Сурагчдыг шинжлэх ухааны ертөнцөөр аялуулна

2016 оны 11-р сарын 15 өдөр, 15 цаг 53 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Монгол улсад “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-ийг жил бүрийн 11 дүгээр сарын сүүлийн долоо хоногт тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү өдрийг угтан Монгол улсын Шинжлэх ухааны Академиас санаачлан Нийслэлийн Боловсролын Газартай хамтран “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэн, “Сансар од эрхэсийн ордон”-той танилцах аялалыг 11 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулахаар боллоо.
Тус аялалд нийслэлийн ерөнхий боловсролын 35, 58, 79, 87 дугаар дунд сургууль болон Сонсголын бэрхшээлтэй хүүхдийн 29 дүгээр тусгай сургуулийн нийт 200 орчим сурагчид хамрагдах бөгөөд хуваарийн дагуу 11 дүгээр сарын 16-ны өдрийн 10.00 цагт Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Астропарк”, 13.00 цагт Хүннү малл дахь “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнгээр зочлох юм. Мөн энэ үеэр ШУА-иас эрхлэн гаргадаг ном, хэвлэлээс үнэ төлбөргүй тараах юм.

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэн 2015 оны 6 дугаар сараас эхлэн Хүннү малл худалдааны төвд “Монголын үлэг гүрвэлийн гайхамшиг” үзэсгэлэнг олон нийтэд үзүүлж байгаа билээ. Тус үзэсгэлэнд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн сүүлийн 50 гаруй жилийн хайгуул, малтлага, судалгаа шинжилгээний ажлын үр дүнд бий болгосон үлэг гүрвэлийн ховор олдвор цуглуулгыг олон нийтэд дэлгэн үзүүлдэг аж.
Харин ШУА-ийн Одон орон, геофизикийн хүрээлэнгийн “Сансар од эрхэсийн ордон” нь 2014 оны 6 дугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд хүрэлцэн ирсэн хүүхэд багачууд маань “Сансар танхим”-аар зочилж, од эрхэсийн тухай хялбаршуулсан танин мэдэхүйн богино хэмжээний 3D киног үзэж сонирхон, тусгай зориулалтын проектороор шөнийн тэнгэрийн оддыг харах боломжтой юм.

Ингэснээр хүүхэд багачууд маань шинжлэх ухааны шинэ мэдлэгээр оюунаа цэнэглэж, танин мэдэж, цаашлаад шинжлэх ухаанч, оюунлаг иргэн болон төлөвшихөд нөлөөлөх юм.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх