарай талийгаачийн тухай хэдэн асуулт асууж болох уу?
   -Болно болно.
Бидний хүндэлж хайрлаж явсан “сайн аав” маань юуны учир гэнэт хорвоог орхисон талаар ярьж өгнө үү?
    -Хань минь урьд нь автомашины осолд орж байсан юм. Бусдын буруугаас болж тухайн үед өвчин нь илрээгүй байж байгаад жилийн өмнөөс гэнэт бөөр нь эрс муудаж, даралт нь огцом ихсэх болсон.
Түүнээс хойш эмнэлгээр байнга явж маш олон газарт эмчилгээ хийлгэж,  онош тодруулахаар явсан. Тэр хооронд бүхий л төрлийн эмийг байнга ууж байлаа. Хоёр ч удаа харвалтын бага зэргийн реякци өгч байсан. Яг онош нь тодроод байж байтал даралт нь огцом ихсэж харвалт өгсөн. Эмнэлэгт яаралтай очиж оношлуулахад нэгэнт оройтсон байсан. Хоёр цагийн дотор бүх биеийн үйл ажиллагаа зогссон.
Би болон манай хүүхдүүд бүгд шоконд орж,  хүүхдүүдээ салах ёс хий гэж  би хэлсэн юм. Эмчийн үгэнд итгэлгүй дахин босоод ирнээ гэж өөрсдийгөө хуурч байлаа. Хорвоо хатуу болохоор ханийг минь аваад явсан даа. Түүнээс хойш хүүхдүүд минь одоог хүртэл ороод ирэх юм шиг санаж хааяа чимээ чагнаж байдаг даа.
-Бидний мэддэггүй таны ханийн тухай сайхан зүйлийг ярьж өгөөч?
   -Хань минь гэрийн минь дэндүү том орон зайг эзэлж байсан. Багаасаа мөрөөдөж байсан туйлын хүслээ хүртэл бидний төлөө зориулж гэр бүлд аав гэдэг хүний үүрэг ямар их байдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж чадсан тийм л эр хүн.
-Мөрөөдөл нь юу байсан юм бэ? Нууц биш бол?
Хань минь жүжигчин найруулагчийн чиглэлээр сурч байгаад төлбөрийн асуудлаас мөн гэр бүлтэй болж айлын амьдрал авч явах болсон болохоор сургуулиа орхиж ажилд орсон. Туйлын мөрөөдөл нь кино юмуу жүжгийн гол дүрд тоглоод өөрийгөө сорих юмсан гэдэг байсан. Охиныгоо өөрийнхөө хүрч чадаагүй тэр л өндөрлөгт хүргэж сайн жүжигчин болгохыг байнга ярьж мөрөөддөг байлаа. Харин одоо л тэр мөрөөдөл нь биелж байна.
-Түүнийгээ жаахан тодруулаач?
  -Тиймээ. Би ханийнхаа тухай түүний мөрөөдлийн тухай кино хиймээр санагдсан. Тэгээд бүүр шийдээд эрэл хайгуул хийж эхэлж зөндөө хүмүүстэй уулзаж явсаны эцэст залуу найруулагч С.Бүжинтэй уулзсан. Тэр маш сайхнаар хүлээж авч зохиолоо өөрөө бичиж хоёр сар гаруй хоёулаа зүтгэсний эцэст “Good dad” МУСК-г хийх сайн уран бүтээлчдийн багийг бүрдүүлж чадсан. Одоо зураг авалт явагдаж байгаа. Би зохион байгуулалтанд нь явж байгаа. Мөн охин минь гол дүрд нь тоглож байгаа болохоор ханийн минь мөрөөдөл биелж байна.
 -Маш сайхан мэдээ байна. Хэр баргийн жирийн хүн ханийнхаа тухай кино хийлгэж чадахгүй болов уу. Таны өмнөөс баяртай байна.
  -Тиймээ уран бүтээлчид маань бүгд сэтгэл зүрхнээсээ өдөр шөнөгүй хамаг хүчээ шавхан маш сайн ажиллаж байгаа. Хамтран оролцох биднийг дэмжих байгууллагуудад ч одоо ч нээлттэй байгаа шүү гэдгийг хэлэхэд таатай байна.
Маш сайн туршлагатай уран бүтээлчид сэтгэл зүрхнээсээ ажиллаж байгаа болохоор сайн бүтээл төрнө гэдэгт би итгэлтэй байгаа.
   -Их ажлын хажуугаар бидэнд цаг зав гаргасан таньд баярлалаа. Уран бүтээлд нь маш их амжилт хүсье. Гэр бүлд тань аз жаргал эрүүл энхийг хүсье.
   -Баярлалаа та бүхэндээ

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх